С.УЯНГА
Асрахуйн эдийн засаг гэдэг хүний амьдралын бүх үе мөчлөгтэй холбоотой ойлголт. Манай улс асран халамжлах хөдөлмөрийг хувь хүний, гэр бүлийн асуудал мэтээр орхигдуулж ирсэн. Гэтэл улс орнууд эдийн засгийн ач холбогдлыг ойлгож угтах бодлого хэрэгжүүлж байна.
Асрахуйн эдийн засаг гэдэг хүний юм уу эсвэл гэр бүлийн асуудал биш. Нийгэм бүхлээрээ хамаарна. Үндэсний хэмжээний, бодлогын судалгаа хийхээр эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй нарийн асуудлуудыг төдийлөн гаргаж ирж чаддаггүй. Мөн шийдэл, шалтгаан нь юу вэ гэдгийг хардаггүй. Гэвч ажиллах түвшний тоо жилээс жилд буурч эрэгтэйчүүдээс даруй 14 хувиар бага байдал 10 гаруй жил үргэлжилж байна. Үүний эхний гурван шалтгаан нь хүүхдээ харах, өвчтэй хүн асрах, хүүхдээ сургуульд зөөх асуудал ордог. Үүнээс шалтгаалан эмэгтэйчүүд албан тушаалын, цалин боломжийн ажил эрхэлж чадахгүй байна гэсэн судалгааг эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд танилцууллаа. Ганцхан кейсээс харахад 2016 онд МАН анх “Цалинтай ээж” хөтөлбөр боловсруулсан. Хүн төрүүлж, өсгөнө гэдэг тухайн гэр бүлийн асуудал бус нийгэмд ажиллах хүч бэлтгэх, нөхөн хадгалагдах процессыг үйлдвэрлэх, хүн хэмээх баялаг бий болгож буй хөдөлмөр. Тиймээс дэлхийн улс орнууд ч өрх гэр бүлдээ “Хөгжлийн тэтгэлэгт хөтөлбөр” өгдөг. Анх хөгжлийн зориулалт маягаар гарч ирсэн ч явц дундаа халамж болж хувирсан. Тодруулбал, цалинтай ээжийн 50 мянган төгрөг авч буй ээж ямар нэгэн орлого олсон тохиолдолд энэхүү хөтөлбөр зогсоно. Анх залуу гэр бүлийн амьжиргааг дэмжинэ гэсэн ч эсрэгээ болсон. Хэрэв цалин юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс яагаад 11 дахин бага байгаа юм бэ гэдгийг хүн эрхийн төлөө тэмцэгч бүсгүйчүүд тооцоо судалгаан дээр тулгуурлан хөндөж гаргаж ирлээ.
Бичил бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд ЖДҮХС-нд хамаардаггүй. Ихэнх эмэгтэйчүүд бичил бизнес эрхэлж байгаа хэрнээ зээлийн шалгуур онцлогт нийцдэггүй. Эмэгтэйчүүдэд гурван янзын шалгуур тавьдаг. Үүнд, өөрийн гэсэн үйл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, газартай байх ёстой гэдэг. Эдгээрийн аль нэг нь байж зээл олгоно. Гэтэл эмэгтэйчүүдэд аль нь ч байхгүй. Яагаад гэхээр хувийн өмчгүй, нийтийн өмчтэй нийгмээс ирсэн. Энэ хугацаанд эмэгтэйчүүд хөрөнгийн өмчлөлийг өөр дээрээ авах процессоос гээгдсээр ирсэн. Тиймээс зээл ч авч чадахгүй, өмч эзэмшиж чадахгүй, өмч залгамжлал, гэрээслэлийн харилцаанаас гээгдэж байгааг иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн дэвшүүлж гарч ирлээ. Ийнхүү эдгээр цогц болон бусад олон чухал асуудлаар хот, хөдөөгийн бүсгүйчүүд шийдэл хайлаа. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхэд дэмжлэг үзүүлэх ажлын байрны бэлгийн дарамтын хохирогчийг хамгаалах, боломжоо баялаг болгоё, “Ажлын байрны тохируулга” цахим хуудасны танилцуулга, Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх нэмэгдүүлэх хөтөлбөр зэрэг олон сэдвээр харилцан суралцах орон зайгаа нөхөж туршлага судлав. Тэдний заримынх нь байр суурийг хүргэе.
МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний гүйцэтгэх захирал Д.Энхжаргал: ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ӨГСӨН ЗАЛУУ ЭЭЖ АЖИЛД ОРЖ ЧАДДАГГҮЙ
-Цэцэрлэгийг сугалаагаар явуулахаа больсныг боломж гэж харж байна. Гэтэл үнэхээр хүүхдээ цэцэрлэгт өгсөн залуу ээж ажилд орж чаддаг уу. Үгүй. Яагаад гэвэл дэд бүтэц хангалтгүй. Бага ангийн болон цэцэрлэгийн хүүхэдтэй. Цэцэрлэгийн багтаамжаас хамаараад цагийн менежмент хийж чадахгүй байна. Хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөх орлогогүй. Хувийн цэцэрлэгүүдэд төрөөс 200 мянган төгрөг өгч, зөрүүг нь эцэг эхчүүд төлж байна. Гэтэл хувийн цэцэрлэгийн төлбөр 700 мянган төгрөг болсон. Тэгэхээр энэ хувийн хэвшлийг дэмжих бодлого юм уу, эцэг, эхчүүдийг дэмжих бодлого юм уу. Зохих эзэндээ хүрч чадаж байна уу гэдгийг бодох ёстой.
“Сурах чадварыг бэхжүүлэх төв” ТББ-ын тэргүүн Б.Батзол: БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРДАГ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 247 ЭЭЖИЙГ ЧАДАВХИЖУУЛСАН
- Манай ТББ Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг. Канадын гадаад хэргийн яам Азийн сангийн зарласан тэтгэлэгт төслийн уралдаанд оролцон, шалгарч зургаан сарын хугацаанд төслөө хэрэгжүүлсэн. Гэртээ бага насны хүүхдээ асардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг ээжүүд маань эдийн засгийн орлогоо нэмэгдүүлэх эрх мэдлийг бий болгоход хязгаарлагдмал байна. Үүнийг өөрчлөх зорилготой. 247 эмэгтэйг төсөлд татан оролцуулж, технологийн сургалт, ажлын байр, дадлага хослуулан чадавхижуулсан. Үр дүнд нь мэдлэгийн ахиц гарснаар үнэлэгдэж байна. Мөн ээжүүд шарах шүүгээ, хүлэмж ажиллуулах байдлаар хөрөнгө оруулсан. Шарах шүүгээний дэмжлэг авсан гурван хүүхдээ асардаг эмэгтэй бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж шинэ жилээр борлуулалтаа 10 хувиар нэмэгдүүлсэн үнэлгээтэй байна. Аль болох бүх сумын төлөөллийг хамруулахыг зорьсон. Төслийн тогтвортой байдлыг хэрхэн хангах вэ гэдгийг ярилцахаар хотод ирлээ.
"Эмэгтэй удирдагч" сангийн тэргүүн М.Болормаа: АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА
- Эмэгтэйчүүд эдийн засгийн эрх мэдлээ эдлэх, хэрэгжүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэх ёстой. Гэтэл эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэх явцдаа ажлын байрны бэлгийн дарамт, зөрчилтэй тулгарч, хохирогч болдог. Хохирогч давхар хохирогч болдог. Бэлгийн дарамтын хохирогч болсон байхад шийдвэрлүүлэх явцад сэтгэл санаа, эдийн засаг, гэр бүлээрээ хохирдог. Эдгээрийг тодорхой кейсүүд дээр тулгуурлан дүн шинжилгээ хийсэн. Шийдвэрлэх явцад олон талын оролцоо бий болдог. Зөрчлийн хуульд тусгасан учраас хэрэг бүртгэл, цагдаа, прокурор, шүүгч, иргэний нийгмийн төлөөлөл, өмгөөлөгчид мөн үйлдсэн этгээд. Хохирогчоо хохирогч болгохгүйн тулд улам далд хэлбэрт оруулахгүй байх, хохирогчийг хамгаалах хэрэгтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 13 (7257)