Б.АЛТАНГЭРЭЛ
Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед тус холбооны санхүүжилт, төсөв, бодлоготой холбоотой хэрүүл маргаан олон нийтийн сүлжээнд дэгдсэн юм.
Монголын хөлбөмбөгийн холбооны төлөөллүүд: “Олон улсын болон Азийн хөлбөмбөгийн дүрэм түүнтэй уялдсан Монголын хөл бөмбөгийн холбооны дүрэм баримталдаг. Санхүүгийн эх үүсвэрийг жил бүр их хурлаар төсвөө баталдаг. Энэ жил бид төсөөллөөрөө 10.8 тэрбум төгрөгийг баталсан. Орлогын эх үүсвэрийг олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбоо бүрдүүлдэг. Энэ жил бид олон улсын хөлбөмбөгийн холбооноос 1.25 сая ам.доллар, Азийн хөлбөмбөгийн холбооноос 500 мянган ам.долларын санхүүжилтийг өнөөдрийн байдлаар зургаан тэрбум 57 сая 909 мянган төгрөгийн орлого татан төвлөрүүлсэн байна.
Зарцуулалтын тухайд нийтдээ 8 тэрбум 620 сая төгрөгийн зардал гаргасан. Үүнд, нас насны шигшээ багуудад 27 хувь буюу хоёр тэрбум 324 сая 100 мянган төгрөг, үйл ажиллагааны зардал 29 хувь буюу хоёр тэрбум 472 сая төгрөг, тэмцээн зохион байгуулалт 26 хувь буюу 530 сая төгрөг, гишүүн байгууллагуудын дэмжлэгт 18 хувь буюу 1.5 тэрбум төгрөг тус тус зарцуулагджээ. Шагналын санд нэг тэрбум 749 сая 300 мянган төгрөг зарцуулна. Энэ зарцуулалт нь орлогын 71 хувь.
Гадаадаас орж ирсэн мөнгийг хамаагүй тараадаг юм шиг буруугаар ярьж байна. Мөн мөнгөө өгөөд аудит оруулдаггүй, дэлхийн аваргын дараа бонус мөнгө өгдөг гэсэн ойлголт байна. Манайх жилдээ олон улсын хөлбөмбөгийн холбооны нэг, Азийн хөлбөмбөгийн холбооны нэг, дотоодын аудит гээд гурван аудит оруулдаг. Сүүлийн хоёр жилийг харьцуулахад олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн Лондонд төвтэй байгууллагаар аудит хийлгэсэн. Аудитын материал нууц учир бид их хурал дээрээ л танилцуулдаг” гэлээ.
Эх сурвалж: www.zms.mn