П.АМГАЛАНБАЯР

 

Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих  жил болгож зарласан. Энэ хүрээнд зүүн, говь, баруун, төв, хойд, хангай, гэсэн зургаан бүсэд хувааж бүх салбарыг эдийн засгийн хувьд хөгжүүлэх  зорилттой ажиллаж байгаа билээ.  Манай улсын хөгжлийн томоохон салбарын нэг бол хөдөө аж ахуй. Тиймээс Монголын арьс ширний холбооны тэргүүн  Т.Баярсайхантай ярилцлаа.

 

-Манай улсын арьс ширний салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байгаа вэ. Энэ талаар ярилцая.

-Монгол Улсын арьс шир тэр дундаа хөнгөн  үйлдвэрийн салбарын үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байна.

1934 онд анхны  машинт үйлдвэрлэл бий болж аж үйлдвэрлэл үүссэн түүхтэй. Өнөөгийн арьс ширний салбарт залуучуудын шинэ үе, давалгаа бий болж байна. Техник, технологи, мэргэжилтнүүдийн хувьд сайн байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сард дэлхийн арьс ширний группийн шаардлагыг хоёр компани хангаж гэрчилгээгээ авсан. Байгаль экологид хэрхэн нөлөөлж байна, хүний, хүүхдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлж байна, жендэрийн асуудал, үйлдвэрийн тоног төхөөрөмж ямар байна, ус, цахилгаан, дулааны хэрэглээг багасгасан  байх хэрэгтэй гээд шаардлага тавьсан.   Энэ мэтчилэн сайн жишиг олон байна. 

Үүний хажуугаар муу зүйлүүд ч бий. Тухайлбал,  манай улсын арьс ширний түүхий эдийн чанар жил ирэх тусам муудаж байна.  Нэгдүгээрт, хачиг хувалзны гэмтэл их байна. Хоёрдугаарт, махны үйлдвэрт биш хээрийн бойгоор малыг  нядалж арьс ширийг нь  гэмтээдэг. Өөрөөр хэлбэл махнаас ашиг  олчихоод байгаа учраас арьс шир болон бусад дайвар бүтээгдэхүүнүүдийг ашиглахгүй, хаяж үнэгүйдүүлж байна.  Гадаад зах зээлд  арьс ширний эрэлт их байгаа боловч манай улс төдийлөн хангаж чадахгүй байгаа.

-Ер нь цаашдаа арьс ширний салбарыг ямар  байдлаар хөгжих ёстой гэж харж байна вэ. Энэ салбарын хөгжлийн гарц, шийдэл юу вэ?

-Өнгөрсөн онд бүх төрлийн арьс ширийг түүхийгээр экспортлох зорилгоор  техникийн зохицуулалтыг хүчингүй болгосон. Ингэснээр  БНХАУ-тай хорио цээрийн гэрээтэй учраас  адууны ширийг түүхийгээр гарах боломж бүрдсэн.  Бусад орнуудтай хил дамнуулан худалдаалахад хориглодог хорио цээрийн А зэрэглэлийн өвчний хувьд заавал хорио цээрийн гэрээтэй байж экспортолдог. Ийм  зүйл байхгүй учраас  боломжгүй байгаа. Гэхдээ  бид аль нэгэн орны түүхий эд бэлтгэхээс илүүтэй дотооддоо хагас, гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх  хэрэгтэй гэдгийг  цар тахлын үе бидэнд ойлгуулсан. Дотооддоо  бүх төрлийн бүтээгдэхүүнийг хийснээр  улс орон хөгжинө.  Нөгөөтэйгээр аж үйлдвэрийг хөгжүүлж байж  улс орон хөгжиж,  ажлын байр нэмэгдэн, гадагшаа урсаж байгаа их валютыг дотооддоо үлдээх боломжтой гэдгийг ойлгосон  байх.

-Тэгвэл арьс ширний салбарын хөгжлийг бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрхэн харж байна?

- Ер  нь бүсчилсэн хөгжлийн үзэл  баримтлал бодлого  явж байгаа нь маш сайн хэрэг. Манай улс бүсчилсэн хөгжлийн  хүрээнд салбаруудын үйл ажиллагаа илүү  хөгжөөд явах боломж нээгдэнэ гэж хардаг.   Бүсчилсэн хөгжил гэдэг бол улс орны  газар зүйн байрлал, улс орны логистик зэрэг олон зүйлээс шалтгаалж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үр өгөөж, бүтээмжийг сайжруулахад ач холбогдолтой гэж харж байгаа. Мөн бүсчилсэн хөгжлийн хүрээнд  Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Булган аймагт үхрийг түлхүү өсгөх  бодлого байж болох юм. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс  махны үйлдвэрийн техникийн зохицуулалт  хэрэгжинэ. Үүн дээр  төрийн байгууллага,  аж ахуй нэгж,  мэргэжлийн холбоод  одооноос маш сайн бэлтгэл хангах нь чухал.  Хамгийн багадаа 50 суманд олон улсын стандартын шаардлагыг хангасан махны  үйлдвэр барих  хэрэгтэй байна.  Цаашдаа сум болгон хийгээд, хоршоотой нийлүүлээд явах  боломж байгаа болов уу.  Арьс ширний салбарын хувьд  хоршоогоор дамжуулж түүхий  эдээ авах, махны үйлдвэр дээр нядалсан  малын махын I, II  зэрэгт урамшууллаа үйлдвэрээрээ дамжуулж өгдөг байдлаар явбал зүгээр байх.

Мөн цаашдаа малаа тоолохоо болих хэрэгтэй.  Өөрөөр хэлбэл малчин өөрөө малаа  ээмэгжүүлж, бүртгэлжүүлдэг болбол гарал үүсэл тодорхой болно гэсэн үг. Тэгэхгүй бол үйлдвэр дээр  үхрийн шир ирлээ гэхэд аль аймаг, ямар насны гэдэг нь тодорхойгүй.  Малчин малаа 2000-3000 ээмэгжүүлснээр цаашдаа махаа экспортлох боломж бүрдэнэ.  Хоёрдугаарт, стандартын цаг хугацаанд ариутгал, туулга, халдваргүйжүүлэлтийг заавал хийх ёстой. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гоц халдварт өвчин бага байгаа. Үүн дээр чиглэсэн олон ажил хийж байна. Харин празит буюу шимэгчийн  гэмтлийг арилгах хэрэгтэй. Ингэхийн тулд дээр хэлсэнчлэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийх  нь зөв. Энэ нь эргээд бүртгэл дээр тодорхой болно гэсэн үг.

Дэлхийн  аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгал руу шилжиж байна. Бүх л зүйл цахим болж байгаа учраас үүнийг мал аж ахуйн салбар руугаа  оруулах хэрэгтэй. Мөн  био, нано, хими технологиор залуучуудыг бодлогоор сургах шаардлагатай.  Монгол Улс бүсчилсэн хөгжлөөр аль аймагт  юу хийх гэж байгаа гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал,   Ховд, Дорнот аймагт аж үйлдвэрийн парк байгуулна гэж ярьж байгаа бол ажиллах хүнээ сургаж, баг бүрдүүлэх шаардлага байна. 5,7,10 жилийн дараа  тийм нөхцөл байдалтай болно гээд төлөвлөх хэрэгтэй.

Сүүлийн үед Дорнод, Ховд, Дархан, Улаанбаатарт үйлдвэр технологийн парк байгуулах ажил яригдаж байгаа.  Гэхдээ Дэлхийн банкны судалгаагаар Дарханд биш  Эмээлтийн үйлдвэр технологийн  парк байгуулах нь эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй гэсэн судалгаа гарсан.  Дэлхийн  банк тендер зарлаж, Энэтхэгийн компани авч санхүүгийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна.   Монголын зарим компаниуд  нарийвчилсан үнэлгээ, хатуу хог хаягдлын судалгаа хийх тал дээр ажиллаж байна. Тэгэхээр Эмээлтийн үйлдвэр технологийн паркийн ажил нилээд эрчимтэй явж байгаа. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд эхний ээлжинд Ховд аймагт ноосны  үйлдвэрийг байгуулж үзэх хэрэгтэй. Цаашлаад бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хэрэгжээд явахад мал аж ахуй дээр суурилсан малын гаралтай бүх түүхий эдийг  эцсийн бүтээгдэхүүн болгодог парк, хөгжилтэй болоосой гэж хүсэж байна.

-Өнгөрсөн хугацаанд Эмээлт,  Дарханд үйлдвэр технологийн  парк байгуулах ажил яригдаад гацсан?

-Аливаа нэгэн нарийн мэргэжлийн салбарын асуудлыг тухайн мэргэжлийн холбоо, эрдэмтэд,  бизнес эрхэлж байгаа  хүмүүсийн зөвлөгөөгүйгээр хийх боломжгүй.  Эмээлтэд үйлдвэр технологийн  парк байгуулахаар үнэр гарна гэж хүмүүс бодож магадгүй. Одоо технологи хөгжсөн  учраас тийм зүйл байхгүй.  “Мянганы сорилтын сан”  Туул голын бохир усыг аваад цэвэрлээд явж байна.  Тэгэхээр Эмээлтийн аж үйлдвэрийн паркийн хувьд Улаанбаатар хотынхны уудаг ундны уснаас биш Туул голоос авч болно. Одоо  арьс ширний үйлдвэрийн зорилго, дизайн чиглэл өөрчлөгдөж байгаа.  Зөвхөн   гутлын арьс хийхгүй. Гоо сайхны бүтээгдэхүүн, муур, загас, нохойны хоол, бордоо хийж байна.  Тиймээс  цаашид илүү хөгжих учраас Эмээлтийн хувьд муу байршил биш гэж үздэг. Ер нь үйлдвэр технологийн  парк  нь  хүн  ажиллаж, амьдрах хамгийн таатай, байгальд ээлтэй орчинтой байх ёстой. Алсын хөгжил нь инновацийг  бүрдүүлсэн  байх юм.  Бүсчилсэн хөгжлийн хүрээнд сумдаа ийм  байдлаар  хөгжүүлэх, ажлаасаа урам зориг авдаг нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг мах нядалгааны цех барьчихаад энэ бол  бүсчилсэн хөгжлийн хүрээнд хийж байгаа үйлдвэрлэл юм гэж  хэлж  болохгүй. Тухайн үйлдвэрт ажиллах, ажилчид хаана байх уу, хүүхдүүдэд нь ямар боловсрол эзэмшүүлэх вэ гэж өөр түвшинд сэтгэж ажиллах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 13 (7257)