Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Start up” булангийн зочноор гоо сайхны бүтээгдэхүүнээрэ хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон “Beute god” брэндийг үүсгэн байгуулагч Э.Эрболдыг урилаа.
-Бүсгүйчүүд “Beute god” брэндийг хэдийн мэддэг болжээ. Анх унтлагын маскаар олонд танигдсан байх аа?
-Манай компани 2015 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Би Харвардын бизнесийн сургуульд HBX онлайн хөтөлбөрт хамрагдаж байхдаа лабораторит ажиллаж байсан хүмүүсээс зөвлөгөө авч, хөгжүүлсэн. Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргээд гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Анх коллагентой унтлагын маск үйлдвэрлэсэн. Энэхүү маск арьсыг сайн чигшүүлж, өнгөлөг, толигор болгодог. Манай улс хуурай цаг агаартай учраас арьс хуурайшаад, таарах бүтээгдэхүүн ховор байлаа. Тиймээс арьсанд таарах боломжийн үнэтэй бүтээгдэхүүн гаргахаар зорьсон юм. Хүмүүс ихэвчлэн өөр улсад үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ нь арьсанд таарахгүй байх талтай. Тиймээс монгол хүний арьсанд тохирсон унтлагын маскаа гаргасан. Бид унтлагын маскны найрлагадаа чийгшүүлэх орц илүү хийсэн. Анх өөрсдөө хэрэглээд үр дүн сайн байсан болохоор хэрэглэгчдэд хүргэсэн юм шүү дээ. Манай компанийн зорилгын нэг нь үр дүнд суурилсан бүтээгдэхүүн гаргахыг эрмэлздэг.
- Маскны дараа ямар бүтээгдэхүүн худалдаанд гаргасан бэ?
-Маскны дараа нарны тос, цайруулах багцаа гаргаж байлаа. Нар арьсыг гэмтээж, нөсөө толбо үүсгэдэг. Гадуур зарагдаж байгаа нарны тос зунгаарсан бүтэцтэй, арьсанд шингэхдээ удаан байх нь бий. Үүнийг бодож арьс хөхрүүлдэггүй, чийгшүүлдэг, нүүр будалтын дор ч хэрэглэх боломжтой тос гаргахаар зориг шулуудаж билээ. Манай тосны давуу тал нь нүүр будалтын дор хэрэглэх боломжтой. Мөн түрхсэнээс 10 минутын дараа арьсны чийгшлийг есөн хувиар нэмэгдүүлэх SPF50-тай тос. Харин цайруулах багцаа гаргах болсон нь ээжийн маань нүүрний арьс бор, төрсний улмаас сэвх үүссэн. Өмнө нь олон төрлийн цайруулах бүтээгдэхүүн хэрэглэсэн ч үр дүн гараагүй. Тиймээс энэ багцаа гаргах болсон. Цайруулах багцын хувьд арьсны өнгийг долоон хоногийн дотор сэргээнэ. Сэвх толбо нөсөөг задалж бүдгэрүүлдэг. Сэвх арьсанд үүсэхдээ удаан хугацааны турш үүсдэг. Тиймээс бүтээгдэхүүн хэрэглэх явцад аажмаар задарч арилна. Дараа нь нүхжилтийн багц, үрчлээний багц, нүүр цэвэрлэгчээ хэрэглэгчдэд хүргээд байна. Манай нүүр цэвэрлэгч бүх төрлийн арьсанд тохирно. Найрлагандаа спирт агуулаагүй, амьтнаас гаргаж авсан түүхий эд ашиглаагүй гэдгээрээ онцлог.
-Бүх бүтээгдэхүүн нь хүмүүсийн таалалд нийцдэг юм билээ. Үйлдвэрлэлийн процесс, стандартыг нь сонирхож болох уу?
-Бид хэрэглэгчдэд чиглэсэн багагүй маркетингийн ажил явуулсан. Тиймээс олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байна. Цэвэр орчинд бүтээгдэхүүн үйлдвэрлэл явагддаг. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний орцуудад дэлхийн гоо сайхны үйлдвэрийн түүхий эдийн аюулгүй стандартыг мөрдөж байгаа. Унтлагын маск нарны тостойгоо зах зээлд гаргахад хүмүүс их дуртай хүлээж авсан. Олон бүсгүйн арьсны асуудлыг шийдэж чадсан шүү. Аливаа бизнес хүмүүст тулгарч байгаа асуудлыг шийддэг байх ёстой. Эдийн засгийн хувьд ч хямд байх нь чухал.
-Бүтээгдэхүүнүүд нь бүгд арьсыг сайн чийгшүүлдэг гэдэг. Хэрэглэгч олонд нийгмийн хариуцлагын хүрээнд ямар боломж олгож байна?
-Манай бүтээгдэхүүн нэг шөнө хэрэглээд өглөө нь арьсны чийгшлээ үзэхэд дунджаар есөн хувь нэмэгдэнэ. Мөн тослогийг зургаан хувиар бууруулдаг. Ингээд арьсыг өнгөлөг чийглэг болгодог доо. Унтлагын маскын давуу тал нь хэрэглэгч нэг удаа хэрэглээд таалагдахгүй бол буцааж өгөөд төлсөн мөнгөө авах боломжтой. Бусад бүтээгдэхүүн ч ялгаагүй. Хэрэглэгчиддээ аль болох уян хатан хандахыг хичээдэг. Манай компанийн эцсийн зорилго хүн үр дүнтэй ажиллаж, амьдрахад шаардлагата гоо сайхны бүтээгдэхүүнээр хангана.
-Ер нь худалдаж авсан бүтээгдэхүүнээ ямар нэг шалтгаанаар буцаахаар ирсэн хүн бий юу?
-Ховор шүү. Гэхдээ хүн бүрийн арьсны онцлог харилцан адилгүй. Тухайлбал, спирттэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд арьс эмзэг болсон хүн байдаг. Ийм хүнд манай бүтээгдэхүүн тохирохгүй байж мэднэ. Бусдаар бол харьцангуй сайн үр дүнтэй. Гоо сайхны бүтээгдэхүүнд парабен бодис агуулсан бол хорт хавдар үүсгэнэ гэдэг. Гоо сайхны нийт есөн төрлийн парабен байдаг. Европын холбооноос гурван төрлийн бодисыг нь хориглосон. Харин Америкт хориглоогүй. Эмэгтэйчүүд энэ төрлийн мэдлэгтэй болсон. Хүмүүсийн эрүүл мэндийг бодоод бүтээгдэхүүнүүддээ парабен агуулаагүй.
-Хэрэглэгчийн таалалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тулгамддаг асуудал бий юу?
-Аливаа бизнесийг өөрөө хийх шаардлагагүй. Гол зүйл дээрээ компани анхаараад бусад зүйл дээрээ туслан гүйцэтгэгч авч ажиллуулдаг. Чаддаг хүмүүсээр нь хийлгэх хэрэгтэй. Түүхий эд элбэг, үйлдвэрийн өртөг зардал бага байх боломжийг эрэлхийлдэг учраас кластераар ажиллахыг чухалчилж байгаа. Номин сүлжээ дэлгүүрийн 58 салбарт борлуулагдаж байна. Мөн Сансар супермаркет, 100 гаруй гоо сайхны лангуу, дэлгүүр бий. Нийслэлээс гадна 21 аймагт борлуулагдаж байна. Ингээд бодохоор хэрэглэгчдэд хүргэхийн тулд олон хүний оролцоо оржээ.
-Хэрэглэгчдэд таашаагдсан бүтээгдэхүүн хэдий ч харьцангуй хямд үнээр борлуулдаг. Үйлдвэрийн ашигаа нөхөж чаддаг уу?
-Бид нэгж бараанаас ашиг олохыг илүүд үздэггүй. Эргэлтийн хурдаар ашгаа нэмэгдүүлэхийг зорьдог. Үйлдвэрлэл явуулахад ажиллах хүч, оффис түрээс, сурталчилгааны зардалд голлох нөлөөг үзүүлдэг. Тиймээс бид хотын төвд үнэтэй оффис түрээслэхгүйгээр зардлаа арай хямд байлгахыг бодсон. Бүтээгдэхүүний үнэ хямд байдаг нь үүнтэй холбоотой. Стандарт мөрдвөл дэлхийн хэмжээний чанартай бүтээгдэхүүн гаргана. Ихэнх супер маркет гоо сайхны бүтээгдэхүүнийг тестергүй худалдаалдаг. Тэгвэл манай бүтээгдэхүүнийг Номингоос худалдаж авахдаа түрхэж үзээд авах боломжтой. Бид хэрэглэгчиддээ ойлгомжтой байх үүднээс бүх найрлага, хэрэглэх заавар, үйлчилгээг нь дэлгэрэнгүй бичсэн. Ямар ч хүн уншаад ойлгоно. Мөн хэрэглэгчдэд мэдээллийг сайн хүргэснээр өөрт тохирох бүтээгдэхүүнээ олж авахад илүү хялбар болжээ.
-Сав баглаа нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад битүүмжлэл сайтай байдаг?
-Бид бүтээгдэхүүний сав баглаа боодолд энгийн цэвэрхэн байх зарчмыг баримталдаг. Мөн сав нь цагаан цайвар өнгөлөг байхад лангуун дээр өрөхөөр гэрэлд гялбаад хүмүүс олж харахад төвөгтэй байгаа учраас зарим бүтээгдэхүүний дизайн дээр хар өнгө орсон. Сав баглаа өнгөлөг байх нь зөв. Гэхдээ эцэстээ чанар л чухал.
-Цаашид ямар бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд бэлэг барихаар зэхэж байна?
-Хавраас нүүрний мист, тонер гаргахаар төлөвлөсөн. Нүүр будалтын бүтээгдэхүүнүүд гаргах хүсэл бий. Мөн гаргасан бүтээгдэхүүнүүдийнхээ чанар, савалгааг үргэлж сайжруулаад явдаг. Судалж үзэхэд гадны том компаниудын бүтээгдэхүүн хөгжүүлэлт удаан байдаг юм билээ. Учир нь их хэмжээгээр үйлдвэрлэсэн болохоор тэр. Мөн удирдлагууд нь шийдвэр гаргах гэж уддаг. Харин манайд тийм зүйл байдаггүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 5 (7249)