ЛХАМСҮРЭНГИЙН ЧИМИДДОРЖ

/1938-2024/

Монгол Улсын гавъяат жүжигчин, Хүүхэлдэйн урлагийн хаан хэмээн үзэгч түмний хүндлэл хүлээсэн эрхэм хүн Лхамсүрэнгийн Чимиддорж нь 2024 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр таалал төгсөж, бидэнд хүнд уй гашуу тохиолоо. 

Лхамсүрэнгийн Чимиддорж нь 1938 оны зул сард Түшээт Хан аймгийн нутаг буюу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт төрсөн. Бага насандаа эцэг Ц.Лхамсүрэн, эх Д.Авхай, дүү Л.Батаахүү нарын хамт Төв аймгийн Сэргэлэн сумын Шархайн хөндийд ирж суурьшжээ.

Тэрбээр 1954 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургуулийн долдугаар анги төгсөөд Театр урлагийн дунд сургуульд элсэн суралцаж, 1957 онд жүжигчний мэргэжлээр төгсчээ. 

Л.Чимиддорж нь Улсын хүүхэлдэйн театрт 1957-1991 он хүртэл жүжигчин, 1991-1993 онд найруулагч, 1993-1995 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин ажилласан бөгөөд 1995-1996 онд Алтан унага хүүхэлдэйн театрыг үүсгэн байгуулсан байна. Улмаар 1996-1998 онд Соёлын сайдын тушаалаар Улсын Хүүхэлдэйн Театрын дарга, уран сайхны удирдагчаар, 1998 оноос насан эцэстлээ "Алтан унага синтез" театрын захиралаар ажиллаж ирсэн билээ. 

Л.Чимиддорж нь Улсын хүүхэлдэйн театрт орсноосоо эхлэн Н.Надмидын “Адуучин хүү” жүжгийн ханхүү, Е.Траховскаягийн “Цурхай загасны тушаалаар” жүжгийн Емеля хүү, С.Обрацовын “Их Иван” жүжгийн Иван, Н.Норовын “Үл мэдэх хөлөглөсөн нь” жүжгийн яруу найрагч Цэцэгхэн, Воймол Рабаданы “Бяцхан дагина” жүжгийн Гормон, Г.Янушевскийн “Петр бамбар” жүжгийн Петр, Хо. Нацагдоржийн “Сарьсан багваахай” жүжиг, Ч.Тунгалагийн “Муур багш”, Р.Качановын “Чебурашка”, Ц.Содномдоржийн “Маргад эрдэнэ”, Н.Гернетийн “Маугли”, "Алладины шидэт дэнлүү”, ЛЛифшицийн “Арманагийн нууц”, А.Чойсонгийн “Ногоон дар эх” жүжигт гурван дүр гэх мэт 100 гаруй хүүхэлдэйн жүжгийн гол дүрүүдийг бүтээсэн билээ. 

Тэрбээр, найруулагчаар ажиллаж байх хугацаандаа А.Чойсонгийн “Алтан гургалдай” жүжиг, Д.Оюунбадрахын “Хунгийн домог”, Ж.Дашдондогийн “Бяруун толгой вааранд” зэрэг 10 гаруй жүжгийг найруулан үзэгчдийн хүртээл болгожээ. Түүний урын сан зөвхөн хүүхдэд зориулсан бүтээлээр хязгаарлагдахгүй бөгөөд концертын гоцлол номеруудыг үзэгчдэдээ хүргэж байсан билээ. Мөн “Хөгжимчин ботго хоёр” /1961/, “Дуучин Нарийнжав“ /1967/, “Тогосмаа хүүхэн” /1971/, ”Хоёр мэлхий” утсан хүүхэлдэй, “Цунцгар хүү”, ”Хавайн бүжигчин”, “Банхар Занхар хоёр” зэрэг орчин үеийн тайзны эстрад хошин шилдэг үзүүлбэрүүдээр урын сангаа байнга баяжуулж иржээ. Л.Чимиддорж нь шинийг эрэлхийлж явдаг уранбүтээлч, бүтээлээрээ хэдэн үеийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд тухайн үеийн цаг, онцлогоор хоногшин үлдсэн мастер байлаа. 

Тэрбээр МҮОНТВ-ын цаг үеийн баярын хөтөлбөрүүдэд болон С.Михалковын “Бардам туулай” теле жүжгийн Бардам туулайгаас эхлээд "Сэрэлт", "Шийдвэрлэх алхам", "Газар шороо минузээ", "Зугтаарай", "Цасан охин" зэрэг кинонд тоглож, дэлгэцнээ мөнхөрсөн жүжигчин билээ. 

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чимиддорж нь АНУ-ын Сан Франциско хотод хүүхдийн “Алтанхараацай” хамтлаг байгуулж, анхныхаа тоглолтыг амжилттай зохион байгуулсан нь Монголын соёл урлагийн түүхэнд тэмдэглэх үйл явдлуудын нэг билээ.  

Л.Чимиддоржийн хөдөлмөр бүтээлийг төр, засгаас үнэлж, 1968 онд Соёлын тэргүүний ажилтан, 1978 онд Алтангадас одон, 1981 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1988 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус тус шагнажээ. 

Насан туршдаа хүүхдийн гэрэлт ертөнцийн нэгээхэн хэсэг болж, тэдэнд зориулж бүтээж туурвиж ирсэн энэ эрхэм хүмүүн Боловсролын тэргүүний ажилтан, "Залуу үеийг халамжлан" хүмүүжүүлэгч байлаа. 

Л.Чимиддорж нь олон хүүхэдтэй өнөр бүлийн аав, гэр бүлийнхээ төлөө хэзээ ч бууж өгч байгаагүй бөгөөд үг, үйл бүхэн тунгалаг бадрангуй, дандаа гэгээлэг амьдарсан билээ. 

Сайхан хань, сайн аав, өвөө байхын дууриал байсан таныхаа мэргэжлийн ур чадвар, өөрийгөө хөгжүүлж байдаг тэмүүлэл, шинийг эрэлхийлэгч цаг үеийн мэдрэмж, театр-үзэгч-тайзаа дээдэлдэг үзэл баримтлал дор мөргөмүй. "Хүүхэлдэйн Чимиддорж"гэж ард түмэндээ хүндлэгдсэн танаараа бид бахархаж явах болно.

Та минь Монгол нутагтаа, үр хүүхэд, элгэн садандаа эргэн төрөөрэй.

“Алтан унага” синтез театр

Хань, хүүхдүүд, ач зээ, төрөл төрөгсөд нь