Насантуяагийн Жаргалмаа

 

ХБНГУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд БОАЖЯ-тай хамтран Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийг хэрэгжүүлж  байна. Төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн ЕБС-уудад “Эко кабинет”-ыг тохижуулах хөтөлбөрт оролцогчдод чиглүүлэг өгөх сургалтыг зохион байгууллаа. Энэхүү төсөлт хөтөлбөр нь 2020-2027 он хүртэл нийт долоон жилийн хугацаанд Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг болон экологийн тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой юм.

“Эко кабинет”-ыг тохижуулах хөтөлбөрийн нэгдүгээр шатанд Тусгай хамгаалалттай газар нутгийн  48 сургууль хамрагдсан бол хоёрдугаар шатанд 75 сургуулийг тохижуулахаар болжээ. Энэхүү хөтөлбөр нь сурагчдад хичээлийн хөтөлбөрөөр нь дамжуулан байгаль, экологийн мэдлэг боловсрол олгох, Байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлүүдийг сонгох нөлөөллийг бий болгохыг зорилготой юм.  Энэ талаар төслийн зохицуулагч М.Болдбаяр “Эко кабинет” тохижуулах ажлын хүрээнд нийт 750 гаруй багш нарыг чиглүүлэг сургалтад хамруулаад байна. БОАЖЯ-ны сайд болон БШУЯ-ны сайд нарын хооронд байгуулсан санамж бичгээр байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллаж байна. Тухайн Тусгай хамгаалалттай газар нутгийн  ЕБС-ийг яагаад онцолж байна вэ гэвэл орон нутгийн хүүхдүүд энэ салбарын мэргэжилийг сонгох, нутаг орондоо ажиллах боломжийг л бүрдүүлэх зорилготой. Үүнд дэмжлэг үзүүлэхээр салбарын багш нарыг чиглүүлж шаардлагатай анги танхимын хэрэгцээг хангахаар ажиллаж байна” гэв.

Булган аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Б.Сэрчмаа “Төслийн нэгдүгээр шатанд манай аймгийн гурван сургууль хамрагдсан. Харин энэ удаа хоёр сургуульд “Эко кабинет”-ыг тохижуулахаар болсон. Бидний зорилго бол хүүхдүүддээ Тусгай хамгаалалттай газар нутаг  буюу өөрийн төрөлх нутаг орноо хэрхэн хамгаалж авч үлдэх үү, ирээдүй хойч үедээ унаган төрхөөр нь өвлүүлэн үлдээх вэ гэдгийг л ойлгуулж мэдүүлэх юм. Ерөнхий боловсролын бүх шатанд нь экологийн боловсролыг олгох сургалтын хөтөлбөрийг шингээж  өгсөн. ЕБС-ийн хичээл бүрт интеграцилсан байдлаар судлагдахуун болгоноор хүргэж ажиллаж байна. Үүнд шаардагдах гарын авлагууд байдаг. Багшид ямар нэг ачаалал үүсгэхгүйгээр хичээлийн хөтөлбөрт шингээж өгсөн нь маш давуу талтай. Түүнчлэн бүх хэрэглэгдэхүүн анги танхимыг хангасан учраас багшаас ганцхан ур чадварыг л шаардаж байгаа. Манай аймаг ЭЕШ-ын  байгалийн ухааны хичээлээр улсад хими хоёрдугаар, биологи гуравдугаар байранд орсон амжилттай. Байгалийн ухааны багш нар үнэхээр чадвартай мундаг багш нар ажилладаг” гэж байлаа.

Сэлэнгийн шаамар сумын ЕБС-ийн захирал Б.Өсөхжаргал “Бид төслийн хоёрдугаар шатанд хамрагдах болсон. Үүнд маш баяртай байна. Төслийн хүрээнд бидэнд ямар нэг шаардлага тавиагүй. Шаамар сум маань сангийн аж ахуй ихээр хөгжсөн газар. Олон цэцэгт ногоон ургамалуудтай. Манай хүүхдүүд багаасаа л газар нутагтайгаа танилцаж өсөж байгаа. Сэргээн босголтын банкны санхүүжилттэй буцалтгүй тусламжаар хийгдэж байна. Сурталтаар олж авсан мэдлэг ур чадвараараа сурагчидаа чиглүүлэн ажиллана” гэлээ.

Булган аймгийн Гурванбулаг сумын ЕБС-ийн биологийн багш М.Болормаа “Байгалийн шинжлэх ухааныг хүүхдүүдэд ойлгомжтой байлгахад үзүүлэн, макетууд хэрэгтэй байдаг. Байгаль орчноо хайрлах, хамгаалах хэрэгтэй гэдгийг үгээр хэлээд байх биш сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулан мэдлэг олгох замаар хүргэх болсонд хөтөлбөрийн том давуу тал юм. Энэ хөтөлбөр маань нэг талдаа нөлөөллийг бий болгох шүү дээ. Хүүхэд болгон байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарыг сонгон суралцаж мэргэжилтэн болдоггүй юмаа гэхэд байгаль орчноо хайрладаг сэтгэлтэй экологийн асуудлуудад шаардлагатай гарц гаргалгаа хайж чаддаг иргэн болоосой хэмээн хүсэж байна” гэдгийг онцолж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 214 (7199)