Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та парламентын танхимд өөрийн үгээс илүү иргэдийн үзэл санаа, дуу хоолойг хүргэж харагддаг. “Тэр аймгийн, тэр сумын иргэн тэр ийм санал хэллээ” гээд л нэр устай нь зарладаг.  Ер нь ингэж ажиллах нь хэр үр дүнтэй вэ. Одоогоор хэдэн иргэний дуу хоолойг хүргээд байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Би 2016 оны намар иргэдтэй уулзалт хийж яваад,  тэр намрын чуулган эхлэнгүүт иргэдийн санал бодлыг чуулганы танхимд  шууд хүргэсэн байдаг юм.  Түүнээс хойш иргэдийнхээ үгийг байнга хүргэж байна. Иргэдтэй уулзалт хийж байхдаа уулзалт бүрээс 2-3 хүний байр суурийг тэмдэглэн авч, эргээд таны үгийг би тэр өдрийн тэдэн цагаас чуулганы танхимд хүргэнэ шүү, та чуулганаа үзээрэй гэж эргэх холбоотой ажилладаг.  Өнөөдрийн байдлаар 700 орчим иргэний үгийг УИХ-ын танхимд хэлсэн байна.    Хамгийн сүүлд,  Ховд аймгийн  Манхан сумын Улаанхүрээ багынхантай есдүгээр сарын 6-ны өдөр уулзалт хийсэн.

Тэр уулзалтаас М.Цэндсүрэн гэдэг хүний үгийг УИХ-д хүргэнэ гээд тэмдэглээд авчээ.   Надад иргэний үгийг бичиж тэмдэглэж авсан 40 орчим дэвтэр бий.  УИХ-ын гишүүн хүн хууль батлах үндсэн үүрэгтэй.  Мөн адил ард иргэдийн саналыг төрд хүргэх үүрэгтэй.  Иргэн бүрийн асуудлыг шийдэж, хууль батлана гэж байхгүй ч гэлээ парламентын индэр дээрээс гүйцэтгэх засаглалд иргэдийнхээ дуу хоолойг хүргээд байгаа юм.  Чуулганд иргэнийхээ үгийг танилцуулсныхаа дараа холбогдох яам руу нь бас саналаа явуулдаг. Зарим нь ч сөрөг хүчин юу юм гэсэн өнцгөөс харж дүлий дүмбэ оргиод хүлээж авдаггүй.  Гэхдээ би нэхэл хатуутай гишүүн учраас ямар ч асуудлын араас явна. Саяхан Байгаль, орчны сайд Б.Бат-Эрдэнэд нэг асуудлыг уламжилсан. Хөдөөгийн иргэд маань нэг чоныг буудахад 100 мянган төгрөгийн төлбөр төлж, зөвшөөрөл авч байна.  Гэтэл зөвшөөрөлгүй буудвал  экологийн үнэлгээгээр 1.1 сая төгрөгийн торгууль төлөх болно.  Мөн дээрээс нь 500 мянган төгрөгийн торгуультай.  Тэгэхээр тэр чоныг хэн алах вэ дээ.  Говьд чоно ховордож байгаа нь үнэн ч алтайд, хангайд чоно нэмэгдэж, мал сүрэгт аюул учруулж байна.  Тэгэхээр энд бодлогын асуудал байгаа биз.  Энэ асуудыг Байгаль, орчны сайд Б.Бат-Эрдэнэ шийдэж өгнө гэж хэлсэн.  Энэ жил тойргийнхоо иргэдтэй 81 уулзалт хийсэн.  Мөн тойрог хамаарахгүй 10-20 удаа уулзалт зохион байгуулж, өөр аймаг, сумдын иргэдийн үгийг нь хүргэж ажилласан.  Зөвхөн Ховд, Ховдын иргэд гээд байх нь өрөөсгөл шүү дээ. Ховдын ард иргэдийн амьдралын хэв хаяг, өөр газрын иргэдийн хэв маяг ондоо. Тэгэхээр өөр газарт очиж, асуудлыг нь сонсож, харьцуулах, санаа оноогоо солилцох уулзалтуудыг ч хийж байна.

-Та иргэдтэй уулзахдаа асуудлыг нь сонсохын зэрэгцээ хар цагаанаар хөрөг зургийг нь авч өөрийн цахим хуудаснаа нийтэлдэг. Та өөрөө зургийг нь дардаг юм уу?

- Тийм ээ. Би өөрөө зургаа авдаг.  Сүүлийн 3-4 жил уулзалтуудаасаа онцлон, хүмүүсийн хөрөг зураг авч байна.  Мөн хар, цагаанаар авах дуртай.  Хамгийн супер илэрхийлэл болж чаддаг.  Одоо дараагийн уулзалтуудын хөрөг зургаа өнгөтөөр авах төлөвлөгөөтэй байна.  Иргэдийнхээ гэрэл гэгээтэй ирээдүйг өөрийн цахим хуудастаа бас хадгалж явахыг хичээдэг дээ.

-Цахим хуудас гэж ярьсных асууя гэж бодлоо.  Та бичиг үсгийн соёлтой гишүүдийн нэг. Монгол бичиг, каллиграфаар гоё бичиж, үндэсний бичгээрээ мэндчилгээ илгээдэг.  Хаана ингэж бичиж сурсан юм бэ?

-Миний ээж монгол хэлний багш хүн. Зургадугаар ангийн зуны амралтаар надад гурван ширхэг ном, таван ширхэг тавын дэвтэр өгөөд хөдөө явуулж байсан.  Би хурга ишиг хариулангаа  тэр гурван номыг дуустал нь бичсэн дээ.   Тэр  миний монгол бичгийн гол суурь болсон.  Түүнээс хойш монгол бичгээ орхиогүй. Сүүлд Даш гээд Монголын алдартай каллиграф бичдэг багшийн шавь болж, багшаасаа маш богино хугацаанд каллиграфыг сурж байлаа.  Багш маань гайхалтай хурдан сурлаа гэж урамшуулсан.  Одоо амралтын өдрийн өглөөгүүр зориуд цаг гаргаж, уран бичлэг хийдэг.

-Та иргэдтэй ойр ойрхон уулздагийн хувьд ахуй амьдралыг нь сайн мэдэж байгаа.  Иргэдийн амьдралд энэ Төрийн ордноос баталж байгаа хууль, тогтоомж, шийдвэр хэр хүрдэг юм бэ?

-2021 оны Улсын төсөв 14 их наядаар батлагдаж байсан.  Гэтэл саяхан парламент ирэх оны төсвөө 27.4 их наядаар баталлаа.  Төсөв 2021 онтой харьцуулахад нэг дахин өссөн гэсэн үг. Энэ өсөлт иргэдийн амьдралд наалдах нь бүү хэл бүр ачаа болж байна. Дарга нарын төсвийн зарцуулалт хоёр дахин өсч, иргэдийн амьдралын чанар хоёр дахин буурлаа. Иргэд, аж ахуй нэгжийн татвар нэмэгдэж, нуруун дээр нь асар их ачаа болж байна.  Өөрөөр хэлбэл, Төрийн ордонд амьдрал сайхан, ард олны амьдрал муухан л байна.  Иргэдийн амьдрал сайжрахгүй байгаагийн нэг  шалтгаан нь төсвийн үр ашиггүй зарцуулалт юм.  Хэрэв 2024 оны сонгуульд манай нам олонх болж чадвал нийт төсвийн хөрөнгийн зардлыг тэр чигээр нь хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зарцуулна гэж ярьж байгаа. Хувийн хэвшлээ татвараар дарамтлахгүй, дэмжих нь ядуурлыг бууруулах гэж хөшүүрэг болох учиртай.  

-Иргэдийн, нийгмийн амьдралд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь авлигын асуудал байх л даа.  Парламент авлигын шүүх байгуулах хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж байна.   Та бол Хууль зүйн байнгын хорооны гишүүн.  Авлигын шүүхтэй болох эсэхэд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намын гишүүн, хуульч Х.Тэмүүжин маш тодорхой байр сууриа илэрхийлсэн байна лээ.  Би санал нэг байна.   АТГ-ын мөрдөн шалгадаг хэргийг Улсын дээд шүүх, давж заалдах журмаар шийднэ гэдэг бол эрх баригчид шүүх эрх мэдлийн хонгил үүсгэж байгаатай ялгаагүй.  Өнөөдөр төрд нүүрлэсэн хулгай, авлигын асуудал  маш эмх замбараагүй байна.  Төрийн дээр бүх хулгайч нь байна.  Нүүрсний хулгай, ЖДҮ, Концесс, Хөгжлийн банк, Ногоон автобус, Боловсролын сангийн хулгай гээд энэ бүх хуйвалдаанд төрийн дээд албан тушаалтнууд нь холбогдчихсон.  Ард иргэд нь үүнийг  нь зүгээр үзэгдэл мэт хүлээгээд авчихсан.  Төрийн дунд шатныхан нь дээрээ идэж болдог юм байна.  Бид ч идэж уугаад авъя гэсэн байдалтай. Төрийн бүх түвшинд хулгай нүүрлэлээ.  Хээл хахууль хэрээс хэтэрсэн.  Энэ бүхэнд ирэх сонгуулиар иргэд маань дүн тавих байх л гэж найдаж байна.  Энэ хулгайчдаа явуулах байх.

-УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу парламент түр хороо байгуулж, тодорхой асуудлаар сонсгол зохион байгуулдаг болсон.  Одоогоор цар тахлын үеийн санхүүгийн зарцуулалт, нүүрсний хулгай гээд хэд хэдэн түр хороо байгуулаад байна.  Та ямар түр хорооны гишүүн бэ.   Ерөнхий хяналтын сонсголуудын талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

- Ямар ч түр хороонд намайг оруулдаггүй.  УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж түр хороонд орох бүрэлдэхүүнийг шийддэг.  Би баталгаатай, баримттай ярьдаг, миний ярьж хэлж байгаа зүйл ард түмэнд тодорхой хэмжээнд хүрдэг учраас намайг сонгодоггүй, томилдоггүй байх л даа.  Олон олон түр хороо  байгуулагдаж байна.  Миний ажигласнаар хамгийн сайн ажилласан нь Хөгжлийн банкны түр хороо байсан.  Ковидын үеийн санхүүгийн зарцуулалтыг хэлэлцэх сонсголыг манай намын нөхдүүд зохион байгуулах байсан.  Бүлгийн даргаар ахлуулсан түр хорооны гишүүд маш хариуцлагагүй ажилласан.  Ойрын нэг жилийн хугацаанд зохион байгуулж чадахгүй, бараг замхрах тийшээгээ болчихлоо.  Саяхан парламент түр хороог ковидын сонсголыг хийсэн  гэж үзээд тогтоол баталсан байна лээ.  Өөрсдөө түр хороонд шинжээч томилж өгөөгүй атлаа сонсгол болсон гээд хүчээр тогтоол гаргаад хаачихсан гэсэн үг. Шинжээчгүй сонсгол гэж юу байхав дээ. Ирэх оны сонгуулийн үеэр АН-ынхан эрх баригчдаас  ковидын үеийн санхүүгийн зарцуулалт нэхэх эрхгүй болж байна.  Танай нам сонсгол хийсэн биз дээ гэж хэлэх байх.  Уг нь эрх баригчдаар ингэж амаа хаалгаж болохгүй л дээ.

-АН-ын бүлгээс Ногоон автобусны асуудлаар түр хороо байгуулахаар гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Та гарын үсгээ зурсан уу?

-Би гарын үсэг зураад өгчихсөн.  Гэхдээ энэ бол нийслэлд болсон хулгайн асуудал.  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэж шийдэх учиртай.  Тэр ч утгаараа тэнд байгаа манай намын нөхөд асуудалд илүү анхаарах нь зөв байх.  Ногоон автобус бол цэвэр дээрэм. Сонсгол хийгээд олон нийтэд хулгайг ил болговол сайн хэрэг.  Гэхдээ  ковидын сонсгол шиг замхарчих вий гэсэн болгоомжлол надад байна.

-Нүүрсний сонсгол удахгүй болно.   Танд ямар үр дүн харагдаж байна вэ?

-Нүүрсний сонсголоор Ардчилсан намыг аль болох муухай харагдуулах гэж үзэх байх.  Тэр нь ч ойлгомжтой болчихлоо.  Сонсголын дараа дүгнэлт нь УИХ дээр орж ирнэ.  Надад таван минут байр сууриа илэрхийлэх, таван минут асуулт асуух боломж гарна.   Тэр үед сонсголын дүгнэлтээс илүү үгийг ард иргэддээ хүргэчихнэ дээ.

-Парламентад хэлэлцэгдэж байгаа бас нэг чухал хуулийн төсөл бол Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл.  Та хуулийн төслийн зарим заалт дээр эсрэг байр суурь илэрхийлж байсан.  Яагаад?

-Ер нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа бүх хуулийн ажлын хэсэгт би орж ажилладаг. Тийм  байж яагаад их хурал дээр өөр байр суурь илэрхийлээд байгаа юм гэсэн асуудал ярьдаг.  Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр би хэд хэдэн асуудалд санал нийлэхгүй байна.  Согтуугаар автомашин жолоодсон бол шууд хорино гэнэ.   Энэ заалтаар Монгол Улсын хэдэн арван мянган иргэн эрүүгийн ялтай болох вэ.  Энэ бол байж болшгүй асуудал.  Тэр хүний амьдралын дараа дараагийн өөрчлөлтүүд дээр Эрүүгийн хар тамга нь дарагдах нь л дээ.  Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг нэмэгдүүлэх нь зөв.  Гэхдээ хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийсэн хүнээс чанга ялтай болно гэдэг жаахан хатуудсан заалт болчихов уу л гэсэн байр суурьтай байгаа. 

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр таныг чуулган дээр нам доторх авлигачиддаа нэлээд шахагддаг  юм билээ гэж хэлж байсан.  Энэ хэр үнэн дүгнэлт вэ?

-Би хэлсэн ш дээ. Асуудал гаргасан авлигад нэр холбогдсон хүмүүсээ авчраад шалга л даа. 2016-2020 онд асуудал гаргасан АН-ынхан өнөөдөр ямар хамгаалалтгүй гудамжинд явж байна.  Тэднийг авчираад шалга. Өнөөдөр бүх эрх мэдэл эрх баригчдад байна.  Гэтэл тэр хүмүүсийг дуудаж авчраад шалгаж чаддаггүй атлаа.  Ардчилсан намыг нийтээр нь харлуулах ажлыг  сайн хийж байна.   Ийм үйл ажиллагааг эрх баригчид явуулж байгаад харамсдаг.  Намайг АН-ын жирийн гишүүн маш сайн дэмждэг.  Би нам дотроо нэр хүндтэй.  Өнгөрсөн долоон жилийн хугацаанд эрх баригчдын өмнөөс сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байна. Тэдний болохгүй бүтэхгүйг, авлига, хулгайг  хэнээс ч санаа зовохгүй хэлж, шүүмжилж ирсэн учраас АН-ын жирийн гишүүд намайг үнэлдэг.  Харин эрх баригчидтай сүлбэлдсэн дарга нар намайг үзэн яддаг.

-Та сүүлийн хоёр парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байна.  Ер нь сөрөг хүчний үгийг хэр сонсож хүлээн авч байна?

-Сөрөг хүчний хэдхэн гишүүн парламентад үг хэлдэг.  Араас нь олон гишүүн хүч түрэн баллуурддаг.  Түүнийгээ зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж, харлуулдаг.  Гэхдээ би өөрийн онцлогтой гишүүн.  Намайг дэмждэг ард түмэн, АН-ын жирийн гишүүд олон байдаг учраас тэднийхээ дэмжлэгтэйгээр сөрөг хүчний үүргээ биелүүлсээр ирсэн.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7223)