Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй аймгуудын удирдлагуудтай хийх цахим хуралд оролцож эрүүл мэндийн салбарт хийж байгаа бодлогын болон хууль эрх зүйн шинэчлэл, хэрэгжүүлж арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Хууль эрх зүйн шинэчлэл хийж Засгийн газрын тусгай сангийн тухай, Дархлаажуулалтын тухай Төсвийн тухай зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас гадна Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийг батлуулснаар иргэний эрүүл мэндийг хамгаалах бодлого хоёр тулгууртай, санхүүжилтийн хоёр эх үүсвэртэй болсныг танилцуулж, эдгээр хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад орон нутгийн оролцоо их байгааг хэллээ.

Мөн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг боловсронгуй болгоход анхаарч 2023 онд ЭМДҮЗ-ийн тогтоолоор хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сумын эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтэд бүсчлэлийн коэффициент ашиглаж эхэлсэн, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд иргэний төлж байгаа төлбөрийн хэмжээг бууруулж тусламж үйлчилгээнд иргэнээс төлөх төлбөрийн хэмжээг бууруулсан, өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний тохиолдлын тоо өсч байгааг хязгаарлаж тариф болон тоо хэмжээг бууруулах тохируулга хийсэн зэрэг арга хэмжээг аваад байгаа юм.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хийж буй ажлуудынхаа талаар товч танилцуулж санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр анхаарч ажиллах хэд хэдэн зүйлийг аймгуудын удирдлагуудад онцлон захилаа.

Аймгуудаас эрүүл мэндийн байгууллагын шинэ барилга барих, заримд нь их засвар хийх хөрөнгө тусгуулах, түргэний машины парк шинэчлэл, эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжөөр хангах зэрэг санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой саналуудыг тавьсан. ЭМЯ-ны зүгээс боломжтой асуудлуудыг шийдвэрлэж байгаа. Гэхдээ “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 100 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.6 д заасны дагуу орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж, ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг аймаг хариуцахаар заасны дагуу орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын дээрх зардлыг орон нутгаас санхүүжүүлэх үүрэгтэй.

Тусламж үйлчилгээг оновчтой зохион байгуулах, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулж төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд рүү өвчтөн шилжүүлэх явдлыг багасгахын тулд орон нутгийн эмнэлгийнхээ техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүний нөөцийг сурган чадавхжуулах тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм.

Мөн орон нутагт түргэн тусламжийн үйлчилгээнд орчин үеийн, туулах чадвар сайтай, удаан эдэлгээтэй автомашин ашигладаг байхад ЭМЯ анхаарч энэ онд нийт сумын 50 хувийг хангахаар ажиллаж байгаа бөгөөд багийн бага эмч нарыг унаагаар хангах, шатахууны асуудлыг шийдвэрлэх нь орон нутгийн үүрэг гэдгийг анхааруулсан.