Б.АЛТАНГЭРЭЛ

Ногоон автобусны худалдан авалттай холбоотой ажлыг шалгах АН-аас ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өчигдөр мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга "Ажлын хэсэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байгуулагдсан. Энэ хугацаанд эрх бүхий албан тушаалтнаас хамаарал бүхий мэдээлэл баримт бичгийг авах гэсэн боловч мөнгөн завшсан эсэхтэй холбоотой асуудлын талаарх бичиг баримтыг өгөхгүй байсан. Иймд УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг авч хянан шалгах хороо байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барьсан. Гэтэл энэ хүсэлтээс хойш 50 хоног өнгөрлөө. Өнөөдөр Д.Сумъяабазар гэх хүнийг огт хулгай хийгээгүй мэт болгож, сонсгол нэртэй жүжигчилсэн тоглолт хийх гэж байна. АТГ дээр 25 албан тушаалтан ногоон автобусны техникийн үзүүлэлт зөрсөн гэх асуудлаар шалгагдаж байгаа. Гэтэл үүгээр иргэдийг төөрөгдүүлж, хулгайн томоохон шалгалт хийж байгаа мэт ойлгуулж байгаа нь эх барьж буй намын хийж байгаа "хуулийн хулгай" юм.
Ажлын хэсгийн гишүүн Л.Ганхөлөг "Ногоон автобусыг 318 тэрбум төгрөгөөр худалдан авахад хууль бус олон хулгай явсан байна. АТГ-д шалгагдаж байгаа 25 хүний дотор тухайн үед хотын дарга байсан Д.Сумъяабазар байхгүй, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нь ч алга. Дундаас доош түвшний мэргэжилтнүүд л шалгагдаж байгаа. Ингээд иргэдийн бухимдлыг багасгахын тулд худлаа ярьж эхэлсэн. УИХ-ын гишүүдийн 4/1-ээс доошгүй гишүүд хяналт шалгалтын түр хороо байгуулах эсэхийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын хэлэлцэх асуудлыг дарааллыг харгалзахгүйгээр нэн даруй хэлэлцэж түр хороог байгуулна гэж хуулиндаа заасан байдаг. Энэ хуулийг УИХ-ын дарга Г.Занданшатар зөрчсөн. Иймд Үндсэн хуулийг зөрчсөн асуудлаар Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өгнө" гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn