Ахлах дэслэгч Ё.Сэндэр

 

Тоононд нь нар мэлтрэх Дорнын их өглөөг сэрээж Жаварт хошуунд нар мандлаа. Улсынхаа хилийн хариуцсан хэсэгт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх Улзын хилчид нэгэн зорилгын төлөө тэмүүлсээр. Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчдыг ажил үйлсээрээ манлайлж Хил хамгаалах байгууллагынхаа тэргүүн дээд “Сүлдэт багана” шагнал хүртсэн Автотехникийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Ганзоригийг урьж ярилцлаа.

 

-Юуны өмнө “Сүлдэт багана” шагнал хүртсэнд баяр хүргэе. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Эрхэм уншигчиддаа энэ өдрийн мэндийг Баян-Уулын хилчдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж байна. Намайг Батбэхийн Ганзориг гэдэг. Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1984 онд төрсөн. Айлын хоёр дахь хүүхэд. Ээжээсээ дөрвүүлээ. Одоо эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тус сумандаа бүрэн дунд боловсрол эзэмшээд Хилийн цэргийн дээд сургуульд элсэж Хилийн албаны офицер, эрхзүйч мэргэжлээр төгссөн. Анхны ажлын гараагаа Хэнтий аймгийн Дадал суманд байрлах Хилийн цэргийн 0287 дугаар ангиас эхэлж, 2011 онд тус ангидаа шилжин томилогдож байлаа. Сургуулиа төгсөөд хилийн заставын орлогч даргаар найм, Автотехникийн тасгийн даргаар зургаа дахь жилдээ ажиллаж байна.

-Энэ онд хийсэн ажлынхаа амжилтаас хуваалцаач?

-Улсын хил хамгаалалтад тушаалын дагуу оролцож, хадлан тэжээл, мод бэлтгэх, инженерийн байгууламжийн ажилд ашиглах автотехникийн бэлэн байдлыг хангах үндсэн үүргээ хэрэгжүүллээ. Энэ оны хамгийн чухал ажил болох хилийн багана засварлах бүлгийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, багаж хэрэгслийг бэлтгэсэн. Энэ мэтчилэн дурдаад байвал өөрийн гараар хийж болох бүх ажилд хойш суулгүй оролцохыг эрмэлздэг.

-Ажлын зарчим, арга барил гэдэг хилчин хүнд тэр дундаа офицер хүн бүрт өөрийн  онцлогтой оршдог. Таны хувьд?

-Зарчим гэхээсээ илүү арга барил гэдэг ажиллах хугацааны туршид хүнд зуршил болдог зүйл гэж боддог. Миний хувьд хэтэрхий хайрцаглах эсвэл нэг хэв маяг, өнгө аясыг дагахаас илүүтэй тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулдаг байх нь ажлын маань онцлог болдог.

-“Сүлдэт багана” Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал болоод 10 гаруй жилийг үджээ. Таны хувьд энэ шагналын үнэ цэн юунд оршиж байна вэ?

-Хилийн ангид дунджаар 300 орчим алба хаагч ажилладаг гэж бодоход нэг жил буюу 365 хоногт хийсэн ажлын үр дүнгээр нэг алба хаагч шалгарч энэ шагналыг хүртэнэ гэдэг хамгийн сайхан. Үнэхээр өөрөөрөө бахархахгүй байхын аргагүй юм. Олон сайхан алба хаагч маань бүтээсэн үйл хэрэг, ажлын амжилтаараа хамт олноо манлайлж байгаа ч ангийн удирдлага, хамт  олон маань санал нэгтэйгээр энэ шагналд тодорхойлсонд баярлаж байгаагаа хэлмээр байна. “Сүлдэт багана” хэмээх энэ шагнал цар хүрээ, зохиомжийн хувьд маш гоё. Хилчин хүн бүрт хүндэтгэлтэй санагддагт энэ шагналын үнэ цэн оршиж байгаа болов уу. Байгууллагын хувьд хилийн анги тус бүрээс нэг алба хаагчид олгодог нь хамгийн нандин юм.

-Хил хамгаалах байгууллага парк шинэчлэлтийг энэ онд эрчимтэй, үе шаттайгаар хийсэн. Энэ талаар та юу хэлэхсэн бол?

-Техник технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед парк шинэчлэл хийсэн нь цаг үеэ олсон үйл явдал байлаа. Манай ангийн хувьд хилийн цэргийн бүх салбарт техник шинэчлэл 100 хувь хийж улсын хил хамгаалалтад үр дүнтэй ашиглаж байгааг харахад сэтгэл дүүрэн байна. Хариуцсан хэсэгт хууль бусаар алт олборлогчдын хөдөлгөөнийг хязгаарлах, илрүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмээс урьдчилан сэргийлэхийн тулд бид хуучны хэллэгээр орос тэрэгтэй яагаад ч гүйцэхгүй гэдэг нь энэ цаг үеийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж байгаа юм. Парк шинэчлэл хил хамгаалалтад өндөр үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Анх томилогдон ирж байсан тэр цаг үеэ дурсвал?

-Одоогоос 12 жилийн өмнө шилжин ирж, ангийн байрлалд нэг хоноод Хилийн цэргийн 0259 дүгээр салбар руу хилийн заставын орлогчоор томилогдон очиж байсан бол өнөөдөр дөрвөн сайхан хүүхдийн аав ээж болжээ. Эхнэр маань мөрдэс зүүсэн цэргийн бүсгүй бий. Бидний амьдрал хилчин гэр бүлийн тулганы галанд өрдөгдөж өдгөө элэг бүтэн, эрүүл саруул ажиллаж, амьдарч байгаадаа баярлаж, талархаж явна. Хилийн цэрэг, хилчид гэдэг аливааг хийж бүтээхийн төлөө үргэлж тэмүүлж байдаг ажилсаг хөдөлмөрч, тууштай, дайчин хүмүүс юм шүү гэж хэлмээр санагдаж байна. Одоогоос 10 жилийн өмнө анги маань алба хаагчдын амьдрах байр дутмаг, төвлөрсөн халаалтад шилжээгүй байсан бол өнөөдөр 50 орчим айлын орон сууцыг шинээр барьж төвлөрсөн халаалтад шилжсэн байна. Мөн олон бүтээлч ажил бий.

-Олон сайхан хилчидтэй энэ хүндтэй шагналыг хүртэж байхдаа ямар онцлог ажлыг хийж бүтээсэн байна вэ?

-Хилийн зөрчлийн илрүүлэлт, шийдвэрлэлт 100 хувьтай хэрэгжүүлсэн. Хилчин тамирчдыг сувилалд хэвтэнгээ бэлтгэл хийх боломжийг бүрдүүлсэн, 40 орчим жил жолоо барьж байгаа гэх мэтчилэн олон сайхан бахархам ажил үйлстэй алба хаагчидтай хүндэтгэлийн индэрт хамт зогсож байгууллагынхаа удирдлагуудаас “Сүлдэт багана” гардаж авах тэр мөчийг үгээр хэлэмгүй эрхэм санагдсан.

-Автотехник гэдэг жолоочгүйгээр үүрэг гүйцэтгэх боломжгүй. Эзэшсэн техник бүрээ засаж, арчилж, улсын хил хамгаалалтад үр дүнтэй ашиглана гэдэг жолооч нарын ур чадвар, сэтгэлийг шаардсан амаргүй ажил байдаг. Та энэ хүмүүсийн талаар ямар бодолтой явдагийг сонирхмоор санагдлаа?

-Жолооч гэхээр сайхан машин унаад сэнгэнэтэл дуу аялаад явж байдаг гэж хүмүүс боддог. Гэтэл хилчин жолооч нарын хувьд машин унаад явах нь цаг агаарын ямар ч нөхцөлд эр зориг, тэсвэр тэвчээр, шуурхай байдлыг шаарддаг амаргүй ажил юм. Тухайн бүлэгт үүрэг гүйцэтгэж байгаа хүн бүрийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж, аюулгүй байдлыг нь хангаж байдагт бахархахгүй байхын аргагүй хатуужилтай хүмүүс шүү дээ. Заставын дарга байхдаа жолоочдоо их хайртай байлаа. Машин  техникийг нь засварлах, сэлбэг хэрэгслийг нь хамт олноосоо авч өгөх асуудлыг шийдвэрлэхийг эрмэлдэг байжээ. Чухамдаа өвлийн тэсгим хүйтэн, зуны аагим халуунд ч жолоочгүйгээр үүрэг гүйцэтгэх хилийн алба гэж байхгүй. Хөлдүү төмөр, эрэг боолтыг улаан гараараа засварлаж аль болох хурднаар машиныхаа эвдрэлийг засварлаад зогсож байдаг өрөвдмөөр, бахархмаар боловч гавьяа нэхдэггүй нь гайхамшигтай. Гэвч энэ хүмүүс яагаад ахлагчийн хамгийн бага зэрэглэлээр цалинждаг юм бэ гэж асуумаар санагддаг. Энэ дашрамд хамт ажиллаж байсан, ажиллаж байгаа жолооч нартаа баярлаж, та нараараа бахархаж явдаг шүү гэдгээ “Зууны мэдээ” сониноор дамжуулж хэлмээр байна.

-Мөр зэрэгцэн ажиллаж байгаа мянга мянган хилчддээ хандсан сэтгэлийн тань үгээр ярилцлагаа өндөрлүүлье?

-Хилийн цэрэг хэмээх энэ том айлд “Монгол Улсын төлөө зүтгэе” хэмээн тангараг өргөж ороод 20 дахь жилтэйгээ золгож байна. Хилчин болох сонголт хийсэндээ хэзээ ч харамсдаггүй. Эх орончид хил дээр байдаг, монгол ахуй, өв соёлоо тээгчид хил дээр байдаг. Гадаа дөрөө харшиж, хазаарын чимээ сонсогдоход “Аав ирж байна” гэж мэддэг бяцхан хилчид хил дээр төрж, хил дээр өсөж, хил дээр торнидог. Энэ бол монгол ахуй юм. Ийм сайхан монгол ахуй шингэсэн хилчдээрээ бахархах, албаараа бахархах сэтгэл минь өнөөдрийг хүртэл оргилон байдаг юм. Та нартаа ажлын их амжилт, амьдралын сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 259 (7244)