Рагчаагийн ОЮУН

 

М.Горькийн нэрэмжит утга зохиолын шагналт, Монголын орчин цагийн орчуулагч, зохиолч Самбуугийн Бадраагийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэл, Самбуугийн Бадраа сан хамтран “Орчуулагч, зохиолч Самбуугийн Бадраа-100 жил” эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлыг Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулав. С.Бадраа агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд, зохиолчид болон хамт ажиллаж байсан найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байв.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: С.Бадраа гуайн бүтээлүүд нийгэмд их нөлөөлсөн

 

-Монголын утга зохиолыг гадаад хэлнээ орчуулах бодлогыг төрөөс дэвшүүлж, дөрвөн хүүхдийг шилж сонгон М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд илгээсэн тэр цагаас л С.Бадраа гуайг мэдэх болсон. С.Бадраа гуай дэлхийн утга зохиолыг монгол хэлнээ орчуулж буй Монголын урдаа барих орчуулагч гэсэн ойлголт тэр үед тогтсон байсан. Түүний ид орчуулгаа туурвиж байсан 1960-1980-аад оны үед нийгэм өөр байсан. Нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөөлж болох зохиол бүтээл хэвлэгдэх боломжгүй. Өөр үзэл санааг дэвшүүлсэн зохиол бүтээл туурвисан зохиолчийг хориход бэлэн цаг үе байсан. Ийм цаг үед С.Бадраа, Г.Амар, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин гэсэн орчуулагчдын орчуулгын бүтээлүүд хэвлэгдэж, нийгмийн оюун санааны хөгжилд түлхэц үзүүлж байсан. Энэ утгаараа С.Бадраа гуайн орчуулгын бүтээлүүд нь зөвхөн Монголын утга зохиолын хөгжилд төдийгүй нийгмийн оюун санааны амьдралд дэвшил гарахад их нөлөөлсөн гэж үзнэ.     

 

Том охин Б.Оюунцэцэг: Миний аав хөдөлмөрч, шаргуу хүн байсан

 

-Миний аавын 100 жилийн ойг тэмдэглэж байна. Би аавынхаа 30, ээжийнхээ 28 насан дээр гарсан, таван хүүхдийн том нь. Одоо 70 настай. Аав минь хөдөлмөрч, шаргуу хүн байсан. Энэ олон жилийн дараа бичсэн зүйлийг нь сөхөж харахад өдөр нь ажлаа хийгээд, шөнө нь юм бичнэ. Хэвлэх үйлдвэрт сонин уншина. Тэр үед нэг үсгийн алдаатай байхад л асуудал хүнд тусдаг. Тиймээс тэр үеийн хүмүүс их хариуцлагатай байсан. Сая аавынхаа 10 номыг гаргалаа. Цаана нь “Клим Самгины амьдрал” гэсэн ном таван боть болох юм байна. Мөн “Домогт баатар Чапаев”, Шолховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” гэсэн хоёр дэвтэр болон Толстойн номыг хэвлэлд өгөхөөр бэлтгэж байсан аавын минь дотны найз, дүү, бидний ах Х.Зандраабайды гуай өнгөрсөнд бид их харамсаж байна. Бусад эрдэмтэн, зохиолч, орчуулагч, сэтгүүлч нөхдүүд энэ ажлыг зохион байгуулахад их тусалж, дэмжсэнд талархаж байна. Аавын минь дотны найз Д.Цэнд гуайн хүү сэтгүүлч, утга зохиол судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат бидэнд мэргэжлийн зүгээс их тусалсан.  

 

Хэл бичгийн ухааны доктор Т.Мөнхнаран: баримтыг голчилж бичдэг байсан

 

-С.Бадраа гуайн зохиол бүтээлийг товчхон ерөнхийлөөд авч үзвэл 1960, 1970-аад оны үед бүтээн туурвиж байсан. Уран зохиол гэдэг нийгмийн хараат шинжтэй, нийгэмтэйгээ салшгүй холбоотой учраас сэдвийн хувьд тухайн үеийнхээ социалист бүтээн байгуулалт, Монгол-Зөвлөлтийн найрамдал, нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших гэсэн сэдвээр бичиж байсан хэдий ч бусад зохиолчоос ялгарах гол нэг зүйл нь хүн чанар байсан. Хэн нэгнийг заавал сайн, муу болгох биш байгаагаар нь гаргадаг өвөрмөц онцлогтой.

Мөн өөрийнх нь орчуулгын, сэтгүүлчийнх нь чадвар байна уу. Өгүүллэгүүдийг нь харахад энгийн мөртлөө богино хэл, найруулга, илүү дутуу үг байхгүй. Баримтат уран зохиол гэж хэлж болохоор. Ер нь баримтыг голчилж бичдэг. С.Бадраа гуай Орост нисгэгчийн ангид суралцаж ирсэн тухайгаа “Нисгэгч” тууждаа өгүүлсэн байдаг. Зохиол бүтээлийнх нь үндсэн сэдэв нь өөрийнхөө амьдралаас мэддэг, баримттай зүйлийг бичсэн нь хүмүүс уншихад илүү сонирхолтой, цаг үеийн үзэл суртлаас зайлсхийж чадсан авьяаслаг зохиолч.

 

Сэтгүүлч, утга зохиол судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат: ”1001 шөнийн үлгэр”-ийг уншаагүй хүн байхгүй

 

-С.Бадраа гуай Монголын орчин цагийн утга зохиолын орчуулагчдын том төлөөлөгчийн нэг. Түүний орчуулсан олон бүтээл нь Монголын бүх уншигчдад хүрсэн. “1001 шөнийн үлгэр”-ийг уншаагүй уншигч байхгүй байх гэж бодож байна. “1001 шөнийн үлгэр”-ийг орчуулсан хоёр зохиолч нь Бямбын Ринчен, Самбуугийн Бадраа гуай хоёр юм. С.Бадраа гуай их бяртай. Бөхөөр бол ам авахдаа их бяртай, хүчтэй бөхчүүдийг амладагтай адилхан. Сайн зохиолчдын сайн зохиолыг өөрөө сонгож орчуулдаг байсан. Оросын өнөөдөр домог болсон, тухайн үеийн үзэгдэл болж байсан Чингиз Айтматов, Шукшин, Распутины туужийг орчуулж Монголын уншигчдад хүргэж байсан. Зохиолын хэл гайхалтай. Эх хэлээр нь туурвисан юм шиг орчуулж чаддаг орчуулагч байсан. С.Бадраа гуайн орчуулгын бүтээлүүд нь Монголын туужуудад их нөлөөлсөн.

 

Ардын уран зохиолч Д.Цоодол: их соён гэгээрүүлэгч хүн

 

-С.Бадраа  гуай бол Орос-Зөвлөлтийн утга зохиолын оргил сарьдаг болсон Айтматов, Распутин, Шолоховын домог болсон зохиолчдын бүтээлийг орчуулж монгол түмэндээ хүргэсэн их соён гэгээрүүлэгч. Түүний хэл гайхалтай. С.Бадраа гуай дээрх бүтээлүүдийн орчуулгаараа Монголын орчин цагийн орчуулгын хэлний дэг жаяг, хэм хэмжээг тогтоосон гэж би үздэг.

 

Ардын уран зохиолч Б.Догмид: Түүний орчуулга миний нүдийг нээсэн

 

-Тэрбээр зөвхөн нисгэгч, багш, орчуулагч, сэтгүүлч биш, авьяастай зохиолч байсан. Түүний зохиол, орчуулга нь миний нүдийг нээсэн. Муухан зохиолч, сэтгүүлч байснаас сайн орчуулагч болсон нь дээр гэж би боддог. Орчуулгыг дан ганц хэлний мэдлэгээр давахгүй. Үг бүрийн цаана зузаан түүх, зан заншил, өв уламжлал оршдог. С.Бадраа гуайн орчуулга үүгээрээ гайхалтай.

 

Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Дашням: Бид 20 насны зөрүүтэй ч 50 жил дотно үерхсэн

 

-С.Бадраа гуай их энгийн хүн байв. Дайнд оролцсон хүн хамтач, нийтэч, элгэмсэг, тусархаг бас нөхөрсөг болдог гэж хэлж байсан. Тэр өөрөө яг тийм хүн байсан. Бид 20 насны зөрүүтэй ч 50 жил дотно үерхсэн. Манай Хэвлэлийн нэгдсэн редакцаар өдөр бүр орж ирнэ. Яагаад орчуулагч болсноо надад  ингэж хуучилсан. Нэг зохиол унштал сэтгэл нь их сайхан болсон гэдэг. Тэгээд түүнийгээ орчуулмаар санагдаад нухаж нухаж Б.Ринчен гуайд аваачиж шүүлгэжээ. Хэд хоногийн дараа улаан эрээн болтол нь редакторлан засварласан орчуулгыг нь буцааж өгөхдөө “Орос хэл чинь тун маруухан юм. Харин яасан сайн хэлтэй юм бэ” хэмээж. Би чинь Орос хэлэнд сайндаа биш, монгол хэлэнд сайндаа л орчуулагч болсон гэж хэлсэн.

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсан: Орчуулга бол бие даасан бүтээл юм

 

-Түүний орчуулсан "Далайн хөвөөний алаг хав толгод" туужийг туурвисан Ч.Айтматовтой би олонтаа уулзсан. Анхны уулзалтаар “Би таны энэ туужийг унших бүртээ уйлдаг” гэхэд “Орчуулга нь сайн болжээ. Сайн орчуулга муу зохиолыг  амьдруулж, сайн зохиолыг үхүүлдэг” гэж хэлж байж билээ. Орчуулга бол амаргүй. Би 27 насандаа "Аянгат цагийн тууж"- аа хоёрхон хоногт бичиж, хоёр долоо хоног орчуулж байсан. Түүнээс хойш би орчуулагчдын өмнө мэхийн ёсолдог болсон. Орчуулга бол бие даасан бүтээл юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 200 (7185)