Тугалхүүгийн Баасансүрэн

 

Өдрийн ээлжит алхалтыг хийж таван мянга алхаад хичээнгүй сайд Цэрэндоржийн хөшөөн дээрээ хүрч ирэв Хүйтэн жавартай хацар хайрсан жихүүн өдөр тул хүн амьтан алга. Зун, намарт бол хүүхдүүд бужигнаж, хөгшид налайж байдаг газар. Модон сандал дээрээ суугаад Богд ууландаа хараа бэлчээв. Тэнгэр цэлмэжээ. Уулсын орой тодхон харагдаж байна. Энэ сацуу утас жингэнэхэд  яаран авч баясан нээвэл огт танихгүй хүн утасдаж байна. Уг нь Пүүжээ минь ярьдаг юм. Намайг хэдэн цагт гэрээс гарахыг, хэдүйд нь төв шууданг тойрч, тэгээд нэгдүгээр сургууль, Оросын ЭСЯ-ны өмнүүр өнгөрч энд хэдэн минутын дараа ирж модон сандал дээрээ тухлан суухыг тэр андахгүй мэднэ.

“Васук, тавтай юу, сонин сайхан юу байна. Богд Дүнжингараваа халиаж сууна уу” гэж асууна. Би хариуд нь “Тиймээ, хичээнгүй сайдтайгаа хэдэн үг солиод сууж байна” гэж хариулна. Эсвэл “Хичээнгүй сайд өнөөдөр ууртай байна, юу ч дуугарахгүй байна. Богд уул руу хараад л бодолд дарагдаад сууж байна” гэнэ.

“Тэгнээ тэр, ойрдоо утаа, түгжрэл хоёр зэрэгцээд, нүүрсний хулгай гаараад хэцүүхэн байна. Өвган уурлалгүй яахав, өөдгүй золигнууд гэж биднийг зэмлэж байгаа” гээд эхэлнэ. Тэгээд бид хоёр Монгол орон, орчлон ертөнцийн улс төрийн амьдралаар буу халж гарна...

Идэр залуу насандаа ижилдэн дасалцаж, санаа бодлоо хуваалцаж, уран бүтээлийн онгод хиймориор холбогдон Монголын сэтгүүл зүй, утга зохиолын салбарт хагацаж салалгүйгээр дөч гаруй жил ханилж явсан ховорхон сайн нөхөр минь ахиж надтай ярихгүй, дахиж төмөр утас цохихгүй шүү дээ гэж бодоход нэг их уй гашуу цээж дотрыг бүрхэж орчлон ертөнц эл хуль болж хоосроод орон зай хумигдах шиг сэтгэл давчдав.

Утас андуурчээ... гэж үл таних утасдагчид хэлээд сайн нөхрийнхөө тухай санаашран бодлогшров. Миний нөхөр хэнээс ч дутахгүй хийж бүтээж, олон түмэндээ хүндлэгдэж, орчлон ертөнцөд утга төгөлдөр амьдарч чадсан байнам биш үү гэж бодогдож байна. Хорвоо дэлхийд хүн болж төрнө гэдэг гайхамшиг. Тэр тусмаа монгол нутагт монгол хүн болж төрнө гэдэг бүр ч утга учиртай. Тэгж утга учиртай амьдарч туурвиж бүтээж чадсан уран бүтээлчийн нэг бол Баарангийн Пүрэвдаш.

Энэ нэрийг Монголын сэтгүүл зүй сайн мэднэ. Монголын утга зохиол ч андахгүй. Учир нь Б.Пүрэвдаш бол манай олон давтагдахгүй шилдэг нийтлэлчийн нэг байгаа юм. 1975 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөнөөс хойш Монголын сэтгүүл зүйд насан турш тасралтгүй ажилласан хүн. Хөдөлмөрийн гараагаа Мэдээлэл, радио, телевизийн улсын хороонд сурвалжлагчаар эхэлжээ. Удалгүй редактор, улмаар хариуцлагатай редактороор дэвшиж ажилласан. Хэвлэл мэдээллийн салбарт хариуцлагатай редактороор ажиллана гэдэг бол онцгой хариуцлагатай ажил. Эх баригч болж байна гэсэн үг. Редакцийн нөхдийнхөө бүтээлийг үзэж уншиж, засаж янзалж сайжруулна. Идэвхтэн бичигчдийн захидал мэдээлэлтэй тулж ажиллана. Өөрөөр хэлбэл эх хэлний мэргэжилтний үүргийг гүйцэтгэж, хэвлэл мэдээллийн газарт ирүүлсэн бүх материалын “бөөс хуурс”-ыг түүж цэвэрлэдэг юм.

Баарангийн Пүрэвдаш сүүлд буюу 1990 оны тавдугаар сараас “Ардын эрх” сонины хариуцлагатай редактор, нэгдүгээр орлогч эрхлэгчээр ажилласан байдаг. Мөн оны есдүгээр сараас “Өнөөдөр” сонины уран бүтээлийн нэгдлийн дарга, эрхлэгчээр ажилласан. Өөрөөр хэлбэл манай нэртэй редакторууд болох доктор Б.Лэгдэн, Ц.Балдорж нарын итгэлт хүмүүн, баруун гар нь болж ажилласан юм. Яагаад ингэв гэдэг нь түүний редакторлох гарамгай чадвартай шууд холбоотой байлаа. Б.Пүрэвдашийн гараар орсон бусдын материал өнгө зүс орж уяа сойлго нь таарч тэгширсэн хурдны морь шиг жавхалзаж, дүр дүрслэл нь сайжран, хэл хэллэг нь уян налархай болж хувирдаг байлаа. Зарим идэвхтэн бичигчийн мэдээ мэдээлэл өөрсдөд нь танигдахгүй болтол өөрчлөгдөж шинэчлэгддэг байсан ч байж мэдэх юм. Монголын утга зохиол, сэтгүүл зүйд өмнө нь Өвгөөдэй Дамдинсүрэн, Лодонгийн Түдэв хэмээх хоёр гарамгай редактор байсныг би мэдэх юм. Тэдний гараар орсон нийтлэл, зохиол бүтээл арилгасан сонгино шиг цэвэр цэмцгэр, өнгөлөг болоод дүрсэллэг, монгол хэл бичгийн тансаг сайхан найруулгатай, илүү дутуу үггүй, товч тодорхой болон цэгцэрдэг байлаа.

Энэ эрхэм сайхан уламжлалыг өнгөрсөн зууны дал, ная, ерээд он, улмаар энэ зууны эхээр нэр төртэй залгамжлан үргэлжлүүлэгч нь гайхамшигт редактор Баарангийн Пүрэвдаш байлаа. Түүнийг гүйцэх нь миний мэдэхээс өөр байгаагүй юм. Өнөөдөр бол бүр үгүй болжээ. Манай Пүрэвдаш хүний бүтээлд өөрийн юм шиг үнэнхүү чин сэтгэлээсээ өөриймсгөлөн хандаж чаддаг гайхалтай өгөөмөр сайхан сэтгэлтэй хүний дээд хүн байлаа.

Бусдын бүтээлд эхийн сэтгэлээр хандаж чаддаг нь Баарангийн Пүрэвдашийг онцгойруулан ялгаруулдаг байв. Алтны хажууд хэвтсэн гууль шарладаг юм болохоор Б.Пүрэвдаштай “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд, Монголын радиод хамт ажиллаж байсан үзэг нэгт нөхдөд, ялангуяа залуу үеийнхэнд түүний тэрхүү үлгэрлэл дуурайлал үлдэж хоцорсон байж таарна гэж найдаж байна.

Баарангийн Пүрэвдаш бол манай сэтгүүл зүйн салбарын нэртэй том удирдагчийн нэг байсан гэдгийг эрхбиш тэмдэглэж хэлэх нь шударга ёсонд нийцнэ. Тэр МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтэст тус улсын нийт сонин, сэтгүүл, радио телевизийн ажлыг гардан хариуцсан орлогч эрхлэгчээр, бас “Ардын эрх”, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгчээр үр бүтээлтэй ажиллаж байв. Монголын үндэсний радиогийн захирлаар гэхэд арваад жил ажилласан байдаг юм. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн захирлаар бас ажиллаж байлаа. Тохоон томилогдож очсон газар бүртээ ажил үйлсийг нь сайжруулахын төлөө идэвхийлэн зүтгэж эвсэг найрсаг, уран бүтээлч уур амьсгалыг хамт олон дотроо бүрдүүлж чаддаг удирдагч байсан юм. Тэр өөрөө уран бүтээлч хүн учраас нийтэч, нийлэмжтэйгээрээ мөн л ялгарч онцгойрдог байлаа. Хэнийг ч ялгахгүй, дээр дор гэж ялгаварлахгүй адил тэгш хандана. Алиа хошин яриатай, хүнийг хөөрхөн явуулна, тэгэхдээ тэр нь хоргүй, гагцхүү хошигнол егөөдлийн өнгө аястай. Хэрэв Баарангийн Пүрэвдаш, Дөнгөтийн Цоодол хоёр нийлчихсэн тэрүүхэндээ жуумалзаад наг наг инээлдэж суувал хэн нэгнийг явуулсан “шинэ онигоо” төрж мэндэлж байгаа нь тэр гэдгийг манайхан андахгүй. Энэ бол авьяаслаг уран бүтээлчдэд нэвт шингээстэй байдаг бас л нэг ялгарах тод онцлог байсан юм.

2011 онд “Монголын шилдэг нийтлэл” цувралын 56 дугаар ботийг Баарангийн Пүрэвдашийн шилдэг нийтлэлээр тусгайлан бэлтгэж гаргасан билээ. Түүний гуравдугаар бүлгийг сөхөж үзвэл “Дөнгөтийн Цоодол”, “Балдоржийн орон зай”, “Шагдайн Цэнд-Аюуш”, “Доржийн Гармаа”, “Батмөнхийн Лэгдэн”, “Тугалхүүгийн Баасансүрэн”, “Ганбат минь”, “Дагвын Цахилгаан”, “Лувсангийн Одончимэд”, “Зундуйн Дорж”, “Баасанжавын Ганболд”, “Донойн Цэдэн-Иш”, “Анд минь чи дахин төрнөө”... зэрэг хөрөг нийтлэлүүд ярайж байна. Эдгээрийг уншигч та хэрэв эргүүлж ахин нэгэнтээ харах юм бол инээж ханиасан, эвтэйхэн чимхсэн, бас бүтээл туурвилд уриалж гал дөл шиг цоролзсон гайхамшигт уран бүтээлч анд нөхрийг минь олж харах болно. Тэр олон хөөрхөн өгүүллэгтэй. “Шанаган булаг”, “Тэнгэр цэлмэнэ” гээд үргэлжилнэ.

Товчхон, торгомсог хөөрхөн өгүүллэгүүд бичдэг байсан. Их бодно. Яарахгүй. Ахин дахин нухна. Алт, мөнгөний дархан л ингэж урладаг болов уу гэмээр бүтээл туурвилдаа нягт нямбай няхуур хандана. Өнөөх гайхалтай хөдөлмөрч чанар, гайхамшигт редакторлох чадвар нь ёстой нэг гарна даа. Үг, өгүүлбэр бүр нь утга учрыг илэрхийлнэ. Дүр дүрслэлийг төгөлдөржүүлнэ. Тийм болохоор уншигчдад гүйцэд хүрнэ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн телевизийн сэтгүүлч Золжаргал өнгөрсөн намар Б.Пүрэвдашийн төрсөн нутаг Говь-Алтайн Төгрөг сумаар оржээ. Тэгээд “Шанаган булаг”-ынх нь хөвөөнд дөрөө мултлан бодлогоширч төрмөл авьяаст зохиолч Б.Пүрэвдаш төрсөн нутаг устайгаа хүйн холбоотойг өөрийн эрхгүй мэдрэн уярсан байдаг юм. “Шанаган булаг”-аас нь ширхэг бөөрөн хүрэн чулуу авч халааслаад ах хүүтэйгээ уулзаж ам халан хөөрөлдөнө дөө гэж мөрөөдсөн ч амжсангүй. Сүүлд эхнэр Цогтгэрэлд нь авчирч өгснийг би нүдээр харсан, нээрээ л Пүрэвдаш минь Алтайн чулууны хат сайтай хэлтэрхий, Засагт хан аймгийн зангарагтай хөдөлмөрч хөх эрсийн нэг байж дээ гэдэгт итгэсэн билээ. Тэр нутгаас бичиг номын сод авьяастнууд олон олноор төрөн гарсан байдаг нь лав цаанаа нэг учир жанцантай буй заа гэж бодогдсон. Чадраабалын Лодойдамба, Лодонгийн Түдэв, Мишигийн Цэдэндорж гээд эхэлнэ.  Тоомойн Очирхүү, Бажуудайн Ганбат, Санжийн Пүрэв, Дамдины Жамьян...гээд үргэлжилнэ. Залгуулаад залуу үеийнхний төлөөлөл нь Баасангийн Номинчимэд гэж бичигдэнэ. Говь-Алтайн зохиолчдыг тоолж барахгүй.

Хичээнгүй сайд Цэрэндоржийн хөшөөний дэргэд ийнхүү сайн нөхрийнхөө тухай бодолд дарагдаж удтал суув. Гэртээ ирээд шөнө нь зүүдэллээ. Пүүжээтэйгээ нэг тэргэнд суучихсан Алтайн хөх уулсыг зорьж аялалд гараад явж байх юм. Цэцэг сумаар орноо, миний төрсөн нутгийг үз л дээ гэж хэлж байна, би түүнд. Өглөө нь босоод бодлоо. Миний нөхөр амьд сэрүүн байгаа юм байна. Анд нөхдийнхөө сэтгэл зүрхэнд мөнхөд амьд байгаа юм байна гэж бодогдлоо.

Тэр тэнгэрт, Бурханы оронд эсвэл тэнэгэр сайхан Монгол орондоо эргэж төрнө гэдэгт үл эргэлзнэм. Үйлтэй төрсөн хэдэн сайн нөхөд чинь үгүйлэн дурсаж, санагалзаж л сууна даа сайн андыгаа!

 

Улаанбаатар, 2024.1.21

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 15 (7259)