Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

 

Нүүдлийн киноны механикч

 

Хөвсгөл далайн мөнгөн долгио нь нарны илчинд улам үзэсгэлэнтэй харагдах ажээ. Нүд баясам байгалийн сайхныг бишрэн суух нутгийн унаган хөвгүүн С.Цэвэгдорж. Амьдрал их олон салаа замтай. Харин аль замаар нь алхаж, хэрхэн амьдрах сонголтыг хүн өөрөө хийдэг. Тэр л жамаар С.Цэвэгдорж урлагийн тэр дундаа киноны хүн болохыг мөрөөддөг байв. Тэрбээр мөрөөдлөө биелүүлэн кино механикчаар ажилласан он жилүүд түүнд амьдралын ханиас нь эхлээд сайхан бүхнийг өгчээ. Харин түүний санаандгүй гэмээр ч юмуу өөр нэгэн азтай хувь тохиол нь санхүүгийн мэргэжил эзэмшиж, нягтлан бодогч болсон нь юм. Насаараа Хөвсгөл аймгийн санхүүгийн албанд ажилласан эрхэмийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа.

С.Цэвэгдоржийн аав Д.Содов нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуу буюу одоогоор Архангай аймгийн Идэр сумын уугуул. 1930-аад оны үед Хөвсгөл аймагт суурьшжээ. Тэрбээр 1939 оны Халх голын дайнд ах Д.Сандаг, дүү Д.Бямба нарын хамт оролцсон гэдэг. Цэргээс халагдаж ирээд гэргийтэйгээ танилцсан. Д.Содов гуай нутагтаа алдартай гөрөөчин байсан аж. Зуны цагт тарвага, бусад үед ихэвчлэн гөрөөс, чоно авлана. Д.Содовынх есөн хүүхэдтэй. Түүнийх нь тав дахь нь өнөөдрийн нийтлэлийн эзэн С.Цэвэгдорж гуай юм. Багадаа мал маллаж, ах  нартайгаа хамт нэгдүгээр ангид оржээ. Тухайн үеийн малчдын хүүхдүүд сургуульд сурахын тулд дотуур байранд сууна. Харин дотуур байрны хоол, түлш зэргийг нь эцэг эхчүүд нь бэлтгэж өгнө. Тиймээс аав нь хоол унд, түлшийг нь бэлдэхэд амар гээд гурван хүүхдээ нэг намар зэрэг сугуульд оруулсан нь тэр юм. Дунд сургуулиа төгссөн С.Цэвэгдорж энэ үеэс кино механикч болох нууцхан мөрөөдөл тээсэн гэдэг. Учир нь С.Цэвэгдорж гуайг бага байхад кино гарах нь их ховор. Галт, Жаргал, Шинэ-Идэр, Төмөрбулаг гэсэн сумдад сардаа нэг удаа л кино гарна. Сумын хүүхдүүд тэр үеийг тэсэн ядан хүлээдэг байсан гэнэ. С.Цэвэгдорж кино үзэх бүрдээ энэ киног хэрхэн хийсэн юм бол, яаж гараад байна вэ гээд их л сонирхоно. Ингээд аравдугаар анги төгссөн жилээ кино драмын ангид шалгалт өгье гэсэн боловч хуваарь ирсэнгүй. Тиймээс “Хүүхдийн залгамжлал” кино театрт механикчаар ажилд оржээ. Ингээд киногоо аваад сумдаар явна. Тухайн үед ихэвчлэн монгол, орос кино гаргана. “Цогт тайж”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Морьтой ч болоосой” зэрэг кино жинхэнэ “од” болж байсан үе. Киногоо айлд очиж гаргахдаа хамаг техник хэрэгсэлээ тэмээнд ачаад явна. Сүүлд түүний унаа үхэр тэрэг, морин тэрэг, гурван дугуйт болж сайжирсан гэдэг. Айлд ороод өрхийг нь татаж харанхуйлж байгаад цагаан даавуун дээр проектороо асаана. Алслагдсан сумын айлууд кино үзэх их дуртай. Харин С.Цэвэгдоржийн хамгийн олон удаа үзэж, гаргасан кино нь “Амьдралын цуурай” гэх зургаан бүлэгтэй кино байж. Киногоо гаргахдаа ганцаараа бус гурвуулаа очно. Агент нь Колья, явуулын багш нь Хүрэл-Очир, кино механикч нь С.Цэвэгдорж. Тэд сумдад очоод өөр, өөрийн  үүрэгт ажлаа хийнэ. Нэг ёсондоо тухайн үеийн аймгийн бодлого гэлтэй. Агент нь бараагаа зарж байхад явуулын багш нь хичээлээ заах жишээтэй. Ингээд хэрэгтэй зүйлээ авч, номын дуу сонссон сумын иргэд орой нь кино үзэж соён гэгээрнэ. Энэ гурван хүн багагүй хугацаанд цуг явжээ. Ингэж явахдаа юу эсийг ярихав. С.Цэвэгдорж Соёлын сайд, Колья нь Худалдаа бүртгэлийн сайд, Хүрэл-Очир нь Боловсролын сайд гэж бие биеэ хөгжөөдөг байсан тухай сайхан дурсамж бий гэнэ лээ.

 

МУИС-ийн Эдийн засгийн факультетын оюутан

Ахмад санхүүч С.Цэвэгдорж залуугаасаа шатрын спорттой нөхөрлөжээ.

Ийнхүү нүүдлийн кино механикч хийгээд жил гаруй хугацаа өнгөрчээ. Гэтэл нэг өдөр аймгийн захиргаанаас бичиг ирж.  Задлаад унштал “Ирж кино драмын ангид шалгалт өг” гэсэн байв. Ингээд яаравчлан хот ороод шалгалтаа өгөх гэтэл аравдугаар ангийн суурь гэрчилгээ нь байсангүй. Түүнд аймгаас нь кино механикчийн мөнгө гээд 300 төгрөг өгч л дээ. Гэтэл С.Цэвэгдорж гэрчилгээгээ өнөөх мөнгөнийхөө баримтад хавсаргаад архивлачихсан байсан гэдэг. Ингээд өнөөх гэрчилгээнийхээ араас хөөцөлдөж байх зуур нь сургуулийнх нь шалгалт болоод өнгөрөх нь тэр. Үнэхээр хувь тавилан байсан уу, С.Цэвэгдоржид дахиад киноны сургуульд орох боломж олдсонгүй. Кино механикч хийгээд зургаан жил өнгөрч. Ажилдаа ч гаршиж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байсан үе. Аймгаас түүнийг дуудуулж, сургуульд сургах хүсэлт тавив. Ингэж л С.Цэвэгдорж 1972 онд МУИС-ийн Эдийн засгийн факультетад элссэн түүхтэй. Тэр үеийн МУИС-ийн Эдийн засгийн анги гэдэг Монгол Улсдаа хамгийн дээгүүрт ордог, хэн дуртай аавын хүү орж чаддаггүй, өндөр босготой байсан гэдэг. Анги нь 30 гаруй хүүхэдтэй. Аймаг, сум бүрээс шигшигдэж ирсэн “гавал” толгойтууд. Тэдний дундаас ахмад оюутан С.Цэвэгдорж цойлно.  Сургуулиа төгссөн шинэхэн мэргэжилтнүүдийг ажилд томилоход С.Цэвэгдоржийг хотод Материал техникийн хангамжийн газарт хуваарилав. Тухайн үед С.Цэвэгдоржийн хувьд хэдийнэ амьдрал зохиогоод, гурван хүүхдийн аав болчихсон байсан үе. Хөвсгөл аймагт эхнэр хүүхдүүд нь хүлээж байгаа. Тэгэхээр нь Материал техникийн хангамжийн газрын дарга Ренчинпэлжээ дээр ороод хөдөө явах хүсэлтэй гэдгээ хэлсэн гэнэ лээ. Гэвч хуваарилсан газарт л ажилла гээд явуулдаггүй. Ийнхүү нэлээд удсаны эцэст дарга нар нь учир байдлыг нь ойлгож, Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн газрын мэргэжилтнээр томилов гэсэн бичиг хийж өгөөд аймаг руу нь явуулсан гэдэг. Энэ үеэс нутаг усандаа хамгийн сайн эдийн засагч хэмээх алдрыг хүртэж явсан С.Цэвэгдоржийн амьдралын шинэ хуудас эхэлжээ.

 

Аймгийн Материал техникийн хангамжийн газрын мэргэжилтэн

 

С.Цэвэгдоржийг 1976 онд нутагтаа томилогдон очиход Хөвсгөл аймгийн дарга нь н.Хавдал, Төлөвлөгөөний комиссын дарга нь н.Наваантаяа байв. Аймгийн Материал техникийн хангамжийн газрын мэргэжилтэн гэдэг нь аливаа зорилго, зорилтуудын эхний төлөвлөгөөг гаргадаг их чухал ажил гэнэ. Ингээд албандаа хоёр жил ажиллаад 1978 онд үндсэн мэргэжлийнхээ дагуу санхүүгийн хэлтэст шилжжээ. Эхэндээ бүртгэлийн нягтлан  бодогч хийж байсан С.Цэвэгдорж 32 жил ажиллахдаа энэ хэлтсийн бүхий л албан тушаалаар дамжсан гэдэг. Нягтлан бодогч гэдэг байнга их мөнгөтэй харилцдаг тул тун хариуцлагатай мэргэжил. Нэг л тоо буруу бичиж алдаа гаргахад асуудал үүснэ. Тиймээс цаг ямагт хянуур байхыг шаардана. Тухайн үед нягтлан бодогч гэсэн мэргэжил ямар нэгэн хэмжүүрт захирагддаггүй байв. Харин цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь нэмэгдэж, мэргэших шаардлага гарсан гэнэ. Тиймээс Монгол Улс бодлогоор мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэхээр болжээ. Ийнхүү 1995 онд Улаанбаатар хотод 17, Хөвсгөл аймгаас мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан 35 нягтлан бодогч хамрагдаж, Л.Энх-Амгалан, М.Батболд, Б.Пүрэвдорж, С.Цэвэгдорж гэсэн дөрвөн хүн мэргэшсэн нягтлан бодогч болов. Тэр үед нягтлан бодох бүртгэлийн тухай болон татвар, гааль, аудит, банк санхүүгийн холбогдолтой 20 гаруй хууль, долоон цаг үргэлжлэх хугацаатай зах зээлийн үеийн өгөгдсөн санхүүгийн мэдээллээр гүйлгээ хийж, тайлан тэнцэл гаргах жишээ бодлого гэсэн гурван төрлийн шалгалтыг авч дүгнээд хоёр жилийн эрх олгодог. Ингээд Хөвсгөл аймгийн анхны мэргэшсэн нягтлан бодогчид залуу үедээ зааж, сургасны хүчинд  богинохон хугацаанд тус аймаг 35 мэргэшсэн нягтлан бодогчтой болсон түүхтэй. Энэ үед С.Цэвэгдорж аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн хэлтэсийн ерөнхий санхүүчийн албыг хашиж байсан тул ажил үүрэг давхардсан гэж үзээд хэлтсийнхээ бүртгэлийн мэргэжилтэн Б.Лхагвадоржид салбарын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Тухайн үед Хөвсгөл аймгийн эдийн засгийн гол хөшүүрэг нь мал аж ахуй байв. Мөн тус аймаг улсаас татаас авах биш төсөвт татварын  орлого төвлөрүүлдэг  Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг аймаг байсан аж. Учир нь  ОХУ-аас орж ирж буй шатахуун Завхан болон Хөвсгөл аймгийн нутгаар дайрдаг байжээ. Түүнээс аймаг одоогоор бол онцгой, тухайн үед гүйлгээний татвар гэдгийг авдаг байсан гэнэ. Ингээд илүү давсан хөрөнгийг улсад өгдөг байсан нь тэр аж. 1970-аад онд Монгол Улсын нийт төсөв гурван тэрбум төгрөг. Харин зах зээлийн нийгэмд шилжих үед буюу 1990-ээд оны эхэнд Хөвсгөл аймаг гэхэд 270 гаруй сая төгрөгийн орлого, зарлагатай байсан тухай ахмад санхүүч С.Цэвэгдорж ярьсан юм. 

 

Цахим тооцооллын аргын анхны суурийг тавьсан нь

 

2000-аад оны үед Хөвсгөл аймгийн төсвийн байгууллагууд банкинд бие даасан данстай байжээ. Зарим нь бүр 2-3 данстай. Энэ нь санхүүч нягтлангуудын хувьд хянахад тун хүндрэлтэй байв. Харин энэ үед Төрийн сангийн тогтолцоо гэж анх үүссэн байна. Үүгээр өнөөх олон дансыг нь нэгтгэж, нэг болгоод Төрийн санд төвлөрүүлснээр хянахад илүү хялбар болсон гэдэг. Тухайн данс нь Хөвсгөлд ч бус Улаанбаатар хотын Монгол банкинд байршина. Зөвхөн И-мэйл, суурин утсаар дамжуулан, гүйлгээ тооцоог хийнэ. Ийнхүү Хөвсгөл аймгийн Төрийн сангийн төлбөр тооцооны журманд өөрчлөлт орж, төсвийн байгууллагынхны ажил үйлчилгээг аккурель суурьт шилжүүлэх ажлыг  гардан хийсэн хүн нь ахмад санхүүч С.Цэвэгдорж юм. Тэрбээр залуухан мэргэжилтэн анх аймагт ирэхдээ лааны сүүмэлзсэн гэрэлд модон шугам, хятад хар сампин дээр тоо бодож суусан цаг нь саяхан мэт. Харин цаг хугацааны уртад энэ салбарт  ололт амжилт хөгжил цэцэглэлт эрчимтэй явснаар тооны машинаас эхлээд санхүү, тооцооллын хурдтай системүүд бий болоход нь С.Цэвэгдорж ч даган хувьсаж, цаг ямагт өөрийгөө хөгжүүлэн бусдыгаа манлайлан ажиллаж ирсэн нь түүний түүхийн нэгээхэн хэсэг. Тэрбээр энэ хугацаанд Хөвсгөл аймгийн санхүүгийн албаны түүхийг өгүүлсэн хоёр ч номыг уншигчдын гарт хүргэсэн байна. Ингээд ажлаа өөрийн шавь Д.Гэрэлчулуунд хүлээлгэн өгөөд гавьяаны амралтдаа гарчээ. Харин түүний шавь Д.Гэрэлчулуун нь өдгөө Эдийн засгийн гавьяат ажилтан хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ.

 

Арбулагт танилцсан бүсгүй

С.Цэвэгдорж гэргийтэйгээ 1968 онд танилцаж гэр бүл болжээ.

Эдийн засагч С.Цэвэгдоржийн амьдралынх нь гол түшиг тулгуур, нэгэн биенийх нь тал болсон хүн бол түүний гэргий, гурван хүүхдийнх нь ижий Д.Өлзийбаяр. С.Цэвэгдорж гуай ханьтайгаа Хөвсгөл аймгийн Арбулагт танилцжээ. Сургуулиа төгсчихсөн, залуухан кино механикч Арбулаг суманд очсон гэдэг. Ямар ч хүн танихгүй түүнийг авч явсан жолооч нь гэртээ байлгахаар болов. Ингэж тэрбээр хоёр салаа гэзэгтэй, сумын клубын бүжигчин охинтой танилцсан нь Д.Өлзийбаяр байв. Тэд 1968 онд гэр бүл болж, өдгөө 56 жил ханилан, үр ачаа тойруулсан азай буурлууд болсон байна. Ханийнхаа цаг наргүй их ажлын онцлогийг ойлгож, итгэж, хайрласан тэрбээр С.Цэвэгдорж гуайн тухай “Миний хань залуу насаа Хөвсгөл аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд зориулсан хүн. Хэдийгээр гэртээ үзэгдэх нь бага, хариуцлагатай алба хашиж явсан ч сайн хань, үр хүүхэддээ сайн аав байсаар ирсэн. Эмэгтэй хүний амьдралын хамгийн дээд аз жаргал бол сэтгэлийн амар амгалан шүү дээ. Би ханьтайгаа амьдарч буй 56 жилд нэг ч удаа сэтгэлийн шаналал амсаж байсангүй. Хань минь тийм л ноён нуруутай, түшигтэй, сайхан монгол эр хүн” гэж тодорхойлсон юм. Хань Д.Өлзийбаяр нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт бичиг хэргийн ажилтнаас  Аймгийн Цагдаагийн байгууллагын “нууц”, архивын эрхлэгчээр олон жил үр бүтээлтэй ажиллаж гавьяаныхаа амралтад суусан бэлтгэл цагдаа. Ийм л нэгэн амьдралын арвин түүхтэй, хийж бүтээсэн нь хэний ч нүдэнд илхэн, Монголын шилдэг нягтлан бодогчдын нэг С.Цэвэгдорж гуай Хөвсөл аймагтаа аж төрөн сууна.  

С.Цэвэгдорж гуайнх гурван хүүхэдтэй бөгөөд өдгөө үр ач нийлсэн 26-лаа, өнөр өтгөн аж төрж байна. 2016 он.
Урд эгнээнд зүүн гар талаас С.Цэвэгдорж, Д.Гэрэлчулуун, Ч.Батбаатар, хойд талд зүүн гар талаас Г.Эрдэнэчимэг, Х.Ган-очир нар.

Санхүүгийн төлбөр тооцоог шинэчлэн Төрийн сангийн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойд

 

ДУРСАМЖ

 

Нийгэм солигдох хэсэгхэн хугацаанд

Нийтээр хүндрэл бэрхшээлтэй учирсан юм,

Нийтийн өмч, хөрөнгө эзэнгүйдэж

Нийтэд тараах яриа сөхөгдсөн юм

Үйлдвэрийн газруудын ихэнх нь

Үүд хаалгаа барьж хаагдав

Үүнээс орох татвар хомсдож

Үгүйлэгдэн дутагдаж эхлэв

Орж ирэхгүй болсон орлогыг

Облигац, сугалаагаар хүртэл орлуулж

 Оногдох ёстой цалин тэтгэвэрт нь

Орлуулан тооцож суутгаж үзэв

Цалин, тэтгэвэрт зориулсан мөнгийг

 Цааш, нааш нь зувчуулан зарна

Өндөр үнээр бараа, хүнс авна

Өртүүлж түүнийгээ бас үлдээнэ

 Багш,ажилчид цалин хөлс нэхнэ

Байс хийгээд л цуглана,жагсана

Гал унтраалгахаар биднийг илгээнэ

 Гай зовлонг бас үүрнэ

Утга, учрыг нь тайлбарлах гэж хичээнэ

Улс, орон даяар ийм л байсан юм

 Энэ үе хэсэг үргэлжилсэн юм

Үүнээс гарах гарц хайсан юм

тооцооны системийг өөрчилж

Төрийн сангийн тогтолцоог

 төвөгтэй хэдий ч хийх ёстой байлаа

 Засгийн газрын ч шийдвэр гарав

хугацаа нь 2002.07.02

Төвд Батгаа бид хоёр дуудагддаг

Төрийн сангийн тамга,хадагтай

Төлөөлөгчдийн тэмдэг, батламж

Тухайн үедээ юу хийхээ мэдэхгүй байв

Тэгээд ч тэвдэж бачимдацгааж эхлэв.

Майга гишгэдэг Батгаа/Ч.Батбаатар/

Магадлан лавладаг Цэвгээ/С.Цэвэгдорж/

Махлаг биет Ганаа /Х.Ган-Очир/

 Намхан нуруут Чимгээ/Г.Эрдэнэчимэг/

Намуун аяст Гэрлээ /Д.Гэрэлчулуун/ нар

Таван хуруу баг болов

Төрийн сангийн тогтолцоог

Түгээн хэрэгжүүлэхэд шамдацгаав.

Ирээдүйн үйл хэрэгтээ ч

Итгэл дүүрэн орцгоов

Унтах нойроо ч хагаслав

Ууж идэх цагаа ч багасгав

Нийлүүлж тооцохдоо нэг нь илүү

 Нэмэлт судалгаа авахдаа нөгөө нь илүү

Цахим тооцоолуур ашиглахдаа

Цаадах нэг илүү сайн

Баримт, материал ашиглахдаа

Бас нөгөө нь бүр ч илүү

Базаж, нэгтгэж дүгнэхэд

Бараг бүгд ижил сайн

Ийм таван нөхөд

Ижилдэн дасч ажиллацгаав

 Эв нэгдлийг эрхэмлэн зүтгэцгээв

Эрвийх дэрвийхээрээ чармайцгаав

Төрийн сангийн тасгаа байгуулав

Төлөөлөгчдөө сум бүрт томилуулав

 Түргэвчилсэн сургалт зохион байгуулав

Тэмдэг батламжийн нь ч гардуулав

Төв хөдөөгүй банкинд байршуулсан

Төсвийн байгууллагуудын олон дансыг

Төвлөрүүлэн, төлөөлөгчдийн мэдэл

Төрийн сангийн тасагтаа нэгтгэж авав

Дансны нийлбэр дүнгээр

Төв банкинд нэг л данс нээлгэв

 Тэр дансны нэр нь "ХӨВСГӨЛ"

Тэглээ гээд харилцах гүйлгээ нь энд

Харилцагч байгууллага бүр дээр

Харьцах бүртгэлийн данс нээв

Хэнд хаанахыг хариуцуулахаа

Хэлэлцэн ярьж тохироцгоов

Хаана юунд зарцуулах гүйлгээг

 Хараа хяналтандаа авч чадав

Төв банктай эхлээд И-мэйл суурин утсаар

 Эцэст нь сансараар холбогдож FREE баланс, онлайнаар

Шууд гүйлгээ хийдэг болсноор

Төрийн сангийн нэгдсэн тогтолцоог

Түгээмэл шинжинд нь оруулсан юм

 Бэлэн мөнгөөр үйлчилдэггүй болохоос

Банкны үүргийг бид гүйцэтгэдэг болов

Цалин тэтгэвэр, тэтгэмж бэлэн мөнгийг

 Чех бичиж банкуудаар олгож эхэлсэн юм

Хорин хэдэн төлөөлөгчидтэйгээ

Хоршин хамтарч ажилласан юм

Тоймлон зарцуулдаг санхүүжилтийг

 Тохирсон хэмжээнд нь болгосон юм

Өндөр үнээр худалдан авч

Өртүүлэн үлдээдгийг зогсоов

Хэрэгцээгүй зүйлд зарцуулж

 Хэтрүүлж хэрэглэдгийг болиулав

 Өгөх, авахаа зэрэг хийж

 Өр төлбөр үүсгэдэггүй болов

Үрэлгэн хэрэглээг үгүйсгэж

Үргүй зардлыг ч багасгав

Төрийн сангийн үйл ажиллагаа нь

 Төрийн өмнөөс хийгдсэн хэрэг

Татвар төлөгчдийн хишгийг

Таарсан зүйлд нь зориулах үйлс

Төвлөрүүлэн нэгтгэж хянах нь

Төвөгтэй, хэл амтай хэцүүхэн л байв

Бэрхшээл, зовлон бишгүй л тохиолдов

 Битүүхэндээ ихэнх нь эсэргүүцэж байв

 Захиран зарцуулах эрх хаслаа л гэнэ

Заавал хэрэгжүүлэх тогтолцоо биш л гэнэ

Эрх мэдэл булаалаа л гэнэ

Эгдүйцсэн нь янз бүрээр хэлэв

Төвлөрсөн нягтлан бодох ангитай

Төстэй хэрэг боллоо л гэнэ

Төдөлгүй тэгээд болино доо л гэнэ

Тэр үед нь санхүү дампуурна л гэнэ

Үзэл бодол өөрч Үйлс зорилго нэг

Тал талын санаатай ч Тавьсан зорилго нэгдмэл бид

Тааруухан дээрх шүүмжлэлд

Таалагдах сэтгэлээр нь хариу барьсан юм

Тавь, жаран хоногоор

Тавигдаж олгодоггүй байсан Тэтгэвэр, тэтгэмж цалинг

Тэр л хугацаанд нь багтаан

Төвөггүй олгодог болсон юм

 Тавьсан их өр, төлбөрөө

Тохируулж тэд барагдуулсан юм

Тооцож, төлөвлөсөн санхүүжилтийг нь ч

Тогтоосон хугацаанд нь өгдөг болсон юм

Үүгээрээ бид бахархах ёстой

 Үнэндээ энэ нь зөв тогтолцоо юм

Хамтран ажиллах хүчийг үзүүлж

 Хамаг олны талархлыг хүлээж

Үүргээ биелүүлэх нь бидний зорилго байв

Үүнийгээ хэрэгжүүлэх гэж бид зүтгэцгээсэн

Төрийн сангийн нэгдсэн тогтолцоо нь

Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт

Төлөвлөж тооцоход хөтөч

Тайлагнан нэгтгэхэд гүйцэтгэгч

Нэгтгэн дүгнэхэд тоолуур

Нийлүүлээд бодоход зуучлагч

Төр түмнийг санхүүгээр шижимлэх

Төвөг чирэгдэлгүй үнэнч гүүр юм

Түүгээр овоглосон санхүүчид

Төрийн сангийн соргог манаачид

/АХМАД САНХҮҮЧ С.ЦЭВЭГДОРЖ/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 14 (7258)