Б.ДЭЛГЭР

 

"УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнтэй ярилцлаа.

 

-Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтэд төмөр замын тээврийн салбар чухал үүрэгтэй. Тус салбарын хүндийг үүрч явдаг УБТЗ-ын 2023 оны ажлыг та товчхон дүгнэж ярина уу?

- 2023 он бол УБТЗ-ын хамт олны хувьд олон шинэ түүхэн дээд амжилтуудын жил байлаа. Манай нийгэмлэгийн тээврийн гол үзүүлэлт болох тээвэрлэсэн нийт ачааны хэмжээ 32 сая тонн гаруй болж, үүнийг дагаад орлого, ашиг маань ч 74 жилийн түүхэндээ түүхэн шинэ дээд амжилтуудад хүрсэн онцгой нэгэн жил байлаа. Мөн нэмж хэлэхэд нэг ээлжиндээ ачиж буулгасан ачааны хэмжээ, хилийн өртөөдөөр солилцсон галт тэрэгний тоо, манай улсаар дамжин өнгөрсөн галт тэрэгний тоо гээд олон үзүүлэлтээрээ түүхэндээ байгаагүй бахархам дээд амжилтуудыг тогтоож шинэ оноо угтаж байна. Эдгээр ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилтууд нь УБТЗ-ын хамт олны 24 цагийн тасралтгүй хөдөлмөр зүтгэл, хөлс хүчээр бүтсэн юм. Өөрөөр хэлбэл энэхүү түүхэн дээд амжилтын эзэд бол манай 16 мянган төмөр замчид гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Ийнхүү тээврийн чанарын үзүүлэлтүүд сайжирч, ашиг орлого нэмэгдсэнээр тус нийгэмлэгт техникийн шинэчлэлт хийх, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж нөхцөл улам нэмэгдэнэ. Замын удирдлагын барьж байгаа гол бодлого бол нийгэмлэгийн тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, алдагдалгүй ашигтай болгож ашиг орлогоо нэмэгдүүлэх замаар төмөр замынхаа хөгжил, техникийн шинэчлэлд зориулахаас гадна төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангахад хөрөнгө оруулалт хийх явдал юм. 

 -Ачаа тээврийн түүхэн шинэ дээд амжилт тогтооход хилийн боомтын галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд УБТЗ-ын удирдлагын зүгээс онцгой анхаарч ажилласны үр дүн гэж дүгнэж болох уу? 

-Ачаа тээврийн түүхэн дээд амжилт тогтооход олон хүчин зүйл нөлөөлснийг сая би дурдаж ярилаа. Хөрш орнуудын хилийн боомтоор солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлснээр УБТЗ-ын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өсч, тээврийн орлого нэмэгдэхийн сацуу улс орны эдийн засагт ч үр ашгаа өгнө.  Тийм ч учраас УБТЗ-ын удирдлага галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэж дүгнэж болно.

2023 оны аравдугаар сард ОХУ-ын Эрхүү хотноо болсон хөрш орнуудын хилийн төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр Хятадын талтай Замын-Үүд өртөөний өргөн царигаар 15 буюу түүнээс дээш, нарийн царигаар 8 буюу түүнээс дээш, Оросын талтай Наушки өртөөгөөр 10 буюу түүнээс дээш галт тэргийг хоног тутам солилцож байхаар албан ёсоор тохирч, 7 жил гацсан галт тэрэг солилцоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж чадсан явдал нь Монгол Улсын Засгийн газрын “Боомтын сэргэлт”-ийн бодлогыг бодит ажил хэрэг болгоход томоохон түлхэц болсон. Мөн хөрш орнуудын хилийн өртөөдөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлснээр манай улсаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо эрс өслөө. Ази-Европыг холбосон худалдаа эдийн засгийн өндөр ач холбогдолтой манай гол замаар 2023 онд 3000 гаруй чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн нь 2021 онд тогтоосон дээд амжилтаасаа 700 гаруй галт тэргээр илүү байна. Ийнхүү УБТЗ дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоог эрчимтэй нэмэгдүүлж байгаа нь олон улсын тээвэр логистикт Монгол Улсын оролцох оролцоог нэмэгдүүлж, уг тээврээс олох эдийн засгийн үр ашиг дээшилж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэхүү амжилт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Транзит Монгол” болох зорилт амжилттай хэрэгжиж, бүс нутагтаа УБТЗ-ын нэр хүнд, байр суурь бэхжиж, өрсөлдөх чадвараа дээшлүүлж байгааг харуулж байна.

-Энэ онд “УБТЗ” ХНН-ийн хувь эзэмшигч талууд тус нийгэмлэгийн их өрийн асуудлыг шийдэж, дүрмийн санг нь нэмэгдүүлэхээр тохирсон. Энэ талаар та тодруулж ярьж өгнө үү?

- Тиймээ. Энэ бол УБТЗ-ын тулгамдсан шийдлээ олж чадахгүй байсан олон асуудлын нэг байсан. УБТЗ-ын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор  1993, 1995 онуудад Сангийн яамаар дамжуулж Япон улсаас нилээд их хэмжээний зээл авсан. Энэхүү зээл нь тус нийгэмлэгийн хөгжил шинэчлэлд тодорхой үр ашгаа өгсөн ч уг зээлийг эргэн төлөх санхүүгийн боломж УБТЗ-д байгаагүй.   

Мон-П1, Мон-П2 гэж нэрлэдэг энэхүү их хэмжээний зээлийн эргэн төлөлтийг манай Засгийн газар хариуцаж, улмаар энэ хэмжээгээр Оросын тал “УБТЗ” ХНН-ийн дүрмийн санг өсгөх саналыг ОХУ-ын Засгийн газарт тавиад байсан юм. Энэ асуудлыг шийдэж, УБТЗ-ын дүрмийн санг өсгөх хэлэлцээрт 2023 оны 6 дугаар сард Москва хотноо хувь нийлүүлэгч талууд гарын үсэг зурснаар УБТЗ-ын дүрмийн сан 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тус нийгэмлэг өргүй болсон. Ийнхүү олон жил  шийдлээ олж чадахгүй байсан их өрийн асуудлыг шийдсэнээр УБТЗ санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөж, техникийн шинэчлэлт хийх, томоохон хөрөнгө оруулалт босгох  боломж нөхцөл өсч  байна.

-УБТЗ-ын  тээврийн тарифын алдагдлыг бууруулах нь тус нийгэмлэгийн тулгамдсан гол асуудал гэж дүгнэдэг. Энэ асуудалд та онцгой анхаарч ажилласан гэж дуулсан. Үр дүн нь ямар байна.

- УБТЗ нийтдээ 19 бүлгийн 21 төрлийн ачаа тээвэрлэдэг ч транзит болон экспортын зарим төрлийн ачаанаас бусад бүх ачааг олон жил алдагдалтай тээвэрлэж, жил бүр асар их хэмжээний алдагдал хүлээдэг байсан. Зөвхөн 2022 онд л гэхэд ачаа тээврээс 36,4 тэрбум, зорчигч тээврээс  64,3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ нь УБТЗ-ын санхүүгийн чадавхад олон жил сөрөг үр дагаврыг үзүүлж ирсэн.

Сүүлийн хоёр жилийн дотор Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр холбогдох яамд болон “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-тай зөвшилцөж тарифыг шинэчилснээр 19 бүлгийн 21 төрлийн ачаанаас нефть, хүнс, орон нутгийн нүүрс гэсэн 3 төрлийн ачаанаас бусад ачаа тээврийн тариф алдагдалгүй болсон. Тээврийн тарифын алдагдлыг бууруулснаар УБТЗ-ын санхүүгийн чадавх сайжирч, техникийн шинэчлэлт хийх,  үйлчилгээний чанараа сайжруулах, төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах зэрэг тулгамдсан  асуудлууддаа хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэх юм.

-Тээврийн хэмжээ нэмэгдэхийн хирээр хөдлөх бүрэлдэхүүний хүрэлцээ, замын аюулгүй найдвартай байдал яригддаг. Сүүлийн жилүүдэд хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэл, замын их засвар хир хийгдэв. 

-2022 онд ковид цар тахал, тарифын алдагдлын улмаас УБТЗ-ын санхүүгийн байдал хүнд байсан ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд ОХУ-аас гол замын 3 шинэ зүтгүүр худалдан авч хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийсэн. Тэгвэл 2023 онд ОХУ, УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх өөрийн талын хөрөнгө оруулалтад дүйцүүлж гол замын 5 зүтгүүр нийлүүлэхээр тохирсон. Ер нь сүүлийн жилүүдэд гол замын өндөр хүчин чадалтай 20 гаруй зүтгүүр худалдан авч парк шинэчлэлт хийгдсэн.

Эдгээр зүтгүүрээр парк шинэчлэлт хийгдсэнээр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах боломж нэмэгдсэн.

Замынхаа нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд  Замын-Үүд 2 – Шаргын овоо хооронд 14,2 км  хос зам барьж, Эмээлт, Цомог зөрлөгийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийсэн. Тэгвэл 2023 онд  Дулаан-Ерөө хоорондын 11,7 км замд их засвар хийснээс гадна гол замын 72-р км-т болон 334-р км-т шинэ гүүр барьж тухайн хэсгийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ. Мөн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд гол замын 25-р км-т болон 379-р км-т, Дархан2 - Шарын гол хоорондын салбар замын 42 км-т автомашин нэвтрэх хонгилон гарцыг барьснаас гадна ус зайлуулах 5 төмөр бетон хоолойг томсгон шинэчилж, 7 төмөр бетон хоолойг шинээр барилаа.

-2023 онд ЗТХЯ  салбарынхаа харъяа байгууллагуудын ажил үйлчилгээг бүрэн цахимжсан жил болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт УБТЗ-д хир хэрэгжиж байна вэ?

-УБТЗ-ын хувьд ачаа тээврийн үйлчилгээний цахим систем болон Зорчигч тээврийн үйлчилгээний цахим системийг улам боловсронгуй болгон хөгжүүлж үйлчлүүлэгчдийн хамрах хүрээг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Энэхүү ажлын үр дүнд үйлчилгээний чанар хүртээмж дээшилж, ил тод нээлттэй байдал хангагдах юм. Өнөөдрийн байдлаар, ачаа тээврийн үйлчилгээний цахим системээр 560 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйлчлүүлж байгаа бол зорчигчийн галт тэрэгний онлайн цахим тасалбар худалдаалалт 60 шахам хувьд хүрээд байна.УБТЗ-ын ажил үйлчилгээг бүрэн цахимжсан болгох ажлыг цаашид ч эрчимтэй үргэлжлүүлнэ.

-УБТЗ бол Монгол Улсын хамгийн том ажил олгогч байгууллага. 16 мянган хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь давхар шийдэж авч явна гэдэг амаргүй. Хүний нөөцийн бодлогыг шинэчлэх, төмөр замчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэх талаар 2023 онд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаараа ярина уу?

-2023 онд Хүний нөөцийн оновчтой зөв бодлого боловсруулах, төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч хэд хэдэн шинэчлэлт өөрчлөлтийг  хийж хэрэгжүүллээ. Үүний тодорхой жишээ бол цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. 2022 онд санхүүгийн нөхцөл байдал хүнд байсан ч төмөр замчдынхаа үндсэн цалинг дунджаар 11,2 хувиар нэмэгдүүлж, жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар бодож олгосон. Харин 2023 онд нийт төмөр замчдынхаа сарын дундаж цалин хөлсийг дунджаар 15 хувиар нэмэгдүүллээ. Цалин хөлсний системийн шинэчлэлийг цаашид улам эрчимжүүлэх болно.

Хүний нөөцийн бодлогын хүрээнд төмөр замчдынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэх, урамшуулж алдаршуулах, шагналын нэр хүнд, үнэ цэнийг өсгөх зорилгоор нийгэмлэгийн шагналын журамд 2016 оноос хойш 7 жил шахам хугацаанд өөрчлөлт ороогүй байсныг өөрчилж шинэчиллээ.

Ингэхдээ нийгэмлэгийн бүх шагналыг дагалдаж олгодог мөнгөн шагналын хэмжээг 3 дахин нэмэгдүүлснээс гадна загвар өнгө үзэмжийг ч сайжруулж шинэчилсэн.

Үүнээс гадна нийгэмлэгт тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор шагналын шинэчилсэн журамд “УБТЗ-д тогтвор суурьшилтай ажилласны төлөө” шагналыг шинээр бий болгож, нийгэмлэгт 5-аас дээш жил ажилласан ажилтан бүрд 5 жил тутам 500.000-3.500.000 төгрөгийн мөнгөн урамшууллыг ажилласан жилээр тооцож олгохоор шийдвэрлэсэн..

Мөн “Говийн төмөр замчин” хөтөлбөрийг баталж, говийн бүсэд ажиллаж буй  төмөр замчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор сар бүр 50-200 мянган төгрөгийн нэмэгдлийг олгож байна. Уг хөтөлбөрт төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах талаар өөр олон заалтууд орсон.

Цаашдаа төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор олон шинэлэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Ковид цар тахлын улмаас хөрш орнуудын төмөр замуудын харилцаа хамтын ажиллагаанд хүндрэл үүссэн. 2023 онд харилцаа хамтын ажиллагаагаа сэргээх талаар ямар дэвшил өөрчлөлт гарсан бэ?

 -2023 он бол ковид цар тахлын улмаас тасарсан хөрш орнуудын төмөр замуудын амьд харилцаа сэргэж, харилцаа хамтын ажиллагаанд шинэ дэвшил гарсан жил боллоо.

“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал анх удаа УБТЗ-ын даргыг албан ёсоор урьж Бээжин хотноо уулзсан нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагаанд хятадын тал өндөр ач холбогдол өгч, харилцаа хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхийг зорьж байгааг харуулсан үйл явдал болсон.

Мөн ОХУ-ын Эрхүү хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн болон Монгол-Хятад, Монгол-Оросын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөнөөр талууд биечлэн уулзаж хуралдлаа.

Энэхүү уулзалт зөвлөгөөн нь хөрш орнуудын төмөр замуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж,  экспорт импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөх боломжийг улам нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

-УБТЗ-ын Монгол Улсын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг төр засаг, бизнес эрхлэгчид өндөр үнэлдэг. Энэ жил яаж үнэлсэн бэ?

- 2023 онд “УБТЗ” ХНН ачаа тээврийн түүхэн дээд амжилт тогтоож, нэг ээлжиндээ ачсан ачаа, хилийн өртөөгөөр солилцсон галт тэрэг, дамжин өнгөрсөн галт тэрэгний тоо, ашиг, орлогоороо 74 жилийн түүхэндээ байгаагүй шинэ дээд амжилт тогтоож, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засагт хувь нэмрээ орууллаа.

  Энэ жил Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас  УБТЗ-ын Монгол Улсын хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж  “Монгол Улсын ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгж”-ийн 3-т эрэмбэлсэн. Мөн “УБТЗ” ХНН-ийн бүс нутгийн тээвэр логистикийн хөгжил, хамтын ажиллагаанд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж “Транс-Евразийн тээврийн олон улсын зохицуулах зөвлөл”-өөс “Евразийн тээврийн шилдэг байгууллага” өргөмжлөлөөр шагнасан.

Энэ бүх амжилтыг УБТЗ-ын 16 мянган төмөр замчид хамтаараа бүтээснийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. 2024 онд УБТЗ-ын хамт олон илүү өндөр амжилт гаргахын төлөө ажиллах болно. Айлчлан ирж байгаа шинэ жилийн баярыг тохиолдуулан Монголынхоо ард түмэн, төмөр замчдадаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ДАВАА ГАРАГ. № 256 (7241)