Д.ЦЭРЭННАДМИД
Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, доктор профессор Тугалхүүгийн Баасансүрэн ёстой шоргоолж шиг ажилсаг нэгэн. Түүний бүтээлийн тоонд луу над шиг “амьтан” хэд хэчнээн болсныг тоолж ч чадамгүй юм. Сая “Сэтгүүчид эрин, цаг үеийнхээ түүхийг бичдэг, үнэ цэн нь үүгээр тодорхойлогддог” гэсэн нэртэй томоохон боть номоо уншигчиддаа хүргэлээ.
Т.Баасанхүүгийн сүүлийн үеийн бүтээлүүд голдуу утга зохиол, сэтгүүлзүйн судалгаанд чиглэгдэж байгаа. Тэр бүхэн нь номын садан нөхдийнхөө бүтээлд дүн шинжилгээ хийсэн, тухайн зохиолчид нь урам зориг нэмэхүйн чиг шугмыг баримтласан цаашлаад өнөөгийн нийгмийн саарал талыг засч залруулахад гол санаагаа чиглүүлсэн байдаг гэж хэлж болно.
Өнөөгийн зарим зохиолчид том том роман тууж бичээд л байх нь олонтаа. Тэгвэл Т.Баасансүрэн гэдэг хүний тэднээс ялгагдах нь бусдынхаа бүтээлийг олон талаас нь шинжлэн судалж зөв зүйтэйг дэмжин сайшааж буруу зөрүүг шүүн тунгааж өгдгөөрөө онцлог юм.
Түүний шинэ номын нээлтэд очсон Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан, эрдэмтэн, зохиолч ардын багш Л.Дашням, сэтгүүлзүйн ухааны доктор Л.Норовсүрэн, нэрт орчуулагч Б.Магсаржав, Ж.Нэргүй, Д.Бор нарын олон мэргэд хэлсэн үгэндээ: Т.Баасансүрэн гэдэг хүний бүтээлч, хөдөлмөрч чанарыг олон жишээ баримт дурдан ярьж байлаа. Тэр дотроос нэн тод нэг тодорхойлолт нь түүний бусдыг дэмжиж урам өгөхийн төлөө төрсөн юм шиг уйгагүйгээр хөдөлмөрлөж залуу үеийнхнийг хөтөлж хөгжүүлж яваа хүн гэж хэлсэн юм.
“Сэтгүүлчид эрин цаг үеийнхээ түүхийг бичдэг, үнэ цэн нь үүгээр тодорхойлогддог” нэр бүхий утга зохиол, сэтгүүлзүй, орчуулгын бүтээлийн шүүмж судлалын ном нь үндсэн гурван бүлэгтэй. Утга зохиол, сэтгүүлзүй, орчуулгын тухай өгүүлсэн бий.
Тэр дотроос онцлоход гадаадын нэрд гарсан сонгодог зохиолчдын бүтээлийг эх хэлээрээ түмэн олны сонорт хүргэж байгаа орчуулагч олон хүний бүтээлд үнэлэлт дүгнэлт өгсөн нь бараг анхных нь байж ч магадгүй юм.
Зарим баримт дурдвал, Шекспирийн сонетуудыг англи хэлнээс Б.Магсаржав хөрвүүлж, доктор Л.Дашням шүүн ариутгаж номын үүдийг өргөсөн тухай онцлон хэлжээ.
Цаашлаад Д.Цахилгааны “Илиада ба Одиссэй” хэмээх их хөлгөн судрууд, Ч.Даваадашийн Гегелийн “Логикийн шинжлэх ухаан” гурван ботийн орчуулгыг сонжин үзээд тэр бүхнийг манай дуун хөрвүүлэгчид уншигч олноо соён гэгээрүүлж байна гэж бахархан тэмдэглэжээ.
Т.Баасансүрэнгийн мэргэжлийн сэтгүүлчээр ажилласны 50 дахь жил нь энэ онд тохиож байгаа юм байна. Энэ хүн энэ ойдоо утга зохиол нийтлэлийн 38, судалгаа шинжилгээний 44 ном бүтээлээ өргөн барьж байгаа юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 13 (7257)