С.САРУУЛ

Улсын хэмжээнд гаалийн бүх газар, хилийн боомтуудад ачааны эргэлт хэвийн байгааг Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас өнөөдөр мэдэгдэв. ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд "Тухайн хүн ачаа тээврийн хэрэгсэл, бараагаа мэдүүлснээр гаалийн байгууллага зохих хяналт шалгалтаа хийсэн. Энэ явцад гаальд мэдүүлээгүй 200 литрийн багтаамжтай 21 торх нэр ус, гарал үүсэл нь тодорхойгүй зүйл илэрсэн. Үүнийг цагдаагийн байгууллагатай хамтран шалгахад тухайн хүн миний ачааг онилж шалгалаа, татвар нэмж тавьж байна гээд яриад эхэлсэн юм.  21 торх бодисыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шинжилгээнд явуулахад тос, тосолгооны материал байна гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Нэгдүгээрт энэ хүн гаальд мэдүүлээгүй, хоёрдугаарт нуун далдалсан. Гаалийн байгууллага ийм эд зүйлийг нэвтрүүлэхгүйн тулд л хяналтаа тавьж ажилладаг. Цаашид ч өдөр тутамдаа ингэж ажиллана. Хэн нэгэнд давуу байдал олгохгүйг хатуу хэлье.

Тухайн иргэн 21 торхтой зүйлээ мэдүүлээгүй байсан учраас 3,500 орчим кг тос, тосолгооны материалд нь зохих татварыг нь ногдуулсан. Татвар төлүүлсэн гээд байгаа нь нуун далдалсан бүтээгдэхүүнийх нь татвар бөгөөд надад ирсэн мэдээллээр 10 сая орчим төгрөгийн татвар ногдох бараа байсан. Үүнийгээ тэр хүн хүлээн зөвшөөрч татвараа төлөөд, холбогдох хууль тогтоомжид заасан торгууль, худал мэдүүлсэн, нуун дарагдуулсан зөрчилд ногдох торгуулиа төлөөд 21-нд ачаа бараагаа аваад явсан" хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn