Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдар эрчимтэй ихсэж буйг харьяа яам болоод мэргэжлийн эмч нар анхааруулсаар байгаа. Одоогийн байдлаар энэхүү өвчлөл тархалтаараа эмэгтэйчүүдэд илэрдэг хавдрын гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа нь бүр ч аюулын түвшинд хүрснийг илтгээд байгаа юм.
Хөхөнцөр вирус хүрэлцэхүйн замаар ч халдана
Умай нь их бие, ёроол, хүзүү хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг хүзүү хэмээн нэрлэдэг. Энэ хэсэгт үүссэн хортой хавдрыг умайн хүзүүний хорт хавдар гэнэ.
Энэ нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын хоёрдугаарт ордог бөгөөд 80 хувь нь Ази болон Өмнөд Америк, Африк зэрэг хөгжиж буй орнуудад тохиолддог ажээ. Умайн хүзүүний хорт хавдрын үндсэн үүсгэгч нь хөхөнцөр вирус юм. Дээрх вирус нь нийт 150 төрөл байдаг гэнэ. Үүнээс судлаачид хамгийн өндөр эрсдэлийн 14 вирусыг судалж, илрүүлээд байна. Хөхөнцөр вирус гэдэг нь ковидын вирустэй төстэй ажээ. Хоруу чанартай вирус нь савны амсар дээр умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг.
Одоогоос тав, зургаан жилийн өмнө хөхөнцөр вирусыг бэлгийн замаар л халддаг гэж үздэг байсан ч сүүлийн үеийн судалгаагаар хүрэлцэхүйн замаар буюу арьсаар шүргэлцсэн тохиолдолд халдана гэсэн судалгаа гарчээ. Харин үүнээс 18, 16, 33, 38 гэсэн төрлийн вирусыг бэлгийн замаар халддаг гэж үзсэн байна. Бэлгийн замаар халдсан тохиолдолд судалгаа хийхэд папиллом вирус голлох хувийг эзэлж байна гэсэн дүгнэлт гарчээ. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөний 97.7 хувиас илүү нь энэхүү вирусын халдвар авсан гэдэг нь батлагджээ. Энэ тухай Улаанбаатар медика эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, Клиникийн профессор Ж.Сарангэрэл “2018 онд дэлхийн хэмжээний судалгаа хийхэд монгол хүний хувьд умайн хүзүүний хорт хавдрын нас баралтын түвшингээрээ Африкийн дараа орж байна. Үүний үндсэн шалтгаан нь хөхөнцөр вирус гэж үзвэл урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Анх бэлгийн харьцаанд орох үед хөхөнцөр вирус авсан гэхэд 5-20 жил тээгч болж, тэр хугацаанд хавдар үүсэж болно. Тэгэхээр вирусыг аваад шууд хавдар болно гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нөлөөлдөг зүйл нь тамхи. Тухайн хүн өөрөө эсвэл нөхөр нь тамхи татдаг, дархлаа сул байх нь вирусыг идэвхтэй болгож умайн хүзүүг гэмтээснээр хорт хавдрыг үүсгэдэг. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанаас харахад эрэгтэй хүнд энэ төрлийн улаан хоолой, шулуун гэдэсний хавдар үүсэж байна” гэжээ.
Хавдрын эхэн үед зовиур мэдрэгддэггүй
Энэхүү өвчнийг илрүүлэхэд хамгийн эхэнд эсийн шинжилгээ хийдэг ажээ. Энэ нь умайн хүзүүнээс сорьц авч микроскопоор шинжлэх арга юм. Харин гадны орнуудад өөрсдөө тестээр үзэж түүнийгээ лабораторид шинжлүүлэх зэрэг технологийн өндөр түвшний тест ашиглах болжээ. Харин манай орны хувьд хараахан ийм төрлийн тест байхгүй. Тиймээс зөвхөн мэргэжлийн лабораторид хандаж шинжлүүлэх боломжтой юм. Гэвч улсын эмнэлгүүдэд хийгдэхгүй байгаа учраас цөөхөн хүнд хийгдэж байгаа тухай мэргэжлийн эмч нар ярьж байна. Дэлхий дээр энэхүү өвчний эсрэг вакцин хамгийн эрэлттэй дархлаажуулалтын тоонд ороод байна. Вакцины хувьд дөрөвт, зургаат, ест гээд олон янз. Үүнээс манай улс дөрөвт вакциныг голчлон хийдэг юм байна. Энэхүү вакцин нь бэлгийн харьцаанд орохоос нь өмнө буюу 9-13 насны хүүхдэд хийж болно гэсэн заалттай ажээ. Дэлхий дахинд вакциныг зөвхөн охид гэлтгүй 9-13 насны хөвгүүдэд ч хийж байна. Учир нь улаан хоолой, шулуун гэдэсний хавдраас сэргийлж байгаа юм.
Тиймээс охид бүсгүйчүүд өөрийн эрүүл мэндээ хайрлаж, эмчид байнга үзүүлж умайн хүзүүгээ шалгуулж, улайлт, үрэвсэл байгаа эсэхийг мэддэг байх нь чухал гэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч Г.Нарангэрэл анхааруулж байна. Тэрбээр “Монголчууд яагаад хавдрын өмнө хүчин мөхөстөөд байна вэ гэвэл урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй явсаар хавдраа бараг эцсийн шатанд нь орчихсон байхад мэддэг. Учир нь хавдар үүсэх эхний хэдэн жилд ямар ч зовиур мэдрэгддэггүй. Гэнэт цус алдахаараа ч юм уу эмнэлэгт хандах нь бий. Шинжилгээ хийтэл хэзээний дөрөвдүгээр зэрэгтэй болчихсон байх жишээтэй. Тиймээс умайн хүзүүний хорт хавдраас өөрийгөө хамгаалж, сэргийлье гэж бодож байвал эртхэн урьдчилан сэргийлэх нь зүйтэй” гэсэн юм.
Хавдар томрох тусам ойролцоох эрхтэн гэмтэнэ
Монгол Улсад жилдээ 4000 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байна. Энэхүү хавдар нь 20-оос доош насныханд тохиолдох нь ховор. Харин 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг ба 50-аас дээш насныхан 75 хувь, 70-аас дээш насныхан 65 хувийн эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Өвчтөнүүдийг судлаад үзэхэд нийгэм эдийн засгийн хувьд бага орлоготой давхаргынхан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, муу эмчилгээний тоног төхөөрөмж, хэвийн бус амьдралын хэвшил зэрэг нь гол хүчин зүйл болдог аж. Мөн эрт бэлгийн харьцаанд орох, бэлгийн олон хамтрагчтай байх, жирэмснээс хамгаалах эмийг олон жил уухад, тамхи татдаг бол хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгддэг юм байна. Шинж тэмдгийн тухайд ихэвчлэн бэлгийн харьцаанд орсны дараа үтрээнээс үл ялиг цус гарах нь элбэг тохиолддог. Үтрээнээс гарах цус эхлээд бага хэмжээтэй байх ч хорт хавдар өсөх тусам цус гарах нь ихэсч шарх нь хүндэрдэг ажээ.
Харин халдварын хоёрдугаар үед эвгүй үнэр үүснэ. Хорт хавдар томрох тусам ойролцоох эрхтэн болох давсаг, шээсний суваг, аарцагны хана, сүүжний ясны мэдрэл зэрэг гэмтэж шээс хөндүүртэй гарах ба цустай гарах, шулуун гэдэснээс цус ялгарах, нуруу, хөл өвдөх хавагнах, турах зэрэг шинж тэмдэг илэрлэг ажээ. Тэгвэл одоогоор Монгол Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх вакцин хэрхэн хийгдэж буй тухай тодруулахад ЭМЯ-ны дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзул “Одоогоор энэ төрлийн вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар дамжуулан хийж байна. Нөөцийн хувьд хангалттай бөгөөд хүссэн хүн бүхэн хийлгэх боломжтой” гэсэн мэдээллийг өгсөн юм. ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга н.Дашпагма “Манай сайн дурын дархлаажуулалтын кабинетад умайн хүзүүүний хавдрын эсрэг хэмээн нэрлэгдээд буй вирусын эсрэг вакциныг хийж байна. Тус вакцины заавар дээр 9-өөс дээш насны эмэгтэйчүүд хийлгэж болно гэж бичсэн байдаг. Энэхүү вакцин нь манай бүсгүйчүүдийн дунд голлох хувийг эзлээд буй дөрвөн хэв шинжийн эсрэг.
Дархлаажуулалтын тухай хуулинд тусгагдсаны дагуу иргэд сайн дурынхаа үндсэн дээр энэхүү вакциныг хийж байгаа учир багахан хэмжээний буюу 23 мянган төгрөгийн төлж байна. Харин тус вакцин заавал хийх үндэсний товлолт вакцинд орж байгаа. Хэрэв энэ нь ажил хэрэг болоод мөрдөгдөөд явбал үнэ төлбөргүй хийх боломж бүрдэнэ” гэсэн юм. Тэгэхээр өсвөр насны болоод өөртөө хайртай эмэгтэй бүхэн ХӨСҮТ-д очиж, сайн дураараа вакцинд хамрагдах боломж нээлттэй байгаа юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 8 (7252)