Анагаах ухааны доктор, професор З.БАТТОГТОХ

-Хавдар гэх аюулт авчинтэй тэмцэж байгаа болон тэднийг асран хамгаалж дэмжиж тусалж байгаа хүмүүст зориулав-

Энэ орчлон ертөнц дээр гурван төрийн хайр байдгийг судалгаагаар тогтоожээ.

Нэг дэх нь өөрөөс гарч буй хайр буюу бусдыг хайрлах.Өөрийгээ хайрлах. Амьдралд хайртай байх. Үр хүүхдээ хайрлах зэрэг хайрыг хэлнэ. 

Хоёр дахь төрлийн хайр нь бусдаас хүлээж авч байгаа хайр буюу өөрийг чинь хайрлаж байгаа хүн бүрийн хайрыг хүлээж авахыг хэлэх аж. ​

Харин гурав дахь нь ертөнцийн хайр буюу бурхнаас өгч буй хариу нэхээгүй хайр юм. Судалгаагаар хавдраас ангижирсан хүмүүс энэ гурван төрлийн хайрыг гурвууланг нь төгс хүлээж авсан байдаг байна. Ингэхдээ хамгийн түрүүнд өөрөө өөрийгээ туссан өвчинтэйгээ хамт хайрлах. Ингэж хэлэхээр өвчнөө хайрлана гэж юу байх билээ гэж битгий урвуугаар ойлгоорой. Учир нь өвчин таны бие дотор байгаа. Өөрийгээ болон амьдралаа жигшин үзэн ядахгүй байж бусдын танд өгч байгаа хайрыг чин сэтгэлээсээ хүлээж авч чадсан  байдаг. Мөн ертөнцийн хайранд маш талархалтай хандаж хүлээн авдаг байна. Үүн дээр нэмээд эерэг бодолтой байж бүх зүйлд талархалтай байх нь хамгийн чухал юм. 

Үүнд  инээд маш чухал нөлөө үзүүлдэг байна. Инээд хөөр,баяр баясал, өөдрөг бодолтой байх нь хүний дархлаанд  маш сайнаар нөлөөлдөг бол харин уур уцаар, айдас түгшүүр,сөрөг бодол нь дархлааг маш эрчимтэйгээр дарангуйлдаг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан байдаг. 

Инээд нь тархины баруун зүүн тал бөмбөлөгийг холбон түүний дотоод системийг идэвхжүүлдэг бөгөөд вирус болон зарим төрлийн хорт хавдрын эсэд халддаг дархлааны эсийг идэвхжүүлдэг байна. Зарим улсад инээдээр эмчлэх аргыг эрчимтэй хэрэглэж ирсэн байна. Японд сүрьегийн эмнэлэгт инээдээр эмчлэх эмчилгээг маш амжилттай хийдэг бол Малайзад инээж байгааг дуурайлгасан амьсгалын онцгой дасгалуудыг оюутнуудын шалгалтын өмнө сургадаг ажээ. Туршилтад оролцсон бүх хүн шалгалтаа сэтгэл түгшихгүйгээр амжилттай өгсөн баримтууд байдаг ба инээд нь бүтээж туурвих чадамжийг дээшлүүлдэг байна.

Туршилтаар хүмүүст аймшгийн, зовлон ихтэй кино үзүүлж байгаад цусны шинжилгээ авахад тухайн хүмүүсийн стрессийн гормони маш өндөр болсон байдаг нь  стресс айдас дархлааг ямар ихээр дарангуйлдаг болохын тод жишээ юм. Харин инээдмийн, аз жаргалаар дүүрэн үйл явдалтай кино үзүүлсний дараа цусны шинжилгээ авахад стрессийн гормони байхгүй, зүрхний пульс болон даралт багасаад дархлааны систем маш сайжирсан зэрэг судалгааны ажилцөөнгүй байдаг. Гэхдээ хавдартай хүмүүсийн эмчилгээнд үүнийг зөвлөдөггүй байна. 

Хүн хавдартай гэдгээ сонсоод сэтгэл санаагаар маш их хямардаг ба энэ нь дархлааны системийг  маш ихээр унагаадаг. Мөн  химийн эмчилгээ нь дархлаа болон сэтгэл санааг маш ихээр хямраадаг муу нөлөөтэй. Тэр үед сэтгэл санаа өөдрөг байж сайхан зүйл бодож аз жаргалтай байна гэдэг маш хэцүү. 

Зарим хүн энэ үедээ хүчээр өдөр бүр инээдмийн кино,хошин шог үзэж өөрийгээ хүчээр инээлгэдаг бол харин зарим хүн маш хэцүү санагдах үедээ хүчээр тас тас инээж бодлоор орж ирэх сөрөг муу энергийг дундуур нь таслах арга хэмжээг авдаг байна. Ингэхдээ заавал бүтэн өдөржин эсвэл 2-3 цагийн турш инээх албагүй ба хамгийн гол нь өөртөө мэдэрч байгаа тэр мэдрэмжүүдийг үнэнээр нь хүлээж аваад тухайн сэтгэл хөдлөлүүдээ гадагш нь бүрэн гаргаж илэрхийлэх нь зүйтэй байна. Ийм байдлаар өдөр бүр 5 минут инээхэд хангалттай бөгөөд үр дүнд нь маш их өөрчлөлтийг үзүүлдэг байна.

Эх сурвалж: www.zms.mn