Баатарын НЯМСҮРЭН
Хүн бүр энэ орчлонд өөрийн хувь тавилантайгаа ирдэг. Зарим нь зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг бол энэ насаа бусдын төлөө зориулдаг эрхэм хүмүүсийг багш гэдэг билээ. Хүний бяцхан үрсийг сурган хүмүүжүүлж, шавь нараа хараад бахархаж, өмнөөс нь баярлах сайхан сэтгэл гагцхүү багш хүнд байдаг биз ээ. Тэгвэл “Зууны мэдээ” сонин энэ сайхан мэргэжлийг гурван үеэрээ эзэмшиж, эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдийг эрдмийн харгуйгаар хөтлөн алхаж, оргилд нь хүргээд өөрөө ард нь чимээгүй үлддэг нэгэн удмын гурван багшийг “Удмын бахархал” буландаа онцолж байна. Тэд бол монгол хэл, уран зохиол, орос хэлний багш Ц.Бадам, түүний охин профессор Ц.Оюунцэцэг, Ц.Оюунцэцэгийн охин АНУ-ын Миссури мужийн их сургуулийн багш Н.Болорчимэг нар юм. Багш удмаараа бахархаж яваа гурав дахь үеийн төлөөлөл Н.Болорчимэгтэй өвөө, ээж, өөрийнх нь талаар болоод тэдний багш мэргэжлээр гоёсон баялаг түүхийнх нь тухай ярилцсанаа сийрүүлэн хүргэе.
Багш өвөөгийн тухай дурсамж
-Нийтлэлийн эхний үеийн төлөөлөл Ц.Бадам нь 1924 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн гол хэмээх газар мэндэлжээ. Тэрбээр бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 10 насандаа Цагаан-Үүр сумын бага сургуульд суралцсан аж. Ингээд 1941-1942 онд Улаанбаатар хотын Багшийн сургуульд суралцаж төгссөн, сумынхаа анхны багш нарын нэг. Сургууль төгсөөд 1942 оноос ажлын гараагаа төрсөн нутгаасаа эхлүүлж, багшлахын хажуугаар Соёл гэгээрлийн хэлтсийн байцаагчийн албыг давхар хашиж эхэлжээ. Нутгийхандаа хүндлэгдсэн Ц.Бадам нь 1945 онд нутгийн бүсгүй А.Чагцалтай гэр бүл болж, гал голомтоо бадраажээ. Тэд өөрсдийн үргэлжлэл болсон долоон хүүхдийг төрүүлж өсгөсөн байна. Ц.Бадам багшийн зарчим нь цаг ямагт өөрийгөө хөгжүүлэх. Тиймээс ч 1946 оноос Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин улсад цэргийн сургуульд хоёр жил суралцжээ. Цаг хугацааны хувьд дайны дараах хүнд жилүүд байсан учир тус сургуулийн суралцагчдыг эх оронд нь эргүүлэн татсан байна. Ийнхүү Ц.Бадам нутагтаа ирснийхээ дараа Намын дээд сургуулийн курст суралцаж, намын ажилтны албыг хашив. Тэрээр амьдралын олон салаа замтай учирсан ч багшийн мэргэжлээ орхисонгүй. 1970 онд Хөвсгөл аймгийн Ханх сумын бага сургуульд захирлаар томилогджээ. Захирал гээд багшийн ажлаа орхисонгүй. Ажиллахын зэрэгцээ 5-8 дугаар ангийнханд монгол хэл, уран зохиол, орос хэлний хичээл зааж, олон аавын охид хөвгүүдийн гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн гавьяатай нэгэн юм. Түүний хувьд хичээлээ заахдаа хүүхдүүдэд амархан ойлгогдохоор энгийн мөртлөө бүтээлч байдлаар заадаг байсан тухай шавь нар нь дурсдаг байна. Тухайлбал, орос хэлний хичээл дээр шинэ үг үзэхдээ гэрээсээ тухайн эд зүйлийг нь авч ирж бодитоор харуулдаг байжээ. Ийнхүү тэрбээр сургуульдаа 14 жил багшлаад 1984 онд гавьяаны амралтдаа суусан байна. Ц.Бадам багш хувийн сахилга бат сайтай, цэвэрч нямбай хүн байсан ба энэ л эрхэм чанараараа үр хүүхдүүддээ үлгэр дуурайлал болж явсан тухай зээ охин Н.Болорчимэг нь ярьж байв. Мөн үр хүүхдүүддээ цагийг зөв ашиглахыг захиж, шулуун шударга, ямар ч үед нэг зангаараа байхыг үлгэрлэсэн байна. Түүний энэхүү буянтай үйлсийг үр хүүхдүүд нь өдгөө үргэлжлүүлж явна. Сурган хүмүүжүүлэх авьяас, үйлс нь удам дамжин өвлөгдсөн нь энэ буй за.
Аавынхаа мэргэжлийг үргэлжлүүлсэн ачлалт охин
Ямар ч цаг үед хүүхдүүд эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөх нь цөөнгүй. Үүний нэг жишээ нь Б.Оюунцэцэг билээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Хатгал хотод 1959 онд айлын тав дахь охин болж мэндэлжээ. Аав нь бага байхад нь шатар тоглохыг заасан нь түүнд багагүй нөлөөлжээ. Б.Оюунцэцэгт улс, аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнүүдэд амжилттай оролцдог байсан тухай түүний охин Н.Болорчимэг ярьж байлаа. Б.Оюунцэцэг нь Ханх сумын найман жилийн дунд сургуулийг дүүргэж, Мөрөнгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд суралцаж, 1977 онд аравдугаар ангиа “Онц суралцсаны төлөө” хэмээх алтан медальтай төгсжээ. Ингээд эрдэм өвөртлөх их хүсэлд хөтлөгдөж ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуй дээд сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр 1981 онд дүүргэсэн байна. Сургуулиа төгсөж ирээд нэг жилийн хугацаанд Ардын боловсролын яамны санхүүгийн хэлтэст мэргэжилтнээр ажиллажээ. Энэ хугацаанд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд ажиллах завшаан тохиосноор түүнийг нягтлан бодогчоос илүү багш болохсон гэх хүсэл ээрэх болсон гэдэг. 1993 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд англи, солонгос хэлтэй эдийн засгийн шинэ анги нээгдэхэд Б.Оюунцэцэг ажлынхаа хажуугаар нягтлан бодох бүртгэлийн хичээлийн цагийн багшаар ажиллах болж, хүслээ биелүүлжээ. Хичээл зааж, оюутнуудтай ажиллах нь түүнд таалагдсан аж. Ингээд 1998 онд хүсэлт гарган 16 жил ажиллаж ерөнхий нягтлан бодогчийн ажлаа өгч орон тооны багш болов. Тэрбээр багшлахын хажуугаар судалгааны ажилд шамдаж, 2005 онд Боловсролын салбарын нягтлан бодох бүртгэлийг боловсронгуй болгох чиглэлийг судалж, боловсруулсан санаануудаа шинжлэх ухааны түвшинд дүгнэн илэрхийлж докторын зэрэг хамгаалсан байна. Түүний амьдралын хань Ц.Нанзад уул уурхайн инженер мэргэжилтэй, Шинжлэх ухааны гавьяат ажилтан академич хүн бий. Хүндэт профессор болтлоо насаараа ШУТИС-д багшилсан тэрбээр өдгөө гавьяаны амралтаа авчээ. Б.Оюунцэцэг багш хань Ц.Нанзадыгаа эрдмийн оргилд нь хүргэхэд ар гэрээ анхаарч үр хүүхдээ өсгөж хувь нэмрээ оруулсандаа бахархалтай байдгаа ярив.
Гэр бүлийн хоёр эзэмшсэн мэргэжил, судалгааны ажлынхаа хажуугаар гурван хүүхдийг өсгөж хүмүүжүүлжээ. Аав ээжийнхээ ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан хүүхдүүд нь эрт биеэ дааж, тусад орсон гэнэ.
Б.Оюунцэцэг багшийн амьдралынх нь гол утга учрын нэг нь түмний хүүхдүүдэд өөрийн сурч мэдсэн эрдмээ өвлүүлэх. Тиймээс шавь нартаа зориулж “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Санхүүгийн бүртгэл” хичээлийн сурах бичгийг бэлтгэн хэвлүүлсэн нь салбарын багш нарын хамгийн эрэлт ихтэй эх сурвалжууд болсон гэдэг. Онол, жишээ, дасгал, хариуг нь агуулсан учраас оюутнуудын сонирхлыг татаж, мэдлэгийг дээшлүүлэх, жишээ дасгалаар батлах, бие дааж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн бүтээл гэдгээрээ онцлог юм байна. Учир нь нягтлан бодох бүртгэлийн багш нар оюутнууддаа заавал унших ном болгон санал болгодог уламжлал тогтжээ. Мөн нягтлан бодох бүртгэлийн сургалтыг сайжруулах арга санаануудаа тусгасан багш нарт зориулсан гарын авлагыг ч бэлтгэн гаргасан гэнэ. Түүний энэхүү хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн шилдэг багш, 2012 онд Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн оны “Шилдэг судлаач багш” өргөмжлөл хүртээжээ. Б.Оюунцэцэг багшийн хувьд шавь нартаа онол арга зүйг заахаас гадна эрдэмтэн хүний хувьд тэднийг эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйд хөтлөн оруулах хэрэгцээ шаардлага нэмэгджээ. Энэ хүрээнд 215 шавийнхаа магистрын судалгааны ажил, зургаан шавийнхаа докторын судалгааны ажилд эрдэм шинжилгээний удирдагчаар амжилттай ажиллаж хамгаалуулсан тухай охин Н.Болорчимэг ярьж байв. Б.Оюунцэцэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээрээ 2007 онд дэд профессор, 2009 онд профессор цолыг хамгаалжээ.
Өдгөө түүний шавь нар салбартаа манлайлж явна. Б.Оюунцэцэг багш 2014 он хүртэл Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилж олон санхүүч, нягтланг бэлтгэсээр гавьяаны амралтдаа суув. Гэсэн ч гэртээ суухыг чухалчилсангүй. Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд Нягтлан бодох бүртгэлийн профессорын багийн ахлагчаар ажилласаар байна. Сурч мэдэхийн төлөө ажил амьдралаа хослуулж яваа аав, ээжийгээ хараад охин нь цаг ямагт бахархах, хайрлах мэдрэмж төрдөг гэж байв.
“Мэргэжлийнхээ сайхныг өөрөө хичээл зааж байж мэдэрсэн”
Өвөө, ээжийнхээ мэргэжлийг өвлөн багш мэргэжилд дурлаж, өдгөө АНУ-ын Миссури мужийн их сургуульд багшилж байгаа Н.Болорчимэгтэй ярилцлаа.
-Хүн бүр багадаа ямар хүн болохоо мөрөөдөж төсөөлдөг шүү дээ. Та ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв?
-Би бага байхдаа багш болохыг мөрөөдөж байгаагүй. Мэс заслын эмч болохыг хүсдэг байлаа. Ахлах сургуулиа төгсөх үедээ Японд тус улсын засгийн газрын тэтгэлэгтэй суралцах боломжийн талаар сонссон юм. Тэр үед хүмүүс ихэвчлэн нийгмийн ухааны чиглэлээр суралцахаар явж байсан. Японд Нагояагийн их сургуульд эдийн засгийн мэргэжлээр сураад Монголдоо ирсэн. Дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд бизнесийн удирдлага чиглэлээр магистрт суралцсан. Төгсөөд удаагүй байтал ШУТИС-ийн Геологи газрын тосны сургуульд эдийн засгийн багшаар ажиллах ажлын байр зарлахад шалгалт өгч, тэнцсэн. Багшаар ажиллаж эхэлснийхээ дараа багшлах эрхийн сургалтад хамрагдаж сертификаттай болсон доо.
-Одоо АНУ-д мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?
-Одоо АНУ-ын Миссури мужийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи-геофизикийн тэнхимд пост-докторын судлаачаар ажиллаж байна. Үүнийхээ хажуугаар хичээл зааж, мөн судалгааны төслүүд дээр ажиллаж байгаа.
-Монголтой харьцуулахад Япон болон АНУ-ын суралцах орчин, боловсролын систем ямар ялгаатай вэ?
-Боловсролын системийн хувьд бараг ялгаагүй. Монголын их сургуулиуд ч олон улсын жишгээр урагшилж байна. АНУ, Япон улсын хувьд өндөр хөгжилтэй орон гэдгээрээ суралцах орчин нь Монголын их дээд сургуулиудыг бодвол давуу тал олонтой. Тухайлбал, анги танхимын хүрэлцээ, орчин үеийн техник технологи, сургалт судалгааны орчин болон лабораторийн тоног төхөөрөмж, мөн суралцах эх үүсвэр нь илүү нээлттэй хүртээмжтэй. Харин багш нарын заах арга барилын хувьд нэг их ялгаа байхгүй. Бүгд л адилхан судалгаа хийж, сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр хичээлээ баяжуулаад явдаг.
Харин шинэлэг судалгааны үр дүнг олж уншихад Монголд жаахан хүндрэлтэй. Энд бол ямар ч өгүүллийг татаад унших нь нээлттэй. Харин Монголд тухайн өгүүлэл нь цахим орчинд нээлттэй тавигдаагүй бол тэр бүр олж уншиж чаддаггүй. Гэхдээ Монгол багш нар маань гадаад дотоодын хүмүүстэй хамтарч компаниуд, олон улсын санхүүжилттэй төслүүд олоод сургалтын орчныг сайжруулах, лаборатори байгуулах зэрэг ажлуудыг тасралтгүй өрнүүлдэг нь сайшаалтай.
-Багш хүн тасралтгүй суралцдаг гэдэг. Та энэ хугацаанд мэргэжлээ хэрхэн дээшлүүлсэн бэ?
-Анх эдийн засгийн мэргэжлээр суралцсан ч таалагдаагүй. Ингээд ШУТИС-д ажиллах үед ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль бүр эдийн засгийн багштай байв. Би энэ орон тоон дээр орж ажилласан. Одоо бол бүтцийн өөрчлөлтөөр эдийн засгийн багш нар нь нэг дор төвлөрсөн. Бүтцийн өөрчлөлт болохоос өмнө үндсэн эдийн засгийн суурь хичээл заахаас гадна дээд дамжааны оюутнуудад геологи, эрэл хайгуулын эдийн засаг болон эрдсийн эдийн засаг чиглэлийн хичээл орох шаардлагатай болсон. Улмаар геологи, эрэл хайгуулын талын мэдлэгтэй байвал энэ чиглэлийн хичээлүүдийг заахад илүү дөхөм байдаг. Тиймээс багшлахын хажуугаар давхар ашигт малтмалын эрэл хайгуул мэргэжлээр магистрт суралцаж, геологич болох гараагаа эхлүүлсэн. Магистрын сургалтаа дуусгасны дараа АНУ-ын Иллиноис мужийн Өмнөд Иллиноисын их сургуульд Геологич мэргэжлээр Фүлбраитын тэтгэлэгтэйгээр дахин суралцах боломж олдож, эргэлт буцалтгүй геологийн мэргэжил рүү мэргэшсэн. Суруулиа төгсөөд эх орондоо ирээд Геологийн сургуульдаа үргэлжлүүлэн мэргэжлийн суурь хичээлүүдээс зааж эхэлсэн. Дараа нь Миссури мужийн Шинжлэх ухаан технологийн их сургуульд докторт суралцах боломж олдож, ашигт малтмалын ордын гарал үүслийн чиглэлээр судалгаа хийж докторын зэргээ хамгаалсан. Төгссөнийхөө дараа Монголдоо очиж ШУТИС-даа ажилласан. Ингээд хэсэг хугацааны дараа АНУ-д төгссөн сургуульдаа буцаад пост-доктор судлаач болоод ажиллаж байна.
-Та удмынхаа гурав дахь үеийн багш. Мэргэжлийнхээ үнэ цэнийг хэрхэн ойлгодог вэ?
-Боловсролын салбар бол улс орны хөгжилд маш чухал үүрэгтэй. Чанартай сайн боловсон хүчин бэлтгэхэд багш хүний хувь нэмэр их. Тэр утгаараа асар хариуцлагатай ажил гэж боддог. Мөн хувь хүнийхээ хувьд хүртээмжтэй, хөгжиж суралцах боломжтой учир үнэ цэнтэй болов уу.
-Таны аав, ээж багш хүмүүс. Тэд танд хэрхэн зөвлөж, зааж чиглүүлдэг вэ?
-Олон талын зөвлөгөө өгдөг. Ялангуяа зааж байгаа хичээлээ өөрийн болгоод хэрхэн оюутнуудад хүртээмжтэй байхаар заах тухай их зөвлөнө. Багшлахаас өмнө мэргэжлийнхээ талаар сайн ойлголтгүй байсан талтай. Хийж үзэхээс өмнө мэдэхгүй, мэдрэгдэхгүй мөртлөө ажиллаад явахад мэддэг мэдрэгддэг зүйл байна. Би багш мэргэжлийн сайхныг өөрөө хичээл зааж байж л мэдэрсэн. Багш хүн өөрийгөө шинэ мэдээ мэдээллээр тасралтгүй цэнэглэж байж үрдүн нь харагддаггэж боддог. Өнөөдөр дэлхий дахинд геологийн салбарт олон шинэлэг судалгааны үр дүнгүүд нийтлэгдэж байгаа. Үүнийг цаг алдалгүй сурч байх нь чухал. Ингэж чадвал оюутнууддаа шинэлэг зүйлсийг заана.
-Өвөө, аав ээжтэйгээ өнгөрүүлсэн онцгой дурсамжуудаасаа хуваалцаач?
-Өвөөгийн тухай нутгийн хүмүүсээс сонсох нь олон. Тэд “Их хүндлэл хүлээсэн багш байсан” хэмээн ярихыг сонсоход таатай санагддаг. Харин ээжээр хичээл заалгаж байсан найз нөхөд болон таних танихгүй хүмүүсээс ээжийнхээ талаар, түүний заасан хичээл нь их ойлгомжтой байсан талаар сонсоход бахархалтай байдаг шүү. Ээж минь олон жил нягтлан бодогчоор ажилласан туршлагатай учраас оюутнуудад хүртээмжтэй мэдлэг олгодог байсан болов уу. Ээжийгээ жишээлээд харахад хүүхдүүдэд хичээл заахад өөрөө үйлдвэрлэл дээр ажилласан туршлагатай байх нь чухал санагдсан. Миний хувьд багшлахтай холбоотой зөвлөгөөнүүдийг ээжээс сонсож, зөвлөгөө авах нь цөөнгүй.
-Мэргэжил бүхэн сайхан. Та ямар үед мэргэжлээрээ бахархдаг вэ?
-Оюутнууд амжилт гаргахад сайхан. Тэд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, албан тушаал ахиад явж байгааг харах үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрүүлдэг. Ямар ч ажил мэргэжлийг шамдаад хийхэд урамтай. Багш мэргэжилд давуу тал олон бий. Багшлахын тулд их зүйлийг уншиж судалж харьцуулж үзэх шаардлага тулгардаг. Мөн цаг ямагт өөрийгөө шинэ мэдээллээр шинэчилж байх нь давуу тал. Тэгснээр оюутнуудад шинэ мэдээлэл, мэдлэгийг түгээх боломжтой болно.
-Танд цаашид хийхээр бодож төлөвлөсөн зорилго их байгаа болов уу?
-Хичээл заахын хажуугаар мэргэжлийнхээ дагуу судалгаа хийх сонирхолтой. Монголын геологийн тогтоц ерөнхийдөө сул судлагдсан гэж боддог. Судалгааг ганцаараа хийнэ гэж байхгүй. Хамтарч ажиллах судлаачдаас гадна судалгаа хийх сонирхолтой, судалгаа хийж сурах хүсэлтэй оюутнуудтай гол төлөв хамтарч ажилладаг. Тиймээс оюутнуудтайгаа хамтран судалгаа хийж бүгдэд хүртээлтэй болгох хүсэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 19 (7263)