С.САРУУЛ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нийтийн тээврийн автобус худалдан авах тендерийг зарласан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Автобус худалдан авах нэгдүгээр багцыг цуцалсан тул олон улсын нээлттэй тендерийг энэ сарын 24-нөөс зарлаад байна. Тендерийн материалыг авах хуулийн хугацаа нэг сар буюу арваннэгдүгээр сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Тендер сонгон шалгаруулалт маргаангүй байвал арванхоёрдугаар сарын эхээр гэрээг хийж, автобуснуудыг нийлүүлэх компаниас хуваарийн дагуу авна. Энэ нь том оврын 600 автобус авах тендер юм. Шинээр авах автобуснууд нийслэлийн гол чиглэлүүдэд явна.  Бид одоо байгаа санхүүгийн эх үүсвэртээ тааруулаад 600 автобус авах тендерийг зарласан. Энэ ондоо багтаан автобуснуудыг авч, үйлчилгээнд гаргах чин эрмэлзэлтэй байна. 55 цахилгаан автобус, дизель 20 автобусыг өмнөх тендерээр авсан нь үйлчилгээнд гарсан. Дунд оврын 50 автобусыг хүлээж авсан, гэр хорооллын холбоос замуудаар удахгүй үйлчилгээнд гаргахаар ярьж байна. Өмнөх тендерийн хувьд урьдчилгаа мөнгөнүүд шилжүүлсэн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шалгалт дууссаны дараа тооцоо нийлэх асуудал яригдана. Улаанбаатарын түгжрэлийг нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж байж багасгах болохоор энэ асуудалд илүү анхаарч байгаа юм" хэмээн ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn