Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ”сонин “Өөр зочин” буландаа УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Шижирболдыг урилаа.
-Удахгүй УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн шилдэг дуурь болох “Евгений Онегин”-ыг үзэгчдэд хүргэхээр зэхэж байна. Энэ удаагийнх 77, 78 дахь удаагийн тоглолт гэсэн үү?
-“Евгений Онегин” дуурь нь Монголын театрын хөгжилд томоохон байр суурийг эзэлдэг. Учир нь манай театр анх 1963 онд улсын хөгжимт драматик театраас Улсын дуурь бүжгийн театр болж өрх тусгаарласан. Энэ үед хамгийн анх нээлтээ хийсэн дуурь нь “Евгений Онегин” юм. Үүнээс хойш 61 жилийн хугацааг үджээ. Өдийг хүртэл энэ дуурь уламжлал ёсоор тоглогдсоор байна. Энэ хугацаанд нэг хоёр удаа тавилт нь өөрчлөгдсөн байдаг. Харин энэ удаад энэ сарын 20, 21-нд үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна.
-Нэг бүтээлийн ард асар олон хүний хөдөлмөр бий. Таны хувьд бэлтгэл хэр хангагдаж байна?
-Сонгодог урлагийн тоглолт үнэ цэнтэй. Тиймээс уран бүтээлчид бид өдөр бүр бэлтгэлдээ шамдаж байна. Энэ удаа “Евгений Онегин” дуурийг залуу удирдаач н.Тэлмүүн-Очир дохино. Би энэхүү дуурьт тасралтгүй 10 жил дуулж байна. Энэ хугацаанд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх гуай удирдаж байлаа. Би гавьяат жүжигчин Д.Банди багшийн шавь. Багш минь анх энэ дуурийг тавихад Ленскийд дуулсан юм билээ. Тиймээс намайг оюутан байхад тухайн дуурийн ари болон хэсгүүдээс дуулуулдаг байсан. Ленский бол залуу хүний уянгалаг дүр. Тиймээс миний хувьд “Евгений Онегин” дуурьт ажиллахад хэцүү байгаагүй.
-Та 2009 оноос 10 жилийн хугацаанд тасралтгүй Ленский дүрээр үзэгчидтэй уулзсан гэлээ. Үүнээс хойш хэсэг завсарласан шалтгаан юу байв?
-Би 2019 онд ОХУ руу мэргэжил дээшлүүлэхээр явсан. Тэнд очоод ОХУ -ын Ардын жүжигчин Константин Павлович Лисовский багшийн шавь болсон. Багш минь намайг Монголын театрт дуулж байгаад суралцахаар ирснийг үнэлж, чин сэтгэлээсээ чаддаг бүхнээ зааж, зөвлөсөн. Би ч агуу Орос орон, багшаасаа их зүйл сурсан гэж боддог. Тухайлбал, нэг дүрийг дуулахдаа нухацтай ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Түргэн хугацаанд яарч гаргасан бүтээл сайн болдоггүй талтай. Тиймээс чин сэтгэлээсээ нямбай ажиллахыг хичээдэг болсон. Ингээд 2022 онд эх орондоо ирсэн юм. Таван жилийн дараа энэ дүрээрээ үзэгч олонтойгоо дахин уулзах гэж байгаадаа баяртай байна.
-Дуурьт Ленскийн дурлалт бүсгүй нь Ольга гэж гардаг. Энэ дүрд хэн дуулах вэ?
-Ольгагийн дүрд дуучин Б.Уранзолбоо анх удаа дуулахаар бэлтгэлээ хийж байна. Аливаа дуурийн амин сүнс нь найруулагчийн тавилт, чиг шугам байдаг. Харин энэ удаагийн “Евгений Онегин” дуурийг 1980-аад оны тавилтаар үзэгчдэд хүргэх гэж байгаа нь бас нэгэн онцлог нь болов уу.
-ОХУ-д сурч байхдаа та орос дуучидтай хэр хамтарч дуулдаг байв?
-Суралцах хугацаандаа хичээлийнхээ хажуугаар театрт дуулдаг байсан. Орос дуучидтай хамтарч уран бүтээлд ажилласан туршлага бий. Нэг зүйл ажиглагдсан нь манай улс харьцангуй цөөн хүн амтай, дуурийн нэг л театртай. Харин ОХУ урлагийн олон сургууль, театртай учраас дуучин ихтэй. Үүнийг дагаад өрсөлдөөн их билээ. Мөн үзэгчид нь их боловсролтой. Зорьж дуурь үзэхдээ тухайн дуурь болоод дүрийг судалчихсан байх жишээтэй. Эрт үеэс уламжлагдаж ирсэн сонгодог урлагийн энэхүү соёлыг нь хараад бахархах сэтгэл төрж байлаа. Үүнээс гадна ямар ч үед тоглолт нь дүүрэн үзэгчтэй байдаг. Харин Монголд мэргэжлийн уран бүтээлийн тоглолт хийхэд хүмүүс ирж үзэх нь асуудалтай. Гэхдээ бид үзэгчдэд тааруулж бус чанартай бүтээлээр оюун санааг тэлж хөглөх үүрэгтэй гэж боддог учир тасралтгүй уран бүтээлээ хийсээр ирсэн.
-Сайн багшаас чадварлаг шавь төрдөг. Танд Д.Банди багш хэрхэн зөвлөгөө өгч, юу гэж захидаг байсан бэ?
-Багш минь дуурийн театрт тасралтгүй 40 жил ажиллсан. Үүний 10 жилд нь тенор хоолойн хүндийг ганцаараа нуруундаа үүрч явсан гэдэг. Багш минь цаг ямагт шавь нараа сайн дуучин болгохын төлөө хичээж, хөдөлмөрлөсөн хүн. Биднээр нэг уран бүтээл дуулуулахдаа хэзээ ч бидэнд таалагдсан бүтээлийг өгдөггүй байв.Тухайн уран бүтээлийг дуулаад хэрхэн хөгжих, ирээдүйд нь ямар өгөөжтэй болохыг л хардаг байсан. Тиймээс дасгал болон системтэй программаар зааж чиглүүлснийх нь хүчинд шавь нар нь өдгөө сайн явна.
-Та дуучин болох мөрөөдөлтэй байв уу. Эсвэл өөр хувь тохиолоор энэ мэргэжлийг сонгосон юм уу?
-Миний ээж аав урлагийн хүмүүс. Тиймээс урлагтай их ойрхон өссөн. Би Өвөрхангай аймагтаа их сургуульд элсэх шалгалтаа өгсөн. Тухайн үед орон нутагт СУИС-ийн хуваарь очих нь бага байлаа. Харин тэр жил азаар хуваарь ирсэн юм. Элсэлтээр гавьяат багш Ц.Дэлгэр ирж шалгалт авсан. Тухайн үед надад хандаж, “Намар хотод очоод уулзаарай. Би чамд багш олчихсон байна” гэж билээ. Ингээд намар нь болж, сургуульдаа ирээд Ц.Дэлгэр багштай уулзахад намайг нэг багшид захисан гээд Д.Банди багштай уулзуулсан юм. Тухайн үед ээж минь Д.Банди гэж мундаг хүн шүү. Алтан үеийн сайн дуурийн дуучдын нэг гэж хэлж байсан. Харин би дуурь сайн мэддэггүй байсан учраас багшийгаа танихгүй. Харин багш минь намайг шалгаад дуурийн дуучин болоорой, чамд ирээдүй байна гэж хэлсэн. Мөн тайзнаа сайн дуулахын тулд сайтар бэлдэх хэрэгтэйг аминчлан хэлж байлаа. Тухайн үед ч багшийн шавь нар мэргэжлийн ур чадвар сайн учир уралдаан тэмцээнд амжилттай оролцдог байсан. Багш ч хүүхдүүддээ их урам өгч,хайрлана. Тэр үед багш дээр ихэвчлэн хөвгүүд суралцдаг байсан. Тиймээс сургуулийнхан биднийг “Бандийн банди нар” гэж хочилно. Багшийн ур ухаанаас нэг үеийн олон сайн уран бүтээлч төрсөн дөө.
-Тэгвэл та УДБЭТ-тай ажил, амьдралаа хэрхэн холбож байв?
-Би хоёрдугаар дамжаанаасаа мэргэжилдээ илүү сайжирсан. Энэ үеэс уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргаж эхэлсэн. Багш минь “Чи дуурийн дуучин болно шүү. Хаана дуулмаар байна” гэж их асууна . Энэ үеэс эхлээд “Чио Чио сан” дуурьт дуулахыг зөвлөсөн. Мөн хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн дууриудад миний хоолой тохирохыг хэлсэн. Дуурийн театрт орохоосоо өмнө энэ дуурийг бэлдэж байлаа. Ингээд театрт ороод найруулагч, удирдаач нарт сонсгоход таалагдсан. Ингээд сургуулиа төгсөөгүй байхдаа л энэхүү том дуурьт дуулсан түүхтэй.
-Та урлагийн удамтай гэсэн. Аав, ээжийнхээ тухай яриач?
-Би урлагийн гэр бүлд өссөн. Аав минь гавьяат жүжигчин Д.Ганбаатар гэж уртын дуучин бий. Харин ээж минь Соёлын тэргүүний ажилтан хөгжимчин П.Сарантуяа. Тэд насаараа Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаад, гавьяаны амралтдаа гарсан. Мөн ах минь жүжигчин мэргэжилтэй. Манай хамаатнууд дунд дуулдаг, хөөмийч, хөгжмийн зохиолч гээд урлагийн хүн олон бий. Харин ээжийн минь аав, миний өвөө сэтгүүлч мэргэжилтэй ч урлагт элэгтэй хүн байсан.
-Таны бага насны дурсамж театртай холбоотой байх. Аав ээжийгээ дагаж ажил дээр нь их очдог байв уу?
-Театрт ажилладаг уран бүтээлчийн хүүхдүүд ажил дээр нь очих үе гарна. Аав ээжийн уран бүтээлийн бэлтгэлийг хажуугаас нь харж өссөн. Мөн тоглолт бүрийг нь үзнэ. Миний санаанаас гардаггүй нэг дурсамж гэвэл нэгэн тоглолтод би хэнгэрэг тоглосон. Дууны өргөгдөж байгаа хэсэгт тоглох ёстой байсан боловч дуу дуустал хэнгэргээ нүдэж билээ. Хүүхэд насны нэгэн сайхан дурсамж минь юм даа.
-Анхны тайз, уран бүтээлч хүний сэтгэлд том орон зайг эзэлдэг. Та хэдэн настай байхдаа дуулж эхэлсэн бэ?
-Би бага байхдаа ойр дотны хүмүүсийнхээ дэргэд, эсвэл гэртээ ганцаараа байхдаа дуулна. Тухайн үед хөрш айлд миний дуулж байгаа нь хананы цаанаас сонсогддог байсан юм билээ. Сүүлд хөрш айлын эгч “Шижирээг дуулахыг сонсдог байлаа” гэж ярьсан. Ээжийн нагац н.Дашзэвгэ гэж хөгжмийн зохиолч бий. Мөн эхнэр нь дуучин. Ах эгч хоёр нэг удаа сумуудаар тоглолтод явахдаа намайг дагуулж явж, дуулуулсан. Суманд очоод тайзнаа гарахад өвдөг чичирч байсан ч хоолой зүгээр байж билээ. Ингэж анх тайзан дээр гарсан энэ дурсамжаа хэзээ ч мартдаггүй.
-Та сонгодог урлагийн дуучин. Тиймээс хувьдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлж, үргэлж суралцахыг хичээдэг. Дуурийн дуулаач мэргэжил хүнээс хувийн зохион байгуулалт, байнга бэлэн байхыг шаарддаг.
-Уран бүтээлчид ирээдүйгээ урьдаас төлөвлөдөг. Харин таны хувьд?
- Уран бүтээлчийнхээ хувьд дуулаагүй дүрүүддээ өөрийгөө соримоор байна. Уран бүтээлдээ төлөвлөгөөтэй, нямбай байхыг эрмэлзэж байгаа. Өмнө жилийн тавдугаар сард Б.Гомбо-Очир, Б.Батжаргал найзтайгаа уран бүтээлийн тоглолтоо толилуулсан. Ингэхдээ тенор хоолойн алдартай бүтээлүүдийг дуулж, үзэгчдэд хүргэсэн. Энэ үед дуулсан хоёр шинэ уран бүтээлээ бичүүлсэн. Цагаан сараас өмнө үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна. Мөн ганцаарчилсан уран бүтээл хийх бодол бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 13 (7257)