С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” булан эхлүүлж мэргэжил сонголт, ажил хөдөлмөр эрхлэх, спортоор хичээллэх, хоббигоо хөгжүүлэхэд хүйс хамаарахгүй зэргээр олон нийтийн жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор хоёр жилийн хугацаанд 50  гаруй цуврал нийтлэл бэлтгэн хүргээд байгаа билээ. 2023 онд “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” булангийн нийтлэл, сурвалжилгаа нэгтгэн цахим ном гаргасан бол энэ онд бид энэхүү булангаа үргэлжлүүлэн хүргэхээр боллоо.

Х.Эгшиглэн

“Хөөрхөн Зүрх” ТББ  эмэгтэйчүүдийн эдийн засгийг нэмэгдүүлэхэд мэргэжил сонголт хэрхэн нөлөөлж буй талаар “Сурагчдын мэргэжил сонголтод жендэрийн хэвшмэл ойлголт нөлөөлөх нь” чанарын судалгааг хийжээ. Тэд өнгөрсөн оны долоогоос арваннэгдүгээр сарын хооронд судалгаагаа хийсэн бөгөөд 68 сурагчтай ярилцжээ. Мөн зөвхөн сурагч гэлтгүйгээр асран хамгаалагч, багш нарыг ч адилхан хамруулсан талаар “Хөөрхөн зүрх” ТББ-ын төслийн ажилтан Х.Эгшиглэн “Бид судалгаандаа Улаанбаатар хот Говь-алтай аймгийн төвийн болон хотын захын алслагдсан сумдын сургуулийн сурагчдыг хамруулсан. Судалгааны үр дүнгээр богино хугацааны нөлөөллийн ажил хийлээ. Өөрөөр хэлбэл, судалгаа хийгээд орхиогүй.  Үр дүнгээ танилцуулах олон талын санал зөвлөмжийг авах зорилгоор иргэний нийгмийн байгууллага, олон улсын болон төрийн байгууллагын төлөөлөл, боловсролын байгууллагуудад танилцуулсан.  Үндэсний хэмжээнд төлөөлөхүйц өрөөсгөл ч гэсэн нөхцөл байдал ямар байгааг ерөнхийд нь харахад суурь болж байна. Гэр бүлийн орчинд эрэгтэй хүүхдэд илүү ачаа үүрүүлж, эмэгтэйүүдийг гэр бүлийн асрах, халамжлах цалингүй, асрах хөдөлмөр хийх  ёстой мэтээр ханддаг ч ахлах ангийн хүүхдүүд үүнтэй санал нийлэхгүй хүйсээр бус чадвараар нь үнэлэх ёстойг олж харсан” гэсэн юм.

“Хөөрхөн Зүрх” ТББ-ынхан хагас бүтэцлэгдсэн ярилцлагын аргыг судалгаандаа ашиглажээ. Энэ үеэр хүүхдүүдийн бодит кейс ч гарч ирсэн байна.

Ерөнхий дүр зургаар харвал жендэрийн хэвшмэл ойлголт хүүхдүүдийн мэргэжил сонголтод нөлөөлж байна уу гэхэд “Тийм” гэж хариулж болохуйц үр дүнг гаргаж иржээ. “Гэхдээ хүүхдүүд хэвшмэл ойлголтыг сөрж мэргэжлээ сонгох хандлагатай байгаа нь ажиглагдсан. Хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь багшийн хандлага байна. Тухайн багш жендэрийн хэвшмэл ойлголттой байгаа эсэхээс хамаараад сурагчдын мэргэжил сонголтод тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг байна.  Багш нарын хувьд охидод зөөлөн ур чадвар төрөлхөөс байдаг учраас эмч багш зэрэг мэргэжил тохиромжтой гэж зөвлөсөн. Харин эрэгтэй хүүхдэд логик сэтгэлгээ, хурдан шийдвэр гаргах чадвар өндөр учраас илүү техникийн чиглэлийн мэргэжил сонгох нь дээр гэж нэгэн багш ярилцлага өгсөн. Гэр бүлийн орчинд заримдаа жендэрийн хэвшмэл ойлголтоор хүүхдийн хүйсэд хамааруулан тодорхой нэг мэргэжил зөвлөж байна. Мөн орон нутагт ажиглагдаж байгаа нэг зүйл бол хүүхдээ хичээлээ сайн хийхгүй, мэргэжлээ сонгохдоо эргэлзэж байх үед хүүхдээ сурах хүсэлгүй, чадваргүй гэж малчин болгох явдал цөөнгүй байгаа нь хүүхдийн хүсэл сонирхлыг дэмжилгүйгээр, ирээдүйг шийдэх тохиолдол байна” гэдгийг судалгааны багийнхан онцолж байв. 

Хичээл сонголт болон түүнтэй холбоотой мэргэжлийн талаар жендэрийн хэвшмэл ойлголт байсаар байна.

Энэ нь зарим охидын хувьд өөрийн хүссэн мэргэжлээр сурах боломжийг боомилж байна.Үндсэндээ цалин бага, карьерын өсөлт тааруу салбар руу эмэгтэйчүүдийг сургаж хөдөлмөрийн зах зээлд гаргах хандлага, сэтгэхүй үүнтэй холбоотой. Энэ нь эргээд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхид сөргөөр нөлөөлөх өндөр магадлалтай. Тиймээс багш нар руу чиглэсэн бодлогоор нөлөөлөх ажил хийх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Багшаас гадна гэр бүл эргэн тойрны жендэрийн хэвшмэл ойлголтын улмаас мэргэжилд хүйс хамааруулж байна.  Цаашид энэ судалгааг гүнзгийрүүлж улсын хэмжээнд авах боломжтой гэж харж байгаа аж.  Судалгааг Канадын гадаад хэргийн яамны дэмжлэгтэй Азийн сангийн хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд хийсэн байна.

 

Кейс:

-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хэмээх нэг цагийн сургалт 8-9 дүгээр  ангид явагддаг байгаад зогссон.  Уг нь хүүхэд юунд ямар чадвартайгаа олж мэдэх боломжийг олгодог хичээл байсан. Дунд сургуулийн хөтөлбөрүүд  байнга өөрчлөгдөж байна. Хүүхдүүд ч мэргэжлээ сонгож чадахгүй эргэлзэж байна. Аль хичээлээр голлож шалгалтаа өгөх нь ойлгомжгүй. Байгалийн ухаан гэж багцалсан шалгалт өгөх үү, яах вэ гэдэг тодорхойгүй.  (Багш-1).

Кейс:

-Том эгч жүдогоор барилддаг. Цаашид жүдогоороо яваад, биеийн тамирын багш болно оо гэхэд “Эмэгтэй хүүхэд хэзээ биеийн тамирын багш болж байсан юм” гээд аав, ээж болиулсан.  (O-6)

Кейс:

-Яагаад ч юм гэрийнхэн үргэлж л “Чи охин байж ингэх ёстой, тэгж болохгүй, ингэж ч болохгүй” гэдэг нь ядаргаатай байдаг. Хүйсэнд ямар ялгаа байна аа.  (O-2)

Кейс:

“Хөвгүүдийн хөдөлмөрийн хичээл рүү оръё гэж би гурван жил гуйсан. Юм оёод суух чинь уйтгартай шүү дээ. Би модоор юм зорж, дүүдээ машин хиймээр байсан. Гэртээ өөрөө хийе гэхээр боломж, тоног төхөөрөмж нь байгаагүй. Ер нь зүгээр л багш нарын хандлага нь л тийм байсан...”  (НО-6)

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 15 (7259)