Б.ТУУЛ
Жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд "Хавдрын эсрэг дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил энэхүү өдрийг угтан Хавдар судлалын үндэсний төвийнхөн мэдлэг туршлага солилцох сургалт семинар, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан арга хэмжээ зэргийг зохион байгуулж байна. Тухайлбал, Монголын хавдрын интервеншнал радиологи судлалын нийгэмлэгээс "Liver No-touch RFA and DEB-TACE and DEBIRI embolization" сэдэвт дөрвөн өдрийн онол практикийн хурлыг амжилттай зохион байгууллаа.
Уг хуралд БНСУ-ын Сөүлийн их сургуулийн профессор, Солонгосын радиологийн нийгэмлэгийн тэргүүн Жон Мин Ли болон Тайвань улсын Цэргийн эмнэлэгийн профессор Чиен Ан Лиу нар урилгаар оролцлоо.
Монгол Улсад анх удаа хийгдэж буй шинэ технологийн талаар лекц болон лайв мэс ажилбарыг шууд гардан үйлдлээр хийж дамжуулсан нь энэ хурлын онцлог байсан юм. Ангиографийн тасгийн хамт олон элэгний эрт үеийн хавдрын ангиографын эмчилгээнд Монгол Улсад шинээр нэвтрүүлж буй 2 шинэ технологийг энэхүү сургалтад танилцуулсан нь оролцогчдын сонирхолыг ихээхэн татлаа.
Тодруулбал, элэгний эрт үеийн хавдарт хүрэхгүйгээр хатгалт хийж түлэх эмчилгээ (Octopus), Элэгний хавдрын бөглөх эмчилгээний үед хэрэглэгддэг сүүлийн үеийн бөглөгч хэрэгсэл (Tandem) орчин үеийн шинэ технологиуд нь хавдрын ангиографын тусламж үйлчилгээний хөгжлийг шинэ түвшинд гаргаж байгаа юм байна.
Эх сурвалж: www.zms.mn