Ч.ГАНТУЛГА
"Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-ийг шалгаруулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд ХНХ-ын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
“Оны шилдэг шалгаруулах нь бусдад тэмүүлэл бий болгох ач холбогдолтой”
Өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулахаар салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-ээр тодрууллаа. Үүний дагуу "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-ийг шалгаруулах журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан аж. Харин өрсөлдсөн материалыг тус журамд заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл, дэд болон салбар зөвлөлөөр дамжуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хүлээн авч хянасан аж. Ёслолын арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нээсэн юм. Тэрбээр “Жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай. Тав дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг бид нийгэмд таниулах зорилгоор илүү өргөн хүрээнд зохион байгуулж байна. Оны шилдэг шалгаруулах арга хэмжээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр бий болсон сайн туршлагыг олон нийтэд түгээх, бусдад сэдэл, тэмүүлэл бий болгох олон ач холбогдолтой” гэсэн юм.
Шилдгүүдийг танилцууъя
♦ "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг дэд зөвлөл"-өөр БШУЯ-ны дэд зөвлөл
♦ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах оны шилдэг салбар зөвлөл"-өөр Өмнөговь аймгийн салбар зөвлөл
♦"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллага"-аар Орхон аймгийн 27 дугаар цэцэрлэг
♦ "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг эрүүл мэндийн байгууллага"-аар Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв
♦"Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалт"-аар МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн барилга
♦ "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нугийн байгууллага"-аар Чойжин ламын сүм музей
♦"Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага"-аар "Чиглэл" ХХК
♦"Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага"-аар “Тэнгэр” телевиз
♦"Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтэн"-ээр 25 дугаар сургуулийн багш Ц.Намжилдорж,
♦"Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллага"-аар “Түгээмэл хөгжил” ТББ тус тус шалгарчээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 16 (7260)