Баатарын НЯМСҮРЭН

Нийтийн дууны ертөнцөд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж яваа дуучдын төлөөлөл бол Соёлын тэргүүний ажилтан Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар билээ. Тэд удахгүй уран бүтээлийн ээлжит “Галын цэцэг” тоглолтоо үзэгчдэд хүргэнэ. Тоглолтынх нь өмнө тэдэнтэй ярилцсанаа хүргэе.

-Ээлжит тоглолтоо энэ сарын 25-нд дуунд дуртай түмэндээ хүргэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн тоглолтын онцлог юу вэ?

-Б.Болд: Энэхүү ярилцлагыг уншиж буй хүмүүстээ шинэ оны мэнд хүргэе. Бидний хувьд жил бүрийн нэгдүгээр сард тоглолтоо хийдэг уламжлалтай. Тоглолт бүр харилцан адилгүй болдог. Энэ удаагийн “Галын цэцэг” хамтарсан тоглолт маань 10 дахь удаагийнх. Монгол түмний галыг асааж, сэтгэлийн цэцгийг дэлгэрүүлэх сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Найруулгын хувьд ч хэзээ ч мартагдахааргүй  хийхийг хичээж байгаа. Бид хоёрын хувьд тоглолт бүрээ шинэлэг байлгахын төлөө ажилладаг. Уран бүтээлч хүн туршлага суух тусам хариуцлагаа ухамсарладаг юм байна. Тиймээс аливаад сэтгэл хөдлөлөөр бус нухацтай ханддаг болжээ. Тоглолтын тасалбар дуусч байгаа. Тиймээс өнөөдрөөс нэмэлт суудал гаргана.

-“Галын цэцэг” дуугаараа тоглолтоо нэрлэжээ. Дууны нэр нь ямар утгыг илэрхийлж байгаа бол?

-Б.Болд: Бид өнгөрсөн оны намар хуримаа хийсэн. Хуримдаа зориулж “Галын цэцэг” дуугаа гаргасан. Уг нь тус бүтээл өөр нэртэй байсан юм. Дуу “Галын цэцэг анхилсан дэрээ хуваав хоёулаа” гэж эхэлдэг учраас “Галын цэцэг” гэж нэрлэх санаа төрсөн.

-Х.Мөнгөнцэцэг: Айл гэрээр төсөөлбөл гал голомт нь эрэгтэй хүн. Харин эмэгтэй хүн цэцэг юм. Зарим нутагт цагаан уул цэцгийг үхэшгүй мөнхийн бэлгэдэл, галын цэцэг гэж нэрлэх нь ч бий. Тиймээс бид яруу найрагч Б.Болорцэрэн эгчтэй зөвлөлдөөд “Галын цэцэг” нэрлэхээр болсон юм.

-Мэдээж тоглолтод олон хит дуу эгшиглэх байх. Та хоёроос гадна ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Б.Болд: Бид СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн.Энэ удаагийн тоглолтод Мөнгөө маань сонгодог урлагийн бүтээл дуулна. Тоглолтод оролцох дуучдын нэрс удахгүй тодорхой болно. Зорьж ирсэн үзэгчид нэгэн орой сайхан дуу сонсож сэтгэлээ баясгаж, жаргалыг мэдэрнэ гэдэгт итгэж болно шүү.  

-Та хоёрын хувьд зөвхөн хотын сонсогчдоос гадна орон нутагт их тоглолт хийдэг.  “Галын цэцэг” тоглолтоо хөдөө сумдуудаар тоглох уу?

-Болд: Орон нутгийн сонсогчиддоо хүргэх тоглолтоо бүсчилсэн байдлаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын дараа төвийн бүсээр аялан тоглолтоо эхэлнэ. Дараа нь баруун бүс болон зүүн аймгаар үргэлжилнэ. Харин тоглолтын хаалтаа гуравдугаар сард Бөхийн өргөөнд хийнэ. Бидний хувьд нэгэнт л энэ салбарыг сонгосон учраас оргилд нь хүрэх зорилго тээж яваа. Мөн үеийн залуучуудаа манлайлж, үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал. Манай “B sound продакшн үүсгэн байгуулагдаад 15 жил болжээ. Би оюутны ширээнээс анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Энэ хугацаанд олон тоглолт зохион байгуулжээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд ч багагүй ажил хийж, Монголын урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж явна.

-“B sound” продакшн тоглолт зохион байгуулахдаа ямар зарчмыг баримталдаг вэ?

 Х.Мөнгөнцэцэг: -Уран бүтээлчдийн хувьд анхны тоглолт үнэ цэнтэй. Болдоо маань манай үеийн уран бүтээлчдийн ихэнх тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан.  Мөн өмнөх үеийн дуучдын тоглолтыг ч зохион байгуулж байна. Өнгөрсөн онд Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэг эгчийн анхны бие даасан тоглолтыг зохион байгууллаа. Өмнө нь Гавьяат жүжигчин С.Жавхлан ах, Т.Баясгалан эгчийн олон жилийн дараах тоглолтыг санаачилж, үзэгч олонтой уулзуулсан. Зохион байгуулсан тоглолт бүр үр дүнгээ өгч, амжилттай үргэлжилсээр байна.

-Б.Болд: Энэ жил манай хамт олон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Бид нэг уран бүтээлчийн тоглолтын тайзыг нь засаад, гэрэл техник, зохион байгуулалтыг нь хангаж ажиллаад, хөлс авахыг чухалчилдаггүй. Хамгийн гол нь тоглолтынхоо дууг бэлдээд завгүй ажилтай яваа дуучинд тайз, хөгжим, гэрэлтүүлэг, зохион байгуулалт гээд арын албандаа санаа зовохгүйгээр бэлтгэлээ хийхэд нь голлож анхаардаг. Мөн уян хатан байж, эргэх холбоотой ажиллахыг хүсдэг.

-Уран бүтээл, продакшны үйл ажиллагаанаас гадна нийгэмд тустай ажил их хийж байгаа харагддаг?

Б.Болд: Оюутан байх үеэсээ л сайн үйлсийн ажил хийж эхэлсэн. Урлагаас олж буй орлогоосоо тодорхой хувиар нь  хүмүүст туслахыг боддог.

Х.Мөнгөнцэцэг: Болдын хувьд сайхан сэтгэлтэй, тусч зантай. Хүнд үгүй гэж хэлдэггүй. Тухайлбал, аялан тоглолтоор явж байхад бидэнд хандаж хүн тусламж гуйхад нь үргэлж тусладаг. Мөн Дорноговь аймагт байгалийн гамшигт өртсөн таван сумын айлдуудад тоглолтын орлогоороо хэрэгтэй зүйлийг нь авч өгч хандивласан удаатай.

-Таны хувьд нийтийн дууны холбооны дэд тэргүүний ажлыг хийгээд 10 жил болж байна.  Энэ хугацаанд голлож ямар асуудлуудыг шийдэв?

Б.Болд: Гавьяат жүжигчин У.Далантай ах тэргүүнээр нь ажилладаг. Манай холбооны зорилго нь уран бүтээлчдэдээ анхаарах. Холбоонд 100 гаруй хүн бий. Холбооны зүгээс тэдгээр уран бүтээлчиддээ тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Тоглолтоо хийхэд нь хүндэтгэл үзүүлэх жишээтэй.

-Аливаа урлаг цаг хугацааны туршид хөгжсөөр ирсэн. Нийтийн дууны салбар хэрхэн хөгжиж байна гэж хардаг вэ?

Б.Болд: Нийтийн дуу бол ардын дууны үргэлжлэл. Ардын дуу бол үндэсний өв соёлын нэг. Тиймээс нийтээрээ сонсоод явдаг. Нийтийн дууны шүлэг жаахан халилтай байх нь бий. Бүх төрлийн сэдвээр бичигддэг уянгалаг шинжтэй. Манай нийтийн дууны салбарынхан жудаг, хүн чанартай. Аливааг зөвөөр хүлээж авдаг, нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг нь сайхан. Мөн өмнөх үеийн уран бүтээлчдээ ч хүндэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тутам энэ хэвээр хөгжиж, урагшилсаар байх болов уу. Харин нэг эмзэглэж явдаг зүйл нь миний ажигласанаар сүүлийн үед нийтийн дуу саармагжаад байгаа. Учир нь поп, эстрад чиглэл холилдсон шинжтэй. Яг нийтийн дууны чиглэлээр явахгүй байна. Өмнөх үеийн ах эгч нарын дууг сонсохоор ямар ч ритм алдаагүй, сонсголонтой, тогтсон чиг шугамаараа байдаг нь сайхан

-Ер нь уран бүтээлчид хуучны дууг сэргээж дуулах нь хэр зохистой бол. Та хоёр энэ тухайд ямар зарчим баримталж байна?

Б.Болд:  -Уран бүтээлч бүр аливаа нэг дуучнаас суралцаж, үлгэр дуурайл авч байж гарч ирдэг. Ер нь хуучны дууг дуулаагүй дуучин ховор. Сүүлийн үед дуучдын дунд миний дууг дууллаа гэсэн хандлага гарах болжээ. 1992 оноос өмнө аливаа  уран бүтээл ард түмний өмч байсан. Уран бүтээлийг сэргээн дуулж, дахин амьдруулах нь зөв. Үнэхээр таалагдсан хуучны дуугаа сэргээж дуулахдаа хүндэтгэлтэй хандаж, зохиогч нараас нь албан ёсоор зөвшөөрөл авах ёстой.  Бид сүүлийн үед чанартай цөөхөн уран бүтээл гаргахыг илүүд үзэх болсон. Хийж буй уран бүтээлийн үг, аянд их ач холбогдол өгдөг. Захиалгын дууны санал ирдэг учир хүсэлтүүдэд цензуртэй ханддаг шүү.

-Дуучдыг сүүлийн үед ам барьж байна гэж шүүмжлэх   болсон. Энэ тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?

Б.Болд: -Дууны үг амьтай. Аливаа дууг сэргээж дуулах, шинээр уран бүтээл хийхдээ дууныхаа утга үгэнд амьдарч дуулах хэрэгтэй. Зөвхөн аяыг нь сонсоод таалагдаад дуулах өөр шүү дээ. Хүмүүсийн дунд дуучид ам барьдаг гэсэн ойлголт дэлгэрсэн. Ам барих нь сонсогчоо хүндлэхгүй байгаа хэрэг. Хүмүүс тухайн дуучныг сонсохоор цаг зав, санхүүгээ зориулаад ирж байгаа шүү дээ. Тиймээс уран бүтээлчид үзэгчээ хүндлэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд сүүлийн үед ам барьдаг дуучин нэмэгдсэн. Нэгэнт л урлагийн замыг сонгосон бол үнэн байх хэрэгтэй.

Эх сурвалж: www.zms.mn