Б.АЛТАНГЭРЭЛ

Их ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулан бүтээсэн “Тэнгэрийн хутагт бүжгэн жүжиг” энэ сарын 31-нээс ирэх сарын 4 хүртэл "Корпорейт" зочид буудлын концертын танхимд болно.

Өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд буюу Дорноговь аймгийн наадмын нээлтэд зориулан олны хүртээл болсон уг бүтээлийг Улаанбаатар хотын үзэгчдэд толилуулахаар болсон аж.

Энэ талаар тус жүжгийн хөгжмийн зохиолч МУГЗ Ш.Өлзийбаяр "Догшин хутагт Данзанравжаагийн намтарчилсан түүхийг бүжгэн жүжгээр дамжуулан олонд хүргэж байна. Нийт 80 уран бүтээлч уг жүжигт оролцож буй. 

Данзанравжаа хутагт бол их соён гэгээрүүлэгч төдийгүй нэртэй яруу найрагч, чадварлаг хөгжмийн зохиолч гэдгээрээ алдартай. Тиймээс энэ бүжгэн жүжигт түүний бүтээсэн "Үлэмжийн чанар", "Хурмаст Тэнгэр", "Өвгөн шувуу" гэх мэт бүтээлийг нь оруулсан.

Цомнолыг нь МУГЗ Л.Эрдэнэбат бичиж ерөнхий бүжиг дэглээчээр Х.Хашхүү ажилласан. Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, СУИС-ын оюутнууд, циркийн уран бүтээлчид оролцсон гэдгээрээ онцлог.

Бүжгэн жүжиг ойролцоогоор 120-130 минут үргэлжилнэ. Нийт 21 бүжгийн зохиолтой. Зөвхөн бүжиг төдийгүй циркийн элемент болон балетын хэсгүүд багтсан шинэ төрлийн шинэлэг бүжгэн жүжиг болж буй. Мөн орчин үеийн тайзны шинэлэг технологиудыг ашигласан. Тодруулбал тайзан дээрээс бороо оруулах, усан оргилуур зэрэг шинэлэг шийдлээр үзэгчдэд бэлэг барина" гэв. 

МУГЗ Л.Эрдэнэбат “Дорноговийн залуус нутгаа гэсэн сэтгэлээр нэгдэн Говийн тодотголтой догшин ноён V дүрийн Данзанравжаа хутагтын түүх, их соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үед таниулах зорилго эрмэлзлээр “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжиг тайзнаа тавигдаж байгаа юм. XIX зууны үеийн Буддын ухааны гүн сэтгэгч, их соён гэгээрүүлэгч нь яруу найраг, хөгжим, баримал сийлбэр, уран зургийн билэг танхай авьяасаараа мянга гаруй бүтээл туурвиснаас “Саран хөхөө” жүжгийн зохиол, “Үлэмжийн чанар” дуут шүлэг, “Хамрын хийд” болоод “Галбын гурван хийд” танин мэдэхүйн байгууламж нь хүн төрөлхтний оюуны охь болж, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч хүн төрөлхтний соёлын биет өв болгон ЮНЕСКО-д хадгалагддаг.

Эх сурвалж: www.polit.mn