Ц.БАЯР

 

2019-2020 онд есөн мэргэжлийн 186 багшид техникийн мэдлэг, ур чадвар, 54 багшид онолын болон заах арга зүйн түвшинг тогтоох судалгаа хийсэн. Уг судалгааны үр дүнд  мэргэжлийн багш нарыг системтэйгээр мэргэшүүлэх сургалтын агуулгыг тодорхойлох, сургалтын хөтөлбөрийг боловсруулах шаардлага гарч аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн багш нар хамтран сургалтын багцыг боловсруулсан. Чадамжийн төвүүдийн мэргэжлийн багш нарын нэгдэж боловсруулсан сургалтын багц нь мэргэжлийн боловсрол, сургалтын багшийг мэргэшүүлэх сургагч багшийн суурь гарын авлага юм. Суурь үнэлгээ хийхээс эхлээд сургалтын багц боловсруулах, хэвлэгдэн гарах үйл явцад Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны  Нийгэмлэг (GIZ)-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл дэмжин ажилласан юм. Энэ тухай төслийн МБС-ын багш бэлтгэх, мэргэшүүлэх асуудлыг хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Отгончимэгтэй ярилцлаа.

-Мэргэжлийн боловсрол, сур­галтын багш нарыг мэргэшүүлэх сур­гагч багшийн багц гарын авлагыг ямар шалтгаанаар боловсруулах бол­соныг тайлбарлахаас яриагаа эхэлье?

- Монгол улсад мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах сургалтууд хязгаарлагдмал байхаас гадна тогтвортой, дадлагад чиглэсэн сургалтын тогтолцоо хараахан бүрдээгүй байна.  Мэргэжлийн багш нарыг ихэвчлэн энэ салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд сургасаар ирсэн. Манай төслийн хувьд зөвхөн 2016 оноос хойш 11 чиглэлээр 35 удаагийн олон улсын чанартай сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 175 багшийг сургасан байна. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн олон багш нарыг гадаад улсад болон дотооддоо сургасны үр дүнд цахилгаан, механик, мехатроник, барилга угсралт, сантехник, халаалт агааржуулалт, барилга угсралтын мужаан, автын мехатроник зэрэг чиглэлээр мэргэжил нэгт багш нараа сургах, түгээн дэлгэрүүлэгч буюу сургагч багш нарын нөөц МБС-ын салбарт бүрдээд байна.Мөн төслийн хүрээнд 2019-2020 онд есөн мэргэжлийн 186 багшид техникийн мэдлэг, ур чадвар, 54 багшид онолын болон заах арга зүйн түвшинг тогтоох судалгаа хийгдсэн. Уг судалгааны үр дүнд ялангуяа мэргэжлийн багш нарыг системтэйгээр мэргэшүүлэх хэрэгцээ гарсан. Иймд мэргэшүүлэх сургалтын агуулгыг тодорхойлох, сургалтын хөтөлбөрийг боловсруулах шаардлага гарч ирсэн. Энэхүү сургалтын багц нь дээр дурдсан сургагч багш нарын гарын авлага юм.

-Системтэй сургалтын агуулга гэж ярилаа. Үүнийгээ тодруулна уу?

-Сургалтын багц нь дотроо суурь, дунд болон ахисан түвшний модуль буюу сургалтуудаас бүрдэж байгаа. Суурь түвшний сургалтуудад тус мэргэжлийн багшийн мэдвэл зохих суурь агуулга, сэдвүүд зонхилох бөгөөд ялангуяа багш нарт онолын мэдлэг, ур чадвараа сэргээх, бататгахад чиглэнэ. Дунд түвшний сургалтууд нь багш өөрийн заадаг нарийн мэргэжлийн чиглэлээр суралцах, мөн шинэ мэдлэг, ур чадвар эзэмшихэд чиглэж байгаа бол ахисан түвшний сургалтууд нь техникийн боловсролын V-VI түвшинд заадаг багш нар болон цаашид салбарын багш нарт түгээн дэлгэрүүлэлт хийх сургагч багш нарт чиглэсэн нарийн мэргэжлийн агуулга байгаа юм.

- Техникийн мэргэжлийн долоон чиглэлийн эдгээр мэргэшүүлэх багцыг хэн боловсруулсан бэ?

-Төслийн түнш сургалтын байгууллагын мэргэжлийн багш нар, тухайн мэргэжлийн инженер, Их дээд  сургуулийн багш, холбогдох мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн баг  дээрх мэргэшүүлэх багцыг боловсруулсан. Тухайлбал,  Цахилгааны мэргэшүүлэх сургалтын багцыг Дархан-Уул аймаг дах Уул уурхай, эрчим хүчний сургуулийн мэргэжлийн багш нар хамтран ажилладаг цахилгааны инженерүүд, их сургуулийн багш нартай хамтарч боловсруулсан.

-Эдгээр багц гарын авлагыг ашиглан сургалтыг ямар хэлбэрээр зохион байгуулах боломжтой вэ?

-Нийт 86 модуль сургалтын хөтөлбөрийн заримыг нь төрөлжсөн чадамжийн төвүүд онлайнаар ч заах боломжтой бол  дунд, ахисан түвшний ихэнх модуль нь гараар хийж гүйцэтгэх, дадлага ажилд суурилсан, биеэр оролцож суралцахаар боловсруулсан.

-Сургалтад хэрхэн хамрагдах вэ?

-Одоогоор Дархан уул аймаг дах Уул уурхай, эрчим хүчний Политехник Коллеж, Монгол-Солонгосын Политехник Коллеж, Техник Технологийн Политехник Коллеж, Барилгын Политехник Коллеж, Дорнод аймаг дахь Поли­техник Коллеж дээр тухайн чадамжийн төвүүдийн төрөлжсан чиглэлээр сургалт зохион байгуулах орчин нөхцөл, хүний нөөц бүрдсэн байгаа. Эдгээр сургуулиудад хандан сургалтад хам­рагдах боломжтой. Зарим сургалт нь төлөвлөгөөт, зарим нь албан байгууллагуудын захиалгаар зохион байгуулагддаг.

-Цаашид мэргэшүүлэх сургалтын тогтвортой, хүртээмжтэй явуулахад ямар дэмжлэг хэрэгтэй байгаа вэ?

- Цаашид  гол хоёр дэмжлэг шаард­лагатай. Эхнийх нь санхүүжилтын асуудал. Мэргэжлийн боловсрол, сургалтын онцлог нь суралцагсдыг онолоос гадна дадлага сургалтаар бэлтгэдэг. Ийм онцлогтой сургалтыг зохион байгуулж байгаа багшид ч мөн адил практик ур чадвар зайлшгүй шаардлагатай. Үүнтэй хол­боотойгоор сургалтад ашиглах түүхий эд, материалын чанар болон хүр­тээмж, багш нарыг ажлын байранд мэргэшүүлэх сургалтыг зо­хион байгуулах боловсон хүчин нь цаашид сургалтыг тогтвортой, үр дүнтэй явуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Төслийн хүрээнд чадавхжсан чадварлаг багш нарын дунд цалингийн хэмжээ бага гэсэн шалтгаанаар ажлын байраа орхих тохиолдол байна. Саяхан батлагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын шинэчлэгдсэн хуульд сургууль өөрийн дотоод үйл ажиллагаагаар ашиг олох,  түүнийг захиран зарцуулах эрхтэй болсон нь эдгээр асуудлын шийдэл байж болох ч одоогоор Чадамжийн төвүүдэд энэ зохицуулалт шинэлэг зүйл болж байгаа.

Хоёр дахь чухал дэмжлэг нь төрийн зохицуулалт.  Манай улсад ур чад­вартай ажилчин,  техникч бэлдэж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын багшийг анхлан бэлтгэх, ажиллангаа мэр­гэшиж, суралцаж, хөгжих бодлого, зо­хи­цуулалтыг яаралтай тодорхойлж, хэ­рэг­жүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ энэ нь тухайн сургуулийн өмчийн хэлбэр үл харгалзан, бүхий л Мэргэжлийн бо­ловс­рол, сургалтын байгууллагад хамааралтай.

-Мэргэжлийн боловсрол, сур­гал­тын байгууллагын мэргэжлийн баг­­шийг мэргэшүүлэх сургалтын баг­­цаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтныг сайн багш нар л бэлтгэдэг. Энхүү мэргэшүүлэх сургалтын багцууд нь чадварлаг сайн багш нарыг бий болгох нэг хэрэгсэл гэж ойлгож болно. Сургагч багшийн гарын авлага боловсруулах нь манай мэргэжлийн багш нарын хувьд харьцангуй шинэлэг ажил байсан бөгөөд боловсруулах явцдаа хамтран суралцаж, ихээхэн туршлага хуримтлуулсан байх. Энэ нь эргээд бүтээнгээ суралцах боломжийг багш нарт олгосон чадавхжуулах үйл ажиллагааны нэг хэлбэр байсан. Техникийн 7 мэргэжлийн чиглэлээр гаргасан эдгээр материал нь анхны хувилбар. Иймд ажил олгогчийн эрэлт хэрэгцээ, техник технологийн шинэчлэлийг дагаад агуулгыг цаашид тогтмол шинэчлэх шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7224)