С.САРУУЛ

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал “Ховдоос Харвард руу” номоо уншигчдад өргөн бариад удаагүй байгаа. Тус ном нээлтээ хийсэн цагаасаа  эхлэн 15 долоо хоног буюу гурван сар гаруйн хугацаанд дараалан “Интерном”-ын “Bestseller” -ийн жагсаалтад багтаад байна. Мөн “Ховдоос Харвард руу” ном аудио хэлбэрээр Mplus- д оржээ. Нээлтээ хийсэн цагаасаа “Bestseller”-ийн жагсаалтаас буухгүй байгаа  “Ховдоос Харвард руу” номын уншигчдын сэтгэгдлээс “Зууны мэдээ” сонины залууст зориулан буландаа хүргэж байна.

 

ЗАЛУУСЫН ЗААВАЛ УНШИХ НОМ

"Ховдоос Харвард руу" гайхалтай ном уншлаа. Чин сэтгэлээсээ талархаж байна. Бүх зүйлийг ямар ч нэмэлт хачиргүй чин үнэнээсээ сэтгэлийн гүнээсээ илэрхийлж бичсэн нь их таалагдлаа... Уулзаад ярилцаж байгаа мэт баярлах үед нь хамт баярлаж, гунигтай үед нь хамт гуниглаж ямар их тэсвэр тэвчээр хатуужилтай залуу вэ гээд бахархах сэтгэл төрлөө. Залуучуудын заавал унших номын нэг яах аргагүй мөн юм... Уйгагүй хүн уул нүхэлнэ гэдэг юутай үнэн бэ... Ийм гайхалтай урам зориг өгөх ном уншсандаа маш их баярлаж байна.

/Jargalmaa N/

 

 

“HARD WORK ALWAYS PAYS OFF"

-Таны номыг уншиж дуусаад бичиж сууна. Юуны түрүүнд үгийн сонголт, үйл явдлуудын уялдаа холбоо маш сайн, аялгуу сайхан монгол хэлийг уянгалуулж бичсэн сонирхолтой сайхан бүтээл болжээ. Өдий хүртэл зогсолтгүй явсан хичээл зүтгэл, хөдөлмөрч зангаар бахархмаар, "hard work always pays off" гэдгийг утгаар нь харуулжээ. Их урам зориг авлаа. Монтурк сургуульд сурсан, ангийн хүүхдүүдийг нь таних болохоор бас их сайхан, сонирхолтой байлаа.

/Enkhjargal Batjargal/

 

ОДОО ЯАХ БОЛ?

-Үнэхээр гоё ном байна аа. Одоо яах бол? юуны тухай бичсэн бол тэр сургуульдаа явсан болов уу, яасан бол гээд л, босож суусан ч, гарч орсон ч бодогдоостой. Уншаад дуусах гэж байна аа. Маш их баярлалаа. Ном ертөнцийг харах цонх гэж алс холын Америкийн Харвард руу яваад ирсэн юм шиг л боллоо. Үнэхээр л няцашгүй, цуцашгүй, дайчин залуу юм аа.

/Лувсан Мягмардаш/

 

СУРГАМЖ, УРАМ ЗОРИГ АВЛАА

-Сүүлийн үед намтрын ном унших дуртай болсон. Мундаг хүмүүсийн аж амьдрал, ахуй соёл өөр байдаг л даа. Харин “Ховдоос Харвард руу” номонд бидний үеийнхний аж амьдралтай ойр, зарим нь ч надад тохиолдож байсан үйл явдлуудыг сонирхолтой хэлбэрээр бичсэн нь яг л кино шиг төсөөлөгдсөн. Хэдхэн хоногт уншиж дуусгалаа. Бараг хамгийн хурдан уншиж дуусгасан ном байх.  Хүүхдүүдийнхээ боловсролын төлөө хурууны хээгүй болтлоо хүнд хүчир ажил хийсэн ээжийн хүү дэлхийн тэргүүлэх сургуулийг амжилттай төгсөж байгаа хэсэгт хамгийн их сэтгэл хөдөллөө. Хүн ямар их хичээл зүтгэл, хөдөлмөрч, тууштай байж хүссэндээ хүрдгийг энэ номоос уншиж болохоор сургамжтай, урам зориг өгсөн гоё ном болжээ. Монгол Улсдаа ихийг хийж бүтээж, хэзээ нэг өдөр эргэж хараад бахархах өөрчлөлтийг хийсэн хүмүүсийн нэг байна гэдэгт итгэж байна.

/Jenny RB/

 

ХАРВАРД-ААС МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ АЖИЛЛАХААР ИРЖЭЭ

"Ховдоос Харвард руу" номыг оны өмнөхөн уншиж дууслаа. Миний дүү маш олон салаа замаас өөрөө зөв шийдвэр гаргаж санхүүгийн асуудлаа шийдэж явсаар хамгийн сүүлд ХАРВАРД-аа амжилттай төгсөж одоо Монгол Улсынхаа төлөө ажиллахаар иржээ. Амжилт амжилт. Монголын олон охид, хөвгүүдэд энэ ном ажил амьдралын зөв гүүр болох байх.

/Gansuh Shavia/

 

УЙЛЖ, БАЯРЛАЖ,  УРАМ ЗОРИГ АВЛАА

-Сүүлийн таван жилд монгол хэлээр бичсэн ийм гайхалтай ном уншсангүй. Ээжийнхээ гарын хээний тухай бичсэн хэсэгт уйлж, сургуульдаа тэнцсэн үед нь баярлаж, хөөрч, урам зориг авч уншлаа. Эргэн тойрны бүхий л хүндээ зөвлөж, багш хүн учраас ангийнхаа хүүхдүүддээ өглөө. Бүр 15 минутын ном уншлагын цагаараа уншиж эхэллээ.  Хүнтэй хүн ёсоор харилцах бол дээдийн дээд эрдэм. Шийдлийг өөрөөсөө хай.  Боловсролтой, үнэн шударга байх шинэ үед түүчээ болоорой. Амжилт хүсье. Эгэл жирийн хэрнээ эрчтэй,  урам зориг авч чадлаа.

/С.Сүрэн/

 

НОМОО УНШЧИХААД ХАРВАРД РУУ МАТЕРИАЛАА ЯВУУЛЛАА

-Охин маань уншсан. Эрч хүч зөвлөгөө өгсөн сайхан ном болсон байна. Ховдоос Харвард руу булган сүүлтэй байгаарай. Монголын өнцөг булан бүрээс Харвард руу Монголын өнцөг булан бүрээс Харвард руу бүгдийн хүсэл  биелээсэй. Өнөөдөр материалаа явуулсан.

 /Myanganbayar Norov/

 

СУРГУУЛЬДАА ТЭНЦСЭН БОЛОВ УУ?

Таны номыг авахыг маш их хүсэж байтал яг арванхоёрдугаар сарын 31-ний орой мэдсэн юм шиг эгч маань авчраад өглөө. Маргаашаас нь эхлээд уншаад хоёр хоногт дуусгалаа. Би өмнө хэзээ ч номыг ингэж богино хугацаанд уншиж байгаагүй ээ. Ёстой өгүүлбэр бүрийн дараа юу болох бол, яах бол гэж шимтэн шимтэн уншлаа. Их гоё ном болжээ. Сургуульдаа тэнцсэн болов уу? Үгүй болов уу гээд нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч уншлаа.

/Amgaa Amgalan/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 18 (7262)