Б.АЛТАНГЭРЭЛ
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний УИХ-ын тогтоолын төсөл уржигдар батлагдсан. Энэхүү шинээр батлагдсан тогтоолын төслийг ахмадууд эсэргүүцэж "нүцгэн" мэдээлэл хийлээ.
Тодруулбал "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбат цагаан сараас өмнө 116.000 орчим төгрөг 2022 оны ногдол ашиг болгож олгохыг зорино гэсэн юм. Тэгвэл үүнийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл үүнийг эсэргүүцлээ.
Иргэдийн төлөөлөл "Хоёр жил гаруй шаардлага тавьсны эцэст "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг ард түмэнд өгөх асуудлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд болсон хуралдаанаар тус компанийн хувьцааны 34 хувийг иргэдэд эзэмшүүлэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн. Гэвч сая оруулсан шинэ тогтоолын төсөлд энэ асуудлыг тусгасангүй. Энэ 34 хувийг ард түмэнд эзэмшүүлснээр нэг иргэнд 1.290 хувьцаа оногдох ёстой. Энэ нь 580 мянган төгрөгийг нэг иргэнд олгох учиртай гэсэн үг. УИХ иргэдийнхээ эсрэг ажиллаж байна. Тиймээс дараагийн арга хэмжээгээ авч энэ тогтоолын төсөлд бүхэлд нь хориг тавихыг Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ" хэмээв.
Иргэн Г.Хажидмаа "БЭТ Ж.Ганбат гэдэг хүн 2022 оны ногдол ашиг 116 мянган төгрөг өгнө гэнэ. Энэ мөнгөөр юу авч хүрэх вэ. Хоёр кг ааруул ч авч хүрэхгүй байна. Оны өмнө 580 мянган төгрөг тараах боломжтой гэж Засгийн газар ярьсан. Гэтэл цагаан сар дөхүүлээд 116 мянган төгрөг өгнө гэнэ.
Монгол Улсад олон нам байна. Улсынхаа төлөө зүтгэнэ гэж энэ намууд бий болсон. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, ажил хийж боломжгүй хүмүүс дээр нэг ч нам ирж нэгдсэнгүй. Иргэн баян бол төр баян гэдэг үндсэн дээр эдийн засгийн эрх чөлөөтэй болгохын төлөө 2022 оны аравдугаар сараас хойш шаардаж, тэмцсэн. Монголын ард түмнийг эдийн засгийн эрх чөлөөтэй болгохын тулд намуудын аль нь ч бидэнтэй нэгдэж, ногдол ашгийг шаардахгүй байна. Тиймээс цагаан сарын өмнө 580 мянган төгрөгийг ард түмэн өг гэж шаардаж байна. Баялагтаа эзэн болгох бидний хөдөлгөөн үргэлжлэх болно. Ганц "Эрдэнэс Тавантолгой"-гоос ногдол ашиг аваад зогсохгүй. Үүний дараа "Эрдэнэс Монгол" дээр байгаа алтан хувьцааг амь оруулахын төлөө тууштай тэмцэнэ. Иргэн бүр нэг алтан хувьцаатай гэдгээ мэдэж авах ёстой" гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn