Батчулууны АЛТАНГЭРЭЛ

Амьдрал хэмээх цав цагаан цаасан дээр солонгын долоон өнгийн уусал дахин давтагдашгүй тусгалаа олдгийн адил хүний амьдрал ч ганц билээ. Хүнийг үгээр урлана гэдэг тун ч амаргүй, сэтгэлийн гүндэх мяндсан мэдрэмж шаардах ажил. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог" булангаар түүхч эмэгтэйн түүхийг үгээр зурахыг зорилоо. Цав цагаан цаасан дээрх оюун бодолд уусах өнгийн солонго хэрхэн татахыг тольдоорой.

 

АТРЫН АЯНААС “МЭНДЭЛСЭН” ОХИН

Хүү М.Лхагва-Очиртой Прага хотод.

Эрхэмсэг хийгээд монгол төрх нь эртний хатдын дүрийг санагдуулам. Ёжтой яриа,  шулуун зан, ажилч хичээнгүй зангаараа нөхдийнхөө дунд хүндлэгдэж буй энэ хүн бол ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Пунсалдулам юм.

Хүн болж төрөх хувь заяа нь Атрын анхны аянтай холбогддог аж. Учир юу гэвэл түүний  ээж Д.Палам Баянхонгор аймгаас, аав Ц.Бор Архангай аймгаас  Жаргалантын сангийн аж ахуйд хуваарилагдан ирж танилцсан гэдэг. Ингээд 1964 оны нэгдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод өвөө нь (ээжийн аав Ц.Даваадагва) түүнийг гэртээ эх барьж авчээ. Хүн эх барьж авсан хүнийхээ араншинг дуурайдаг гэдэг. Түүний өвөө их хөдөлгөөнтэй, жижигхэн, түргэн ааштай хүн байжээ. Б.Пунсалдулам өвөөгийнхөө  тэрхүү занг дуурайж аливааг хурдан хийж дуусгадаг, удаан суудаггүй, хурдан хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Түүнд өвөө нь (аавын аав М.Цамба) дуудах нэр хайрласан байна. Тиймдээ ч хоосролыг гэтэлгэгч Дарь эх гэсэн утга учир бүхий алдар хайрлажээ. Б.Пунсалдулам “Нэр их чухал. Тиймээс нэрээ хүндэлж байх хэрэгтэй. Дуудах нэрийг аав ээж, дуурьсах алдрыг  хүн өөрөө олдог. Аав ээж минь нэр хайрласан бол Атардулам гэдэг нэртэй байх байсан ч юм бил үү” гээд инээмсэглэлээ.

Манай зочин сургуульд элссэн эхний гурван жилээ Жаргалантын сангийн аж ахуйн Тал булаг тасгийн сурагч болж онц сурч эхэлжээ.  Дөрөвдүгээр ангид ордог жилээ гэрээсээ холдож, Жаргалантын дотуур байранд суух болов. Ээж аавын хяналтаас гараад  өнөөх онц сурдаг хүүхэд улсын шалгалтад унав аа. Тэр үед ээжийнх нь бие өвдөж хот руу эмчлүүлэхээр нүүжээ. “Хот руу шилжиж ирээд 40-р сургуульд орсон. Хувийн хэргийг маань хараад танай хүүхэд яасан муу сурдаг юм, шалгалтад унаж байсан хүүхэд байна гэсэн. Миний аав хотод ирээд олон ч ажил хийсэн. Ингэж яваад Улаанбаатар телевизийн гэр хороололд хороон даргаар ажиллаж эхэлсэн. Хамгийн удаан буюу 30 жил хороон дарга хийсэн Бор гэвэл хүмүүс андахгүй. Ийнхүү би 46-р сургууль руу шилжин суралцсан. Угийн шартай тул мэрийсээр наймдугаар ангиа онц төгссөн. Тэр үед улаан шугам татаж шигшигдсэн хүүхдүүд нь 28 дугаар сургуульд орсон. Шигшигдэж орж ирсэн олон сайн хүүхдүүдтэй  сурч 10-р ангиа онц төгссөн. Тэр үед орос хэлтэй, хэлний сургуульд сурсан мундаг хүүхдүүд байсан. Би жирийн нэг сургуульд суралцаж, орос хэлийг бие даан сурч, тухайн үедээ уралдаан тэмцээнд их оролцдог байлаа. Багадаа философич болох зорилгоор онолын ном багагүй уншиж гүнзгий судалдаг байсан” гэв.

Б.Пунсалдуламыг конкурс өгөхөд аав нь дагаад очсон талаар “Эхний өдрийн шалгалтад хамт явахдаа намайг хүлээгээд Засгийн газрын ордны зүлгэн дээр хэвтэж байсан. Орой нь чийгтэй газар хэвтсэнээс болоод нуруу нь татаад маргаашаас нь цуг явахаа больсон. Түүхийн шалгалтаа өгөхдөө хамгийн түрүүнд хийж дуусаад гараад ирэхэд хүмүүс энэ охин яасан юм бол хөөгдөөд гараад ирэв үү гэж байсан. Дараа нь  шалгалт өгсөн бүх хүүхдийн оноог жагсаахад хамгийн эхэнд нь миний нэр байлаа. Мөрөөдлөө биелүүлж их сургуулийн философийн ангид орох гэтэл тэр жил элсэлт авахгүй гэсэн. Социализмын үед бүх зүйл төлөвлөгөөний дагуу явна. Тэр үед ямар ч хуулийн сургуульд орох боломжтой байсан ч аав  “Түүхийн анги байна уу биччих” гэлээ. Би ч дургүй байгаа,  сурахгүй гэдгээ илэрхийлсэн ч аав маань дуугүй гараад яваад өгсөн. Ингээд би 1981-1984 онд Монгол Улсын их сургуулийн Түүхийн ангийг улаан дипломтой төгссөн. Нийгмийн идэвхтэй оюутан байлаа” гэв. Тэрбээр цааш нь "Би чинь түүхч мэргэжилдээ 30 нас гарсан хойноо  дурлаж, хүндэтгэн үзэх болсон. Ямар азаар энэ ангид аав минь оруулаа бэ? хэмээн боддог шүү. Төгсөөд Архангай аймаг руу багшийн сургуульд очиж багшил гэсэн. Чаддагаараа  аавдаа очоод “Явахгүй" гэдгээ хэлэхэд тухайн үед хороон даргын алба хашиж байсан аав минь энэ удаад охиныхоо хүсэлтийг зөвшөөрсөн" гэв.

 

“ЯМАР Ч МЭРГЭЖИЛ ХҮНД МЭДЛЭГ ӨГДӨГ”

Эрдэм шинжилгээний хурлын үеэр түүхч судлаачдын хамт.

Б.Пунсалдулам 1986 оны намраас эхлэн 40-р сургуульд дөрвөн жил багшилжээ. Их сургуулиа 21 настай төгсөж байсан тул тухайн үеийн аравдугаар ангийн сурагч 18 настай тул насны ялгаа байхгүй. Тэр үеийн залуу багш аравдугаар ангийн хүүхдүүдээс дөрвөн насаар ах л байсан тул үе тэнгийн харагддаг байсан учраас хичээл заахад хэцүү, ялангуяа залуу эмэгтэй багш нарт хэцүү байсан байх. Б.Пунсалдулам "Харин би ичнэ гэж мэддэггүй байлаа. Хичээл орох гэж байж хүүхдүүдээс ичнэ гэж юу байх вэ. Нэг өдөр хичээлийн эрхлэгч дуудаж байна. “Пунсалдулам хичээлийн төлөвлөгөө аваад ороод ир гэлээ” Би очоод “Надад тийм зүйл байхгүй” гэхэд чи тэгээд юу заадаг юм гэсэн. Ингэж цалингаа хасуулж байлаа. Түүнээс хойш дуртай дургүй бичдэг болсон. Олон хуудас болгохын тулд дэвтэр дундуураа шугам зураад “Чөтгөрийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр гол зүйлийг товч бичсэн маань тэргүүн туршлага болж байв” хэмээн дурссан юм.

Түүний нөхөр нь цэргийн хүн байсан тул Булган аймаг руу томилогдож очжээ. Тэнд очоод Б.Пунсалдулам цагдаагийн хэлтсийн гадаад паспортын хэлтэс, Иргэнийн гэр бүлийн байцаагчаар дөрвөн жил ажилласан нь ямар ч хүний регистрийн дугаарыг хараад эрэгтэй, эмэгтэй эсэх, аль аймаг, дүүргийнх гэдгийг торох зүйлгүй ялгаж чаддаг болгожээ. Өөрөөр хэлбэл, ямар ч мэргэжил хүнд мэдлэг өгдөг нь энэ. “Булган аймгийн Засаг даргын тамгын газарт 16 сумаас ирсэн иргэдтэй яриа хийнэ.  Регистрийн дугаарыг нь бүртгэхдээ үсэг, тоо сольж бичих санамсаргүй алдаа гардаг. Тэрхүү алдаа нь дараа хэзээ хойно хүний амьдралд төвөг учруулдаг. Тухайлбал, хүн тэтгэвэрт гарах болоход бичиг баримтын алдаа тун төвөг удна. Энэ ажил маань хүний бичиг баримттай маш няхуур, нямбай ажиллахгүй бол амьдралд нөлөөлөх учраас хариуцлагатай байхыг сургаж өгсөн” гэв. 

 

БАГШ МЭРГЭЖИЛ “ҮНЭН” БАЙХЫГ ЗААДАГ

Монгол Улсын түүх ХХ-ХХI таван ботийн дөрвөн ботийн зохиогчдын хамт. Б.Пунсалдулам дөрвөн ботийнх нь редактороор ажиллажээ.

Багш мэргэжил бол хүний төлөө сэтгэлийг үнэн байхыг заадаг гэж Б.Пунсалдулам онцлов. Тэр дундаа бага, дунд ангийн багш гэдэг цэвэр тунгалаг сэтгэлийн толь юм. Тэндээс л хүний төлөө, хүүхдийн төлөө гэсэн сэтгэлийг олж авдаг. Б.Пунсалдулам МУИС, МУБИС-д дөрвөн жил цагийн багш хийжээ.

Тэднийх Булган аймгаас 1998 онд буцаад хот руу нүүжээ. Ирснийхээ дараа  “Боловсрол” коллежид Түүх, нийгмийн ухааны багшаар ажилласан байна. Тухайн үед захирал нь Ванчигсүрэн гэж мундаг хүн байсан гэнэ. Түүний эхнэр Жамбалдорж түүнтэй өмнө нь 40-р сургуульд хамт багшилж байсан учраас Б.Пунсалдулам хичээлээ хэрхэн  заадаг, ямар багш вэ гэдгийг мэддэг. Нөхрөө дагаж хөдөө явж ирээд ажилгүй байгааг мэдээд дуудаж уулзаад багшаар ажилд авчээ.

 Тэрбээр "Хүний амьдралд юм юм л тохиолдоно. Хүнтэй амьдарна, муудалцана, сална нийлнэ алийг тэр гэх вэ. Миний хувийн амьдрал их сургуулиа онц дүнтэй, улаан дипломтой төгссөн шиг дардан байгаагүй. Амьдралд минь солонгын долоон өнгө байсан. Амьдралын өнгө маань олон өнгөөр сүлэлдэж байв.  Амьдралд минь саарал өнгө уусаж орж ирээгүй байсан бол одоогийн энэхүү амжилтад хүрэх жим тавигдахгүй байсан. Хүний амьдралд тусах гандсан бараан өнгө болгон муу тусгал байдаггүй. Харин тэндээс хүн дээшээ босох хүч, зориг итгэл олж авдаг. Амьдралд тохиолдсон бүх зүйлс сургамж болж байдаг. Хүний туршлагаар хүн хэзээ ч ухаардаггүй, өөрийн амьдрал дээр саад бэрхшээл тулгарахад давж оройд нь гардаг” гэв.

Б.Пунсалдулам нэгэн үе аав ээжийгээ алдаж, эрүүл мэнд нь дордож амьдралын эрээн барааныг туулсан ч бууж өгсөнгүй. 36 настайдаа МУИС-ийн докторантад суралцаж, 40 насандаа боловсролын доктор хамгаалжээ. Энэ тухайгаа “Шинжлэх ухааны хоёр докторын ажлыг маань Ж.Урангуа багш удирдсан. Би багшийнхаа хамгийн анхных нь боловсролын болон шинжлэх ухааны доктор шавь юм шүү дээ.  Түүхийн шинжлэх ухааны салбарт гурван эмэгтэй доктор байдаг. Үүний нэг нь болж чадсандаа өөртөө баярлаж явдаг. Би 57 насандаа доктор хамгаалж яадаг юм гэхэд Ж.Урангуа багш маань “Юу яриад байгаа юм, миний аав 65 насандаа хамгаалж байсан” хэмээн урам өгсөн.

Түүхийн шинжлэх ухааны доктор Д.Өлзийдолгор багш, намайг их сургуулийн докторантурт сурч байхад, их сургуулийн эдийн засгийн сургуульд багшилдаг байсан. Багш маань үнэхээр нам дуутай, намс намс алхаатай, зөөлөн хүн тул оюутнууд элэг барьж байв. Тэгсэн тэнхимийн эрхлэгч Болдоо багш (Ардын багш, академич Ж.Болбаатар)намайг Өлзийдолгор багшийн семинарыг заа гэлээ. Гэтэл Ж.Урангуа багш ирээд их сургуулийн эдийн засгийн анги хэцүү. Тэр бүр хүн очдоггүй шүү дээ. Би ч семинар л заана гэж бодож байтал лекц мөн орохоор боллоо. Ингээд чухам өөрийгөө бэлдээд хичээлээ заахаар очлоо. Цүнхээ үүрээд хаалга чанга хаагаад самбарын өмнө зогслоо. Ангид мундаг санхүүч, эдийн засагч болох амбицтай оюутнууд намайг орж ирсэн ч тоосон шинжгүй. Анхаарлыг татах санаатай цүнхээ ширээнд дээр дорвитойхон тавилаа тоож байгаа хүн алга.  Би угийн шартай,  дуу чангатайг хэлэх үү “Хүүхдүүдээ сонирхолгүй бол гарч болно” гэтэл та цаг бүртгэнэ шүү дээ гэхэд би “Цаг бүртгэхгүй гарч болно” гэлээ. Ингээд 150 оюутныг гарч дуусахыг нь харсаар 10 минут боллоо. Гэтэл миний урд ширээнд сууж байсан хэд л үлдэв. Тэр хэд дэвтэр балаа гаргах гэтэл би “Хэрэггүй ээ. Та нар миний ярихыг гүйцэж бичиж авч чадахгүй” гэхэд дуртай нь аргагүй эргүүлээд далд хийсэн. Үргэлжлүүлэн “Бүртгэхгүй, дэвтэр шалгахгүй, та хэд сонсоод яв. Алийн болгон бичдэг юм” гэв. Дараагийн хичээлээс танхим оюутнуудаар дүүрч, суух суудал олдохгүй болсон. Хичээл заагаад гарахад оюутнууд алга ташдаг. Энэ бол миний хамгийн өндөр хүндлэл. Огшиж хамар шархирдаг. Шалгалт авахаар оюутнууд надаас их айдаг. Би оюутнууддаа онц авмаар байвал онц бай. Битгий аав, ээжийгээ, багшийг минь над руу гүйлгээд байгаарай гэдэг.  Одоо  шавь нартайгаа уулзахаар та их зэвүүн, дийлддэггүй багш байсан гэдэг юм” гэлээ. Тэгэхээр нь “Хэчнээн гадаадад сурсан. Хэлний сургууль төгссөн байх чинь надад хамаагүй. Монгол хүн Монгол хэлээр Монголын түүх зааж байна. Монголын түүхээ мэдэхгүй бол хэн ч биш. Хаана ч очсон Монгол сэтгэлгээ, түүхээрээ ялгарна шүү. Би хаана ч Монгол түүхээ магтан, мандуулна, муулсан хүнтэй үзэлцэнэ. Муухай юм бидэнд байна. Улс болгонд л байдаг хэмээн оюутнууддаа хэлдэг” гэлээ.

 

АВТОБУСАНД СУУХДАА Ч ОЮУНАА ДОРДУУЛАХГҮЙ БАЙХЫГ БОДДОГ

МУИС-н Түүхийн тэнхимийн багш доктор, профессор Ж.Урангуа, Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх доктор А.Пунсаг нартай.

Б.Пунсалдулам багш 2004 онд түүхийн ухааны доктор хамгаалаад, 2005 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ажиллаж эхэлжээ. 2005 оны арваннэгдүгээр сарын дунд үеэс хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хаших болжээ. Чухам эндээс түүний амьдралын тэмцэл эхэлсэн гэнэ. Учир нь нэг муу ЕБС-д (Ерөнхий боловсролын сургууль) багшилж байсан ажилгүй хүүхэн нарийн бичиг болдог юм гээд бөөрөлхөж эхэлсэн байна. Б.Пунсалдулам "Энэ нь миний шарыг бадрааж өгсөн. Амьдрал бол тэмцэл гэдгийг өөрийн амьдралаараа ухаарсан шүү. Бүх юм олон талтай. Үүнээс ядаж хоёр талыг нь харж сурах хэрэгтэй. Ковидын жилүүд надад шинжлэх ухааны доктор хамгаалах цаг гаргаж өгсөн гэж боддог. 57 насандаа Шинжлэх ухааны доктор хамгаалсан. Ямар ч насанд хүн сурч болдог. Одоо ч гэсэн автобусанд англи үг цээжлээд явдаг. Хажуугаар явж буй машины дугаарыг нэмээд явдаг. Автобусанд суухдаа ч оюунаа дордуулахгүй байхыг боддог гэв.

Тэрбээр өөрийн гэсэн судалгааны нэг сэдэвт зургаан бүтээлтэй. Шинжлэх ухааны доктор хамгаалсан “Монголын газар тариалангийн түүх” бүтээлдээ чулуун зэвсгийн үеэс эхлэн монголчууд хэрхэн тариалан эрхэлж ирснийг тусгажээ. Малчин ард түмэн эрт үеэсээ тариалан хэрхэн эрхлэх, соёл ухааныг мэддэг байсан. Хөдөө аж ахуйг хөгжүүлж, нүүдлийн мал аж ахуйгаас хөдөө аж ахуйн орон болон хөгжсөн түүхийг тусган, чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх түүхийг хамруулжээ.Энэ бүтээлээ төрүүлж өсгөсөн эцэг, эхдээ зориулсан гэнэ. Хүмүүс эцэг эхдээ зориулж шүлэг, дуу, хөшөө дурсгал босгодог бол Б.Пунсалдулам багш шинжлэх ухааны бүтээл зориулсан байна. 

Тэрбээр Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах судалгааны ажилдаа амьдралынхаа 10 жилийг зориулсан ажээ. Тиймдээ ч түүхийн хүрээлэнд орж ирсэн 20 жилээ тэрбээр хувь тавилан гэж боддог. “Би хүн болж, юу бүтээж, юу хийх  үүрэгтэй ирснийг  түүхийн хүрээлэн надад замчилж  зурж өгсөн. Өмнөх 20 жил бол энэхүү үүргээ биелүүлэхэд бэлдэж өгсөн он жилүүд байж. Амьдралд сургаж, хүнтэй хэрхэн харьцах, багш болгож сургаж, эх хүн байх, ямар үүрэг хариуцлагатай байхыг сургасан. Ийнхүү 20 жил сургасны үр дүнд одоогийн эрдмийн үйлсэд хүрэх зам мөрийг тавьж өгчээ. Одоо надад хоёр ном бичих санаа бий. Бүх зүйлд шударга, зарчимч, үнэнч байх дуртай. Аливаа хүн сонгосон ажил,мэргэжилдээ зүтгэлтэй, чиг шугамаа барьж явахад амжилтад хүрнэ. Мэдрэх, ойлгох, буцаад хөл дээрээ босох чадвар, чанар их чухал” гэдгийг манай нийтлэлийн зочин тодотголоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 9 (7253)