Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Намар өөрөө найраг болохоор дэндүү дулаахан, дэндүү яруухан байдаг гэж нэгэн найрагч шүлэглэсэн байдаг билээ. Хөлний минь урд навчис унах бүрт гунигтай юм шиг мөртлөө ирэх хавар эргээд улам үзэсгэлэнтэй болж ургана гэж бодохоор хөөрөн догдолмоор. Зөвхөн намарт л жилийн дөрвөн улирлын өнгө бий. Нэг өглөө алтан наран тэнгэрээс ээж, дулаахан байсан бол маргааш нь цас орчихсон байхыг хэн ч үгүйсгэхгүй. Намар тийм л дураараа учир найрагчдын онгодыг хөглөдөг байж мэдэх. Тэнгэрт дугараг саран мэлтийж, дулаахан намрын намуухан орой ноёлоход хотын төвийн нэгэн тохилог газар яруу найргийн нандин мөртүүд хөвөрч эхэлсэн билээ. Энэ бол “Улаанбаатарын үдэш” Олон улсын яруу найрагчдын чөлөөт уншлага, уулзалт байв.

 

“...Жирийн л өдрүүдийн тоосондоо хүний явдал бодогдоно....”

 

Константин Барбу

Танхимд эгшиглэх намуухан жааз хөгжим. Аажим, аажмаар танхим дүүрч, ирсэн зочид суудалдаа тухлав. Яруу найраг хүн бүхний зүрх сэтгэлд байдаг ч тэр бүхнийг ил гаргаж, уншиж, найргийн хэлээр ойлголцоно гэдэг сонин тохиол, хувь тавилан гагцхүү яруу найрагчдад л заяасан байдаг ажээ. Энэхүү Олон улсын яруу найрагчдын чөлөөт уншлагыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон, монгол төрийн дээд Чингис хаан одонт,сод яруу найрагч Г.Мэнд-Ооёо нар санаачлан зохион байгуулсан юм. Г.Мэнд-Ооёо “Та бүхний энэ оройн амар амгаланг айлтгая. Бидний энэхүү яруу найргийн үдэшт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та бүхэн минь энэ үдэш тунгалаг, хөгжимлөг, яруухан үдшийг бие биедээ бэлэглээрэй. Энэ удаагийн яруу найргийн онцлох зочид нь гадны хоёр найрагч байгаа юм. Танилцуулбал, Дэлхийн яруу найрагчдын академийн ерөнхийлөгч, Румыны академич, түүхч, философич, яруу найрагч Константин Барбу. Мөн 2017 онд Монголд болсон Олон улсын яруу найргийн наадамд оролцож байсан Израйлын яруу найрагч, дэлхийн алдартай архитекторч Хайм Дотан юм гээд

Үүрийн бялзуухайтай цуг морь мориндоо мордоцгооно

Үдшийн шаазгайтай цуг уяа уяандаа бууцгаана

Зуун зуун жил арьс элдэж, мод огтолж, сэлэм давтана

Хайм Дотан

Зул бөхөж бас мандаж, дараачийн хүмүүс түүхийг давтана

Голын ус булингартаж нэг урсана, тунгалагшиж нэг урсана

Галын зочид мөрний хөвөөнд нэг унтарч нэг асна

Жил жилийн явдал суудалдаа дэлхийн чулуу элэгдэнэ

Жирийн л өдрүүдийн тоосондоо хүний явдал бодогдоно....”

хэмээн яруу найргийн үдшийн салхийг хагалж, галыг өрдсөн юм.  Энэ өдрийн яруу найргийн үдэшт салбар салбарын утга зохиолд шимтэн дурласан, гэгээн мөртүүдээр сэтгэлээ хөглөж, тархины амар амгаланг мэдрэхийг хүссэн олон хүн цугласан байв. Тэднээс онцолбол, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, гэргий Ш.Цэвэлмаагийнхаа хамт хойморт залран яруу тансаг үгсийн чуулбараар аялж байсан бол “Норовбанзад” сангийн тэргүүн, нэгэн цаг үеийн улс төрийн лидер эмэгтэйчүүдийн нэг Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Боомтын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Э.Батшугар гээд олон эрхэм иржээ.

Яруу найрагч П.Нямлхагва.

Харин танхимд цугласан хүмүүсийн сонор мэлмийг уярааж, шүлэг найргаа уншихаар Төрийн шагналт, зохиоч Х.Чилаажав, яруу найрагч Н.Минжинсайхан, П.Нямлхагва гээд энэ цагийн шилдэг найрагчид цугласан байв. Харин энэ удаагийн “Улаанбаатарын үдэш” Олон улсын яруу найргийн чөлөөт уншлагын хөтлөгч нь Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо  байсан юм. Монголын утга зохиол тэр дундаа яруу найргийн салбарын тод шигтгээ болсон тэрбээр энэ үдшийн арга хэмжээг уран яруу үгээрээ хөглөж, хөөргөж, хааяа хошигнож байсан нь хурсан олныг баясгаж, шүлэг найргаа уншихад нь урлагийн бурхан Янжинлхам мишээж байсан бизээ.

Ийнхүү яруу найргийн үдэш хурсан олны сонорыг мялаахаар ээлжит найрагч тайзнаа гарсан нь Төрийн шагналт, зохиолч Х.Чилаажав байсан юм. Яруу найрагч Б.Ичинхорлоо түүнийг зарлахдаа “Дэлгэрийн талын дэлгэж тавьсан дээл шиг энэ талаас яг л үгийн сувдыг аргал түүх шиг цуглуулаад, монгол найргийн тулгын галыг өрдөж яваа гайхалтай яруу найрагч” хэмээн онцолсон билээ. Тэрбээр “Хурд” хамтлагийг Төрийн соёрхолт болгосон “Эх орон” дууны шүлгийг тэрлэсэн байдаг. Х.Чилаажав “Өнөөдөр их сайхан үдэш байна. Гаднаас яруу найрагчид ирж, шүлэг найргаа хүргэж байна. Уг нь Ганга нуурынхаа хөвөөнд, онгон тансаг байгальдаа энэ арга хэмжээг зохион байгуулсан бол илүү төгс сайхан болох байлаа. Гэхдээ тэр өдөр удахгүй ирэх байх. Тэр үед эрхэм зохиолчид минь дахин хүрэлцэн ирж, Монголын тал нутагт морин хуурын татлага дор монгол яруу найргийг сонсоорой” гээд “Ижий аавын нутаг” шүлгээ уншсан юм.

Ингэн тэмээ буйлаад л байдаг нутаг даа

Ээж минь хүүдээ бүүвэй аялж суусан даа

Тэнгэр ч гэж тэнгэр, Алтайн минь хөх тэнгэр

Тэнд л намайг төрүүлсэн ижий аав хоёр минь ээ

Агт морь нь үүрсээд байдаг нутаг даа

Аав минь хүүдээ үнэг хайчилж суусан даа

Тэнгэр ч гэж тэнгэр Алтайн хөх тэнгэр

Тэнд л намайг төрүүлсэн ижий аав хоёр минь ..... гэж уншихад танхим нам гүм болж, яг л Алтайн хөх хязгаар, дүнхийж харагдах уулс, тэнд аав минь тэмээгээ туугаад явж буй мэт сэтгэлд нэг л ойрхон, дотно мэдрэмж төрж байсан юм. Хөтлөгч Б.Ичинхорлоо “Олдохын талаас олдсон цул мөнгөн хувь тавилан. Орчлонгийн дайдаас гарч ирсэн П.Нямлхагва” хэмээн ээлжит найрагчийг тайзнаа урив. Яруу найрагч П.Нямлхагва “Сэрүүн намар” шүлгээ уншихад яг л тагнайд таанын амт амтагдаж, тэнд монгол ээж сүүгээ самраад зогсох нь их Монголын амар амгалан юм даа гэсэн бодлыг төрүүлж, нутгийнхаа зүг гараад гүймээр. Морьд янцгаах тал нутагтаа очиж, хүйтэн айраг залгилчихаад, шалавхан хониныхоо араас гармаар тийм гэгээн хүслийг танхимд цугласан зочдод төрүүлсэн нь лавтай

 

Дараагийн яруу найргийн үдэш Ганга нууранд 

Жил бүрийн яруу найргийн үдэш уг нь Ганга нуурын хөвөөнд  болдог уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд Ганга нуур ширгэж, мэлмэрэн харагдах долгио нь багассан билээ. Тиймээс тус нуурыг сэргээх, хайрлан хамгаалах ажлыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон яруу найрагч Г.Мэнд-Ооёо нар санаачлан хэрэгжүүлснээр  энэ жилээс ус нь нэмэгдэж, хун шувууд нь чуулж, бүтэн ай саваараа үзэгдэх болсныг энэ үдэш онцолж байсан юм. Үнэхээр байгалийн сайханд хунгийн ганганаа, уран үгс хоёр төгс зохицол болох бизээ. Ийнхүү монгол найрагчид дурсамж дэлгэж, шүлгээ уншсаны дараа зочин зохиолч боолох Румыны эрдэмтэн, түүхч, философич Константин Барбу шүлгээ уншихаар гарч ирсэн юм. Түүний хувьд Румыны нэвтэрхий толь хэмээн алдаршсанаас гадна Монголын түүхийн тухай дэлхийн 70 гаруй архивуудаар тарсан, нууцын зэрэглэлтэй байдаг түүхийн эх сурвалжуудыг судалсан ажээ. Түүний сан хөмрөгт хадгалагдаж буй өвийг ботиор хэмжвэл  1000-аас илүү болно гэж яруу найрагч Г.Мэнд-Ооёо ярьж байв.  Румын яруу найрагч “Би Г.Мэнд-Ооёотой анх яруу найргаар дамжуулан танилцсан түүхтэй. Надад Монголын түүх их сонирхолтой санагддаг. Ялангуяа Их эзэн Чингис хаантай холбоотой асар их мэдээлэл, эх сурвалжууд дэлхий дахинаа тархсан байна. Тэдгээр эх сурвалжууд заавал Монголд ирэх ёстой. Учир нь Чингис хаан бүх цаг үеийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан түүхэн хүн” гэсэн юм.

Хоосон дунд ганц туг

Элсэн цөлд салхи ч үл хийснэ

Элс л байна ....

Гэрлийн төлөө одод руу хашгирах тэр л дуун

Юу ч үлдээгүй

Харин билд энэ дэлхийн хаана нэгтээ ном бичнэ

Цөл дэх тэр туг шиг би цаасан дээр

Тэр нь ямар ч хавчуурга байхгүй

Хоосон орон зайд хүндэтгэлийн шүлэг бичнэ  .... хэмээн шүлгээ уншсан юм.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Би 1980 онд сургууль төгсөж ирснээсээ хойш утга зохиолын ертөнцтэй холбогдсон хүн. Өнөөдөр найрагчдынхаа дунд орсон чинь сэтгэл их хөдөлж байна. Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ганга нуурыг сэргээх ажлын тухай ярихад их сайхан хүлээж авсан. Бид уг нь энэхүү яруу найргийн үдэшт Ерөнхийлөгчийг урьж, Ганга нуурын хөвөөнд хийх төлөвлөгөөтэй байсан ч төрийн тэргүүний айлчлал давхацсан. Ингээд бид хотод хийхээр болсон нь энэ. Миний хувьд Израйлын яруу найрагч, архитекторч Хайм Дотан найзыгаа онцолмоор байна. Тэр бол Хятадын алдарт хоёр уулыг холбосон шилэн гүүрийг барьсан хүн. 1220 онд Эзэн Чингис хаан Хархорум хотыг цогцлоосон билээ. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан таван Ерөнхийлөгч уулзахдаа одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Хархорум хотыг сэргээх зарлиг гаргаач гэж хүсэлт тавьсан юм. Ерөнхийлөгч ч хүлээж авсан. Энэхүү Хархорум хотыг сэргээхэд хамгийн хэрэгтэй, чухал хүн нь  Хайм Дотан юм” гэв. Энэхүү яруу найргийн үдэш Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын охин Э.Бямбадуламын төрсөн өдөр тохиосон юм. Аав нь индэр дээрээс охиндоо сэтгэлийн үгээ хэлж, төрсөн өдрийн бэлэг гардуулсан бол танхимд хуран цугласан яруу найрагчид түүнд зориулан шүлэг уншиж, энэ үдшийг улам хөгжөөнтэй болгож байв. Израйлын яруу найрагч Хайм Дотан “Манай Израйлд дайн болж, нөхцөл байдал хэцүүхэн байна. Өдөр бүр хүүхдүүд үхэж байгааг харах сэтгэл өвтгөм байлаа. Би Монгол дахь гэр бүлдээ ирэхийн тулд тэнд байгаа гэр бүлээ орхисон. Эх орныхоо уй гашууг бодож хар цамцтай ирсэн юм. Одоо үүнийгээ тайлъя. Дотуураа яг Монголын тэнгэр шиг цэнхэр цамц өмссөн байгаа биз” гээд хар хувцсаа тайлж, эх дэлхий амар амгалан байх болтугай гэж онцолж байсан юм.  Тэрбээр

... Гүн харанхуй тэнгэрийн дор

Эцэс төгсгөлгүй цагаан цэцэгсийн талд

Энэ захгүй огторгуйн зүгт гар сунгаад

Эргэлдэн, эргэлдэн тойрон эргэлдэн бүжлээ ...

хэмээн шүлгээ уншсан юм. Хайм Дотан 2017 онд Монгол Улсад болсон Олон улсын яруу найрагчдын наадамд оролцсон бөгөөд тэр үед онгон тансаг байгальд шүлгээ уншаад буцахдаа эдгээр мөртүүд нь сэтгэлд нь бууж байсан гэнэ.

Яруу найрагч Х.Чилаажав.
Яруу найрагч Н.Минжинсайхан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 214 (7199)