Р.ОЮУН

Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах "Хамтдаа шалгая, хамгаалъя" арга хэмжээ өнөөдрөөс эхлэн орон даяар эхэлж байгаа талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгджээ. 2022 онд 0-17 насны 61.016 хүүхэд осол гэмтэлд өртөж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байна. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг чухал байгаа. Тиймээс "Хамтдаа шалгая, хамгаалъя" арга хэмжээг өнөөдрөөс нэг сарын хугацаанд эцэг эх, асран хамгаалагч, ААНБ-уудын оролцоотойгоор орон даяар зохион байгуулж, хүүхдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хангахыг зорьж байна. Энэ хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, байгууллага, аж ахуйн нэгжүүд хашаа, байр, гудамж, орцонд гэрэлтүүлэг байгаа эсэх, байрны шат, тагт, цонхны хаалт бүрэн эсэх, ил задгай гарсан цахилгааны утас байгаа эсэх, гэрийн тэжээвэр амьтад болох муур, нохойд хазуулах эрсдэл өндөр байгаа эсэхийг шалгана. 

Мөн хүүхдийг гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орчны аюулгүй байдалд анхаарах. Үүнд явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэгээтэй эсэх, траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх, сургуулийн орчны талбай, хайс, хашлага бүрэн бүтэн эсэх, явган хүний зам дээр автомашин байрлуулсан эсэх. Тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүд өөрт хамаарах гадаад, дотоод орчин гэрэлтүүлэгтэй эсэх, байгууллагын гаднах орчинд эвдэрсэн унаж болзошгүй хайс, хашлага, хана байгаа эсэх, өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана. Эцэг эх, асран хамгаалагч, иргэд хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлд дээрх зөрчил илэрвэл зураг болон бичлэгээр баримтжуулж орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт мэдээлэхээс гадна хүүхдийн аюулгүй орчинд үнэлгээ хийхдээ илэрсэн зөрчлийг засаж сайжруулсан мэдээллийг байгууллагын цахим хуудастаа нийтэлж, бусад эцэг эх, олон нийтийг уриалаарай гэв.    

Эх сурвалж www.polit.mn