Б.АЛТАНГЭРЭЛ
Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах эрх зөрчигдсөөр байхад холбогдох төрийн байгууллагууд нь эс үйлдэл хийж буйг эсэргүүцэн Засгийн газрыг шүүхэд өгч, нөхөн төлбөр шаардав. Энэ талаар Анагаах ухааны доктор, хүний их эмч Г.Ууганцэцэг, Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат нар мэдээлэл хийлээ.
Хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг "Өмнөх оны есдүгээр сараас эхлэн агаарын бохирдол, эрүүл мэндтэй холбоотой судалгаа шинжилгээ хийж, контент бэлтгэж эхэлсэн. Ингэхдээ энэ асуудлыг зөвхөн контентоор дамжуулах бус хуулийн хүрээнд ажиллаж, хууль эрхзүйн баримтыг зөв гаргаснаар оновчтой шийдэлд хүрэх юм.
Нийт агаарын найрлагын 21 хувь нь хүчилтөрөгч байдаг. Гэвч ихэнх хувийг хүчилтөрөгчийн оронд нүүрстөрөгч, угаарын хийн найрлага эзэлж байна.
Утааны найрлага, шахмал түлшний найрлагаас гарч байгаа хорт хийн бодит байдлын талаар мэдээлэх үүргээ Засгийн газар биелүүлээгүй гэж үзэж байна.
Манай улсад химийн бодисын шалтгаант цочмог хордлогын 60 гаруй хувийг бага насны хүүхдийн санамсаргүй хордлого эзэлж байна.
Хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгааныг амьсгалын замын өвчлөл эзэлж байна. Зөвхөн өмнөх оны сүүлээр 0-5 насны 961 хүүхэд амьсгалын замын өвчлөлөөр эндсэн. 0-1 насны бүлэг буюу нялхасын эндэгдэл 793 бүртгэгдсэн байна. Монгол Улс өнгөрсөн онд нийт 1754 бяцхан иргэнээ алдсан.
Утааны улиралд хүүхэд 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн ханиаданд нэг хүүхэд 200-300 мянган төгрөг зарцуулдаг дундаж тооцоолол байдаг. Эцэг, эхчүүд нэг жилд 1-1.2 сая төгрөг зарцуулдаг. Тиймээс энэ мөнгөн дүнтэй дүйцэхүйц нөхөн олговрыг 0-5 насны Монголын бүх хүүхдэд олгохыг Засгийн газраас шаардаж байна. 2022 оны байдлаар манай улсад 0-5 насны 366 мянган хүүхэд амьдарч байна. Энэ бүх хүүхдэд дээрх нөхөн олговрыг олголоо гэхэд 440 тэрбум төгрөг болно. Энэ мөнгө хэдийгээр сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлыг барагдуулж чадахгүй ч алдагдсан боломжийг нь төлөх ёстой. Нүүрсний хулгайн 40 их наядаас 100 дахин бага мөнгө юм.
Иргэд сүүлийн жилүүдэд ковидын улмаас зарим зүйлсийг мартаад байна гэдэг. Энэ нь өвлийн улиралд угаарын хий болон утаагаар амьсгалж буй шалтгаан их нөлөөлж байгаа юм. 2022 оны байдлаар нийт хүн амын 608 мянган хүн нь амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хандаж эмчлүүлсэн. Энэ нь нийт өвчлөлийн 17 хувь буюу амьсгалын замын өвчлөл Монгол Улсад бүх өвчлөлийн нэгдүгээрт явж байгааг харуулж байна”гэв.
Харин ямар хууль зүйн үндэслэлээр уг шаардлагыг тавьж буй талаар Анагаах ухааны эрх зүйч, доктор Э.Ганбат "Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр хүүхдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд санаачилга гаргах, дэмжих үүрэгтэй гэсэн байдаг.
Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
Төр хүний эрхийг хамгаалах эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Мөн хүний эрхийн зөрчилтэй тэмцэх ёстой. Хүн бүр эрхээ зөрчигдсөн гэж үзвэл үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй" гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 12 (7256)