Баатарын НЯМСҮРЭН
Хуудсыг нь сөхөөд унших бүрт шинэ бодрол, хүсэл тэмүүлэл, зорилгод хөтөлдөг ертөнц бол ном. Зохиогчийн оюун санаа, цаг хугацаа хөдөлмөрийн үрээр бүтсэн бүтээл бүр үнэ цэнтэй. “Зууны мэдээ” сонин “Би номынхоо тухай” буландаа Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Жамъяныг урьж сүүлд гаргасан “Шаналант Хөхмөрөн” романых нь тухай ярилцлаа.
Хэлмэгдэлтийн зовлон, гуниг харууслыг өгүүлжээ
-Би өнгөрсөн хугацаанд 12 роман бичсэн. Сүүлийн романаа бичих болсон түүхээсээ сонирхуулбал, Хөх хотод явж байхдаа шинэ танилтай болсон юм. Тэрхүү эрхэмтэй хуучлахад Хятадын соёлын хувьсгалд их эмзэглэж явдаг тухайгаа ярьсан. Ингэхдээ монголчуудын өв соёл, амьдралын тухай хууч яриа дэлгэв. Тэрбээр Хөхмөрөн гэж хүний тухай онцолсон. Соёлын хувьсгалд хэлмэгдсэн, Өвөрмонголд амьдардаг, монгол гаралтай хүн юм билээ. Тухайн үед Өвөрмонголчууд Франц, Герман, Англид мэргэжилтэн бэлдэж байжээ. Харин Хөхмөрөнг Англи улсад найруулагчаар сургасан гэдэг. Түүнийг сургуулиа төгсөөд ирэх үед нь эсэргүү гэж үзээд нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Хятадын 56 үндэстэн дотроос илүү хэлмэгдсэн нь Өвөрмонголчууд. Тэрхүү хэлмэгдэлтийн зовлон, гуниг харууслыг романдаа өгүүлсэн. Би энэхүү номоо дэлхийн “Амазон” сүлжээ рүү илгээж, 16 орны уншигчдад хүргэлээ. Тэд энэхүү романаар дамжуулан монголчуудын түүх соёл, хэрхэн хэлмэгдсэнийг уншиж байгаа хэрэг. Ер нь уншсан хүмүүс сэтгэгдэлээ их илгээж байна. Цахим орчноор дамжуулна, захидал хүртэл явуулсан.
“Зохиолыг урлаж бичих хэрэгтэй”
-“Шаналант Хөхмөрөн” бүтээл нь Манжийн дарлал бус соёлын хувьсгалыг өгүүлдэг. Хөхмөрөн гэдэг хүн учир битүүлэг амь насаа алдсан. Судлаачид Монгол руу онгоцоор явж байгаад осолдсон гэдэг таамаг дэвшүүлдэг юм билээ. Магадгүй хүмүүст Хөхмөрөн хэмээх гарчиг мөрөн далайг санагдуулж мэднэ. Мэдээж иргэн Хөхмөрөн соёлынхоо төлөө сэтгэл зовсон нь тодорхой. Үүнийг бодож “Шаналант Хөхмөрөн” гэж нэрлэсэн түүхтэй. Би энэхүү романаа “Алтан өд” наадамд сойсон. Зохиолчдын хувьд аливааг гаднаас нь бус дотроос нь бичих цаг иржээ. Тиймээс дүрийнхээ дотоод ертөнцийг харуулахыг хичээсэн. Зохиол бичихдээ урлаж бичих хэрэгтэй. Тэгж байж л уран зохиол болно. Харин зохиолч хамаа замбараагүй агуулгатай ном бичээд түүнийгээ хүмүүст унш гэж тулгах нь утгагүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 11 (7255)