АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдардаг монголчууд “Монгол Өв Соёлын Төв” ашгийн бус байгууллага үүсгэн байгуулжээ. Ингэхдээ хилийн чанад дахь монголчуудын дундаас анх удаа өөрсдийн хүч хөрөнгө, сэтгэл зүрхээ нэгтгэн соёлын төвийн байртай болохоор ажиллаж байгаа аж. Энэхүү ажлын зорилго, чиглэл, явцыг талаар тодруулахаар “Монгол Өв Соёлын Төв” ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн У.Зоригтбаатартай ярилцлаа.   

 -Сайн байна уу. Та юуны өмнө яагаад Чикаго хотод соёлын төв байгуулах санаачилга гаргасан талаараа товч танилцуулахгүй юу.

-Сайн байна уу. Чикаго орчмын монголчууд одоогоор хилийн чанадад хамгийн олноор нэг хотод  төвлөрсөн монгол коммюнити болж байна. БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын тоотой харьцуулахад бага хэдий ч нэг хотод төвлөрсөн гэдэг утгаараа томд тооцогдох болов уу. Чикаго орчимд 15 мянга гаруй, АНУ-ын төвийн бүсэд нийтдээ 20 орчим мянган монголчууд байна гэсэн албан бус тоо байдаг. Тиймээс энэ олон монголчуудын оюуны болон соёлын хэрэгцээ тэр чинээгээр их байна гэсэн үг.

Чикаго орчимд монгол коммюнити рүүгээ чиглэж үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй ашгийн бус байгууллага байдгийн зэрэгцээ монгол хэл, үндэсний хөгжим, бүжиг, спортын сургалт явуулдаг сургалтын төв, хувь хүмүүс олон байдаг. Эдгээр чиглэлийн сургалтын ажиллагааг явуулах болон Чикаго орчмын монголчуудын дунд, АНУ дахь монголчуудын дунд, Монгол Улсаас ирэх урлаг, спортын баг, хамтлаг, уран бүтээлчидтэй хамтран урлаг, спортын тэмцээн, тоглолт, арга хэмжээ зохиох бүрд байр түрээсэлдэг. Ийм бодит хэрэгцээ, шаардлага мэдрэгдэж байсан тул бид монголчууд хамтраад өөрийн гэсэн төвтэй болчихвол үйл ажиллагааны хүрээ далайц тэлэх, илүү олон хүн хамруулах, хамгийн гол нь арга хэмжээнүүдээ урьдчилан төлөвлөж илүү үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдэх юм гэж үзээд санаачилга гаргасан юм. Өөрийн гэсэн байртай болох оролдлогыг Чикаго орчмын монголчууд өмнө нь ч хийж байсан, бид ийм санаачилга гаргасан анхны хүмүүс биш л дээ.

-Та бүхэн ийм санаачилга дахин гаргаж байна гэхээр өмнөх оролдлогууд амжилтад хүрээгүй юм байна гэж ойлголоо. Энэ удаагийн оролдлого бүтнэ гэсэн баталгаа бий юу, та бүхний ажил юугаараа онцлог байгаа вэ?  

-Өмнөх оролдлогуудыг хийсэн хүмүүсийн санаа, зорилго нь зөв байсан. Бас л миний дээр дурдсан шалтгаануудын улмаас монголчууд тогтмол цугладаг, арга хэмжээгээ хийдэг байртай болох юм сан гэсэн тэмүүлэл дээр суурилж байсан.

Энэ удаагийн манай багийн санаачилга хэрэгжих баталгаа, үндэслэл илүү байгаа. Бид өмнөх хүмүүсийн туршлага дээр дүгнэлт хийж энэ удаа амжилтад хүрэхүйц байдлаар ажлаа төлөвлөсөн. Тухайлбал, энэ удаагийн баг илүү зохион байгуулалттай. Төслийн баг, Удирдах зөвлөлийг байгуулж, олон нийтэд зарласан. Удирдах зөвлөлд зөвхөн үүсгэн байгуулагчид орох биш олон нийтийн төлөө ажиллах чин сэтгэл, эрмэлзэлтэй бусад хүмүүсийг татан оруулах үүднээс Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах урилгыг нээлттэй зарлаж бүрдүүлсэн. Удирдах зөвлөлд төлөөллөө оруулж хамтран ажиллах саналыг Чикаго орчимд үйл ажиллагаа явуулж буй бүх ашгийн бус байгууллагад тавьсан. Учир нь хамтаар эзэмших үл хөдлөх хөрөнгөтэй болсноор зөвхөн “Монгол Өв Соёлын Төв” биш бусад бүх ашгийн бус байгууллага, хувь хүмүүс үйл ажиллагаа явуулах таатай нөхцөл бүрдэх юм.May be an image of 3 people and text

Олон нийтийн төлөө ажиллах ашгийн бус байгууллага бөгөөд монгол коммюнити хамтран эзэмших, ашиглах үл хөдлөх хөрөнгөтэй болохыг зорьж буй тул үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх зарчмыг баримталж байгаа. “Монгол Өв Соёлын Төв”-ийн вэб сайт, пэйж хуудсыг тогтмол ажиллуулж, бүх мэдээллийг олон нийтэд өгч байна. Байгууллагын үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журмыг ил тод зарласан, хамгийн гол нь хандивын үйл явц шилэн, ил тод байгаа. Хэдий хэмжээний хандив цуглараад байна, хэн, ямар байгууллага хандивыг ямар хэлбэрээр өгснийг вэб сайтаас харах боломжтой. Цаашид үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа АНУ-ын хууль, тогтоомжийн дагуу тайлагнаж явна.

Энэ удаагийн санаачилгыг Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газраас идэвхтэй дэмжиж байгаа нь санаачилгыг гаргасан хүмүүст төдийгүй олон нийтэд илүү итгэл түрүүлж байгаа.

“Монгол Өв Соёлын Төв”-ийн байрыг хамтран худалдан авч чадсанаар монголчууд том зорилгын төлөө нэгдэж чаддаг гэдгийг батлан харуулах бөгөөд үүний ач холбогдол нь нэг байр худалдан авах асуудлаас илүү өргөн агуулгатай гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Бидний хэрэгжүүлж буй төслийн талаар бусад хот, улсад байгаа монголчууд ч сонирхож, биднээс мэдээлэл авах нь нэмэгдэж байгааг дурдмаар байна.

-“Монгол Өв Соёлын Төв”-ийн барилгыг хэр хэмжээний өртгөөр худалдаж авна гэж төлөвлөж байна вэ?

-Бидний хэсэг залуучууд 2022 оны наймдугаар сараас эхлэн Чикагод ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад үндэстний соёлын төвүүдийн талаар судалгаа хийж, байр, үйл ажиллагаатай нь танилцаж, мэдээлэл цуглуулан цаашид монгол коммюнити өөрийн гэсэн байртай болох нь чухал гэдэг шийдвэрт хүрч, улмаар үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрээс монгол реалторуудаараа дамжуулан манай коммюнитигийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байруудыг судалж эхэлсэн. Ингээд 20 гаруй байрыг үзэж судлаж байгаад  гэрээ байгуулан өмчлөлдөө авахаар төлөвлөж байгаа энэхүү байран дээр  тогтсон.  Худалдагч талтай маш сайн нөхцөлтэйгээр гэрээ байгуулахаар тохирсон нь төслийн багийн бас нэг амжилт гэж харж байгаа.

Энэ байр нь монголчуудын олноор амьдардаг хотуудтай ойр дөт, авто зогсоол олон, нэгж талбайн үнэ хямд гээд олон талын давуу талтай.  Нийт 21000 sqft талбайтай 4 давхар байрыг 1.150.000 ам.доллараар 3 байгууллага хамтран худалдан авахаар төлөвлөж буйгаас “Монгол Өв Соёлын Төв” 1, 2 дугаар давхар болон  өөрт оногдох бэйсмэнтийг оруулаад 7500 гаруй sqft талбайтай одоогоор 16 өрөө байрыг 429.500 ам. доллараар худалдан авахаар төлөвлөж байгаа. Авсны дараагаар зарим өрөөг нийлүүлж 150 гаруй хүнтэй эвент хийх боломжтой заал байгуулна. Тэгэхээр манай монгол коммюнити-гийн дийлэнхи арга хэмжээг хийчих боломжтой байр гэсэн үг.

-Багийн спортын тэмцээн хийх боломж байхгүй байх юм байна тийм үү?

-Байр судлах явцад спорт заалтай байх төсөөлөл байсан ч зах зээл дээр судлах явцад спорт заалтай гэвэл байрны үнэ нь мэдэгдэхүйц үнэтэй болохоор байсан. Тиймээс эхний ээлжинд энэ байраа аваад, үр дүнтэй ашиглаад эхэлбэл монголчууд хамтран ажиллаж чаддаг гэсэн итгэл нь гүнзгийрээд яваандаа илүү өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах  байр авах нөхцөл бүрдэх болов уу гэж бодож байна.

-Энэхүү байрыг хандиваар авахаар төлөвлөж байгаа гэлээ, хандивын явц байдал ямар байгаа бол?

-Хандивын явцыг байгууллагын албан ёсны вэб сайт https://mongolianheritagecenter.org/ -аар нээлттэй, ил тод мэдээлж байгаа. Одоогийн байдлаар цугласан хандив 110 мянган ам.доллар даваад байна. Хандивын аянд зөвхөн Чикагод төдийгүй Монгол, бусад улс, хотуудад амьдарч буй монголчууд маань нэгдэж, хувь нэмрээ оруулж буйг тэмдэглэхийг хүсэж байна. Монгол үндэстнийхээ нэр төрийг илүү өндөрт өргөх, өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгыг дэмжин хоёргүй сэтгэлээр хамтран ажиллаж байгаа нийт хандивлагч, хамтран ажиллагч нартаа  энэ завшааныг ашиглан чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мэдээж Чикагод амьдарч буй монголчууд маань хандивын дийлэнх хувийг өгч байгаа, цаашид ч өгнө гэдэгт итгэлтэй байна. Чикагод бизнесээ эхлээд удаагүй байгаа Б.Буман-Эрдэнэ гэдэг залуу хандив өргөж 100 мянгын буюу буман ам.долларын босгыг давууллаа.  Мөнгөн хандиваас  гадна үйл ажиллагаа, эд зүйлсээр хандив өгч буй болон байртай болсны дараагаар засвар, тохижилтод дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн хувь хүн, аж ахуйн нэгж цөөнгүй байгаа. Эдгээр дэмжиж туслаж буй иргэдийг ч алдаршуулан вэб сайт дээрээ байршуулж байгаа.         

https://mongolianheritagecenter.org/khandivlagchid/

-Хандивын аяны талаар иргэдэд эргэлзэх, тээнэглзэх зүйл гарч байна уу, та бүхэн иргэдийн эргэлзээг тайлах мэдээллийг өгч байгаа биз дээ?

-Төвийн вэб сайтад холбогдох бүх мэдээлэл ил тод байгаа. Үүний зэрэгцээ бид иргэд, байгууллагуудын зүгээс асуусан асуулт, тодруулгад нээлттэй байдлаар хариулт өгч ирсэн. Зарим хүн хандиваар худалдан авах үл хөдлөх хөрөнгө үүсгэн байгуулсан цөөн хэдэн хүний, эсвэл хамтран худалдан авч буй аж ахуйн нэгжүүдийн өмч болох вий гэж, хандив урьдын адил замхраад алга болох вий гэж эргэлзэж буй тал ажиглагдаж байна. Тиймээс бид дараах мэдээллийг өгч байгаа.

Төвийн Дүрмийн 5.1.1-д “Төвийн үл хөдлөх хөрөнгийн эцсийн өмчлөгч нь “Монгол Өв Соёлын Төв” байх бөгөөд аливаа хувь хүн, хуулийн этгээд хувь эзэмшихгүй, захиран зарцуулахгүй” гэж тусгасан.  Тийм учраас энэ байр нь Чикаго дахь монголчуудын, хандивлагчдын нийтийн өмч болох юм.

Үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтыг монгол эзэнтэй хоёр компанитай хамтран “Mонгол Өв Соёлын Төв” тэргүүлсэн Mongolian Heritage Center Holding Inc. гэсэн хуулийн этгээд буюу итгэлцэл үүсгэн хийж байгаа.  Гэрээг эцэслэн байгуулсны дараа өмчийн гэрчилгээг шилжүүлэх процесс явагдана. Өмчийн  гэрчилгээг салгасны дараагаар давхар бүрийн өмчлөгчийн нэр дээр, тодорхой хэлбэл “Mонгол Өв Соёлын Төв”-ийн нэр дээр 1, 2 дугаар давхарын өмчлөлийн гэрчилгээ гарах юм. Тиймээс бусад давхрыг өмчлөх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа “Mонгол Өв Соёлын Төв”-ийн өмч хөрөнгөд нөлөөлөхгүй. Хамтран худалдан авалт хийж буй хоёр компанитай хэрэв эдгээр компани цаашид өөрсдийн өмчлөлийн давхаруудаа худалдах тохиолдолд нэн тэргүүнд “Mонгол Өв Соёлын Төв”-д санал болгох, дараа нь монгол эзэдтэй бусад компани, хувь хүмүүст санал болгохоор тохиролцсон.

Төв нь үйл ажиллагааны болон хандивын гэсэн хоёр данстай. Иргэдээс өгч буй хандив зөвхөн хандивын дансанд хуримтлагдана, зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдан авахад л зарцуулагдана. Зарцуулалт, хяналтыг зохицуулах талаар Төвийн Удирдах зөвлөлийн  01 дүгээр тогтоол гарсан. Удирдах зөвлөлийн гишүүд хяналт тавиад явна.  Мөн хандив өгсөн хувь хүн, байгууллагуудын мэдээлэл вэб сайт дээр тавигдаж байгаагаас гадна и-мэйл хаягаар нь батламж (statement) очиж байгаа. Ийм ил тод, нээлттэй байдлаар явцаа мэдээлж байгаа тул хандив алга болно гэж эргэлзэхгүй байж болно.

-Дэлхийн томоохон хотуудын нэгэнд “Монгол Өв Соёлын Төв” хэмээх хаягтай байр бий болно гэдэг чинь зөвхөн Чикаго дахь монголчуудын хувьд биш нийт монгол үндэстний бахархал болох юм даа. Тийм ч учраас Чикаго дахь Консулын газраар дамжуулан Монгол Улсын төр, засгаас дэмжиж байгаа болов уу. Манай үе үеийн засгийн газрууд хилийн чанад дахь монголчууд хэл, өв соёлоо хадгалж, өвлүүлэхийг дэмжих бодлого баримталж, тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг шүү дээ.  Төр, засгийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлж байгаа юу?

-Тус ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчид анх санаачилга гаргахдаа бид аль юм болгон төр, засгаас дэмжлэг хүлээж суух вэ. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй оронд амьдарч буй монголчуудын хамгийн том төвлөрөл Чикагод байна. Өөрсдийнхөө хүч, нөөцийг дайчлая. 15 мянган хүн байгаа юм чинь хүн бүр дунджаар 30 ам.доллар, эсвэл өрх бүр дунджаар 150 ам.доллар хандивлахад л өөрийн гэсэн байртай болно гэсэн ерөнхий тооцоо хийсэн. Тийм ч үүднээс энэ төслийг дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулахыг Чикагод  амьдарч буй монголчууддаа уриалж байна. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар идэвхтэй дэмжиж байгаа. Консулын газраас Гадаад харилцааны яамны удирдлагад танилцуулсан. АНУ-д суугаа Элчин сайдын яам, Элчин сайд Ө.Батбаярын зүгээс ч тууштай дэмжихээ илэрхийлсэн. Урт хугацаандаа төр, засгаас илүү тодорхой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-“Монгол Өв Соёлын Төв” төслийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл гарч байна уу.

-Аливаа том санаачилга, төсөл хэрэгжихэд зарим саад тотгор тулгарах нь хэвийн үзэгдэл юм. 15 мянга гаруй хүмүүсийг нэг зорилгод нэгтгэх амар биш. Өмнө нь ижил төстэй оролдлого хийгээд бүтээгүй учраас энэ удаа амжилттай болно гэдэгт эргэлзэж, харзнаж буй хүмүүс цөөнгүй байна. Түүнчлэн хувийн сонирхолдоо хөтлөгдөн энэ төслийг эсэргүүцэж, олны дунд зориуд буруу мэдээлэл түгээх, эргэлзээ төрүүлэхийг цөөн тооны хүмүүс оролдсон.  Гэхдээ энэ төсөл олон нийтийн төлөө, хойч үеийнхээ төлөө хийгдэж буй чухал ажил гэдгийг ойлгож буй, алсын хараатай хүмүүс хавьгүй олон гэдэг нь ойлгомжтой юм. Тиймээс төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт бид итгэл төгс байгаа.

-Арай жижиг байрыг зөвхөн “Монгол Өв Соёлын Төв”-ийн зориулалтаар худалдан авах нь хэрэгжүүлэхэд арай хялбар, олон нийтэд эргэлзээ бага төрүүлэх байсан биш үү гэж бодогдож байна.

– Уг нь тийм. Бид олон байрыг судлаж, олон хүчин зүйлсийг харгалзан энэ байрыг сонгосон гэдгийг дээр хэлсэн. Зөвхөн Төвийн үйл ажиллагаа явуулах байр авна гэхээр илүү үнэтэй болох гээд байсан. Одоогийн авахаар тогтоод байгаа байртай ойролцоо хэмжээний талбай бүхий байрыг дангаар авах гэхээр үнэ нь наанадаж 600 мянган ам.доллараас илүү гараад байсан. Харьцангуй том байрыг хамтарч авахаар нэгж талбайн үнэ мэдэгдэхүйц хямд байгаа юм. Түүнчлэн монголчуудын төвлөрлийг бий болгож бие биенээ харилцан дэмжинэ, коммюнитигээ илүү томруулна, хүчирхэгжүүлнэ  гэдэг хэтийн зорилгод ийм хэмжээний талбайтай, дан барилга авах нь илүү нийцэж байгаа юм. Монголчуудын сайн мэддэг Сөүл хот дахь “Тундэмүн”-ий Монгол тауны сайжруулсан хувилбарыг Чикагод байгуулахаар зорьж буй гэж товчоор хэлж болох юм.

-“Mонгол Өв Соёлын Төв” үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан авах энэ хандивын аян ямар хугацаатайгаар үргэлжлэх вэ?

-Хандивын аяныг албан ёсоор өнгөрсөн оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зарласан.  Уг үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээг эцэслэн байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсний дараагаар 7 сарын дотор үлдсэн төлбөрийг төлж барагдуулах тохиролцоог худалдагч талтай хийсэн, гэрээгээр үүрэг хүлээнэ. Тиймээс төлбөрийг төлж дуустал хандивын аян үргэлжилнэ. Үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээний явц нарийн төвөгтэй байдаг тул гэрээ байгуулах хугацаа бидний анх төлөвлөж байснаас бага зэргээр хойшилж байна.

-Төлөвлөсөн хугацаанд хандив бүрэн бүрдэхгүй тохиолдолд та бүхэнд нөөц төлөвлөгөө байгаа биз дээ?  

-Бид нийт монголчууд, ялангуяа Чикаго дахь монголчууддаа энэ төсөлд хүн бүр өөрийн хувь нэмрийг оруулж, ирээдэй хойч үедээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийхийг уриалж байгаа. Хандив төлөвлөснөөр бүрдэхгүй тохиолдолд мэдээж нөөц төлөвлөгөө бий. Урьдчилгаа төлбөр төлснөөр уг байрыг ашиглах эрх нээгдэх учраас байрандаа сургалт, арга хэмжээ зохиох замаар олох орлогоо худалдан авалтын төлбөрт нэмэрлэнэ. Зээл авах зэрэг нөөц хувилбар бас бий.

-Алсын хараатай, олон талын ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэхийг зорьж буй та бүхэнд амжилт хүсье. Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа.

 Та бүхний ажил үйлсэд ч мөн өндөр амжилт хүсэн ерөөе. Баярлалаа.

Энэхүү төсөл амжилттай хэрэгжих эсэх нь Чикаго орчимд амьдарч байгаа бүх монголчуудын оролцооноос хамаарна.  Өөрөөр хэлбэл бид хандивын мөнгийг аль болох эрт босгоно тэр хэрээр Төвийн үйл ажиллагаа түргэн жигдрэх юм.

Өөрсдийн гэсэн байртай болоод Монгол орчноор сайхан тохижуулан хамтран ашиглаж, гадны найз нөхдөө уриад энэ манай үндэстэн, коммюнити-гийн онцлог, давуу тал, бид ийм үүх түүхтэй, өв соёлтой хүмүүс гээд ярьж танилцуулж байвал сайхан шүү дээ. Энэ төвийг босгоход өнөөгийн бид хөрөнгө, хүчээ зарцуулж хувь нэмрээ оруулбал  үр хүүхдүүд маань олон жилийн дараа биднээр бахархаж, талархана. Тиймээс хүн бүр өөрийн боломжийн хэрээр, үйл ажиллагаагаараа хувь нэмэр оруулахыг дахин уриалж байна.

А.БАЯР