П.АМГАЛАН

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгаж буй. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд Дунд гол дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг буулгаж, газар чөлөөлөх ажил эхэллээ. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах Нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 31-нд гарсан бөгөөд “Шунхлай” шатахуун түгээх станцынхан дээрх хугацаанд шатахуунаа зөөж тээвэрлэн, аюулгүй байдлыг хангажээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шунхлай трейдинг” ХХК-ийн эзэмшлийн шатахуун түгээх станцыг голын ай савд барьсан тул газар чөлөөлөлтийг хийж байна. Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд, мөн харилцан тохиролцож газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Газрыг чөлөөлсний дараа үерийн болон голын ай савыг хамгаалах барилга байгууламж барина. Шатахуун түгээх станцыг буулгах, газар чөлөөлөх ажлыг арваннэгдүгээр сарын 5-нд дуусгахаар тохирсон” гэв.

“Шунхлай трейдинг” ХХК-ийн Техник хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од “Компанийн удирдлагууд нийслэлийн удирдлагуудтай харилцан тохиролцож, шатахуун түгээх станцыг буулгах ажил эхэлж байна. Нүүлгэн шилжүүлэх болон буулгалтын зардлыг олгож байгаа. Объектыг барьж байгуулсан зардлыг одоогийн үнээр тооцвол өндөр дүн гарна. Гэхдээ үер усны бодит эрсдэл байгаа учраас бид хүлээн зөвшөөрч буулгаж байна” гэлээ.  

Эх сурвалж:www.polit.mn