Хүний амьдралд тохиох элдэв сонин зүйлийг алийг тэр гэхэв. Гэхдээ энэ эрхэм хүний амттай ярианаас би татгалзаж чадалгүй хөр цас, хүйтэн агаарыг үл ажран зорин очиж ярилцсан юм. Ярилцсан хором мөч бүр нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгасан учраас ийнхүү өөрт нь үлдсэн тэр дурсамжийг тэрлэлээ.
Хорвоогийн наран доор 80 намрыг үзэж, өлмий толгой хоёрынхоо хооронд заяасан алдхан биедээ ухааны их чадвар, хөдөлмөрийн үнэ цэнийг цогцлоосон хүн гэвэл “Ар гүнтийн рашаан” хоршооны дарга Г.Даваа гуайг хэлэх болов уу.
Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэгчлэн Г.Даваа гуай 1962 онд 8 дугаар ангиа төгссөн жилээ Говь -Алтай аймгийн усны аж ахуйн контороос ажлын гараагаа эхэлсэн. Түүний ажилд орсон түүх хүртэл ихэд сонихон. Худаг ус гаргана гэдэг хүн, малд их буянтай ажил юм шиг санагдаж, сониучирхан тухайн үеийн Говь-Алтай аймгийн усны аж ахуйн конторын ажилчидтай зуны амралтаараа Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин гэх сумдаар ажиллаж, худаг ус гарган зуныг өнгөрөөсөн боловч, 9 сарын 1 болоход гэрээс нь ирж авахгүй байсаар 11 сарын нүүрийг үзсэн байна. Ингээд л Г. Даваа гуай сурагчийн ширээнээс ажилтан болох нь тэр.
Ингээд 1964 онд өрмийн мастераар сурч төгсөөд Говь-Алтай аймгийн хамгийн анхны өрмийн мастер болж, түүнээс хойш дахин суралцаад инженер болж энэ салбарт 30 жил тасралтгүй ажилласан байна. Ингээд 1988 оны хавар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын сум нэгдлийн даргаар томилогдон очлоо. “Хүн ер нь жил ирэх тусам насны эрх, амьдралын жамаар хийж чадахгүй зүйл гэж үгүй юм байна лээ. Усны инженер сум нэгдлийн дарга болоодохсон доо” гэж Г.Даваа гуай яриагаа үргэлжлүүллээ.
Г.Даваа гуай өөрөө Говь-Алтай аймгийн уугуул хүн. Баруун аймгийн хүн зүүн аймаг руу томилолт өвөртлөх нь тэр. Түүний хуучилснаар бол “Миний өмнө нь өрмийн инженер байхдаа хамгийн их ойрхон ажиллаж танилцсан хүмүүс Оросууд. Орос ах нартайгаа эргэн холбоо тогтоож сум нэгдлийнхээ малын өвс тэжээлийг бэлтгэх техник тоног төхөөрөмж, усалгааны систем бий болгох ажлыг хийж, засах, нэмж авчрах гээд мөн ч их ажил өрнөж билээ. Манай сум чинь 17 баг, 4,5 мянган хавтгай дөрвөлжин метр газар нутагтай, сумын төвөөсөө 180 км зайтай. Бүх л малчдаа өвөлд өнтэй золгуулж, хадлан тэжээлээ ахиу авч, бүх л малаа мэнд оруулах нь хамгийн чухал шүү дээ. Ээ дээ нөгөө талаас бас бодоход бидний хайрлан хүндэлдэг Шилийн богд уул, ард түмний бишрэлт хайрхан Алтан дарийн овоо, элсэн манхан хөвөөлсөн Ганга, Дуут холбоо гээд байгалийн үзэмж төгс нутагт 4 жил тасралтгүй ажиллаж, ажиллах хугацаандаа үнэлэгдэж байсан даа би бахархдаг. Миний ажиллаж байсан нутгийн минь ард тал шигээ уудам сэтгэлтэй хүмүүс байсан даа” гэсэн юм.
Ингээд 1991 онд Ардчилсан хувьсгал гараад холын аймгууд руу хувиараа тээвэр хийж 5 жил болоод, 1996 оноос мах комбинатад 5 жил гражийн даргаас эхлээд ерөнхий инженер хүртэл 5 жил ажилласан. Хувиараа тээвэр хийх хугацаандаа одоогийн ажил амьдрал нь буцалж байгаа Ар гүнт нутагт үхрийн фермтэй болсон байна. Ингээд л 2001 оноос тасралтгүй дангаараа эрчимжсэн мал аж ахуйн ферм рүүгээ ханцуй шамлан орсон байна.
Г.Даваа гуай өдгөө 80 настай. Гэргийнхээ хамтаар өөрийн үхрийн эрчимжсэн аж ахуйг авч явахын сацуу сүү бэлтгэлийн “Ар гүнтийн рашаан” хоршооны даргаар ажилладаг. Өрхийн орлого багатай, өрх толгойлсон ээж аавуудыг нэгтгэсэн 15 өрхийг хоршоо байгуулсан гэх энэ хүнээр бахархмаар. Бага сүү бэлтгэн нийлүүлдэг айлууд өрхийн орлоготой болох хэцүү, харин Г.Даваа гуай “Сүү бэлтгэлийн хоршоо байгуулаад энэ хүмүүс бага гэлтгүй өндөр үнэр сүүгээ нийлүүлээд эхлэхээр амьдрал ахуйд нь хүртэл их нэмэр болсонд баяртай байна. Наанадаж хамт олон болоод нэгнийхээ ажилд хамтарч хоршин хийгээд өгөх нь бас бахархалтай харагдах юм. Дээр нь сүү бол идээний дээж, бүхний дээд шүү дээ. Тиймээс цагаан сүүний ажил хийх шиг сайхан зүйл юу байхав ээ” гэсэн юм. Г.Даваа гуайн бас баярлаж, хүндэлж явдаг зүйлийн нэг нь сүүний үйлдвэр гэнэ. Анх үхрийн эрчимжсэн фермтэй болсон цагаас эхлэн сүүг нь авч, одоо энэ хоршоогоо нээхэд нь тус дэм болсон гэнэ. Г.Даваа гуай хоршоогоо нээж, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш энэ 2 жилийн хугацаанд нийт 800 мянган литр сүү бэлтгэн нийлүүлсэн байна.
“Одоо ч миний нас болоогүй байна. Хийж бүтээх зүйл их ээ. Энд миний мэдлийн багахан тариалангийн газар бий. Одоо ч газар олголт хэцүү. Энэ зунаас хоршооныхонтойгоо нийлж ногоон тэжээл тариална. Худгаа ч гаргасан байгаа” гэх Г.Даваа гуайгаас хөдөлмөрийн амт үнэр үнэртэх шиг. Г.Даваа гуай хоршооныхоо залууст ийнхүү хэлдэг байна.
“Амьдралын урт зам яг л бидний машинаар давхидаг замтай ижилхэн. Заримдаа дардан, заримдаа энхэл донхол бартаа ихтэй. Өгсөнө, уруудна, дээшилнэ, доошилно, өчнөөн төчнөөн даваа нугачааг давна. Бартаа ихтэй замыг хэрхэн туулж, зорьсон газраа зоволгүй хүрэх нь чиний л ухамсар ухаан. Ийм л ухааныг хорвоо өөрөө туулдаг. Харин та бүхний хийж байгаа ажил, сүү бэлтгэлийн ажил чинь өмнөх зам харгуйг чинь сүүн сэтгэлээр гэрэлтүүлэх учраас хичээгээрэй” гэж захидаг хэмээнэ.
Бидний ярилцаж, танилцсан Г.Даваа гуай дахин хэлэхэд 80 настай ч түүний ухааны ур, амьдралын төлөө хийх хөдөлмөр нь ид насны 20 настай залуу шиг л байлаа. Дарга гэж хамраа сөхсөнгүй, мал малласан гэж өнгө гундаагүй түүний цаашдын амьдрал үргэлж гэрэл гэгээ цацруулан, өөдөө дээшээ байх болтугай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 19 (7263)