Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочноор хүүхдийн эрүүл мэндийн төлөө амьдралаа зориулсан Ж.Ганхавхыг урьж, ярилцлаа.

Байрны гадаах саравчинд үеийн хөгшчүүл хуучилж суухдаа түүнийг “Ганаа эмч” хэмээн хүндэтгэн дуудах нь анхаарал татаж байв. Дорноговь аймагт насаараа хүүхдийн эмчээр ажилласан тэрбээр хотод ирээд 20 гаруй жилийг үдэж буй.

Эмчээр ажиллахын зэрэгцээ хааяадаа залуу насны мөрөөдлөө орхилгүй үзэг цаас холбож шүлэг бичиж, гурван ч ном гаргаснаа “Миний ном ч гэж юу байхав. Хоёр гурван муухан юм бий” хэмээн даруухан өгүүлэх. Шаггүй наргианч, яриа хөөрөөтэй түүнтэй ярьж суухад ч бичиг номын хүн гэдэг нь илт.

“Хотын хөгшчүүд хямсгар” хэмээн шүлэг хэлж инээлгэх түүнийг 80 нас давсан гэж хэлэхээргүй ануухан бөгөөд долоон давхарт байх гэр рүүгээ цахилгаан шатгүйгээр өдөртөө хэд гарахдаа ч төвөгшөөдөггүй юм билээ.

 

Хүүхдийн эмчийн анхны төгсөгчдийн нэг

Уугуул нутаг Төв аймгаасаа хотод оюутан болж ирээд хожим суугуул нутаг Дорноговьдоо насаараа хүүхдийн эмчээр ажилласан тул “Хүүхдийн Ганаа” эмч нэртэй болжээ.

Тухайн үед Төв аймгийн харьяанд байсан Налайхад 10 дугаар анги төгссөн хүү МУИС-ийн хэл уран зохиолын ангид орохоор бүртгүүлжээ. Гэтэл аль хэдийн 30 хүүхдийн орон тоо бүрдсэн тул элсэлтийн комиссоос физик, химийн шалгалт нэмэлтээр өгөөд Анагаахын сургуульд орох санал тавьж. Ингээд шаардсан шалгалтыг өгч тэнцсэнээр үзэг цаас нийлүүлэх хүсэлтэй байсан шинэхэн төгсөгч чагнуур зүүсэн эмч болохоор Анагаахын сургуулийн оюутан болсон түүхтэй.

Анагаахын сургууль дэгтэй, журамтай, хичээл ном нь ч хүнд. Суурь сайтай байсных хичээлээ яс хийсээр таван жилийн дараа МУИС-аас дөнгөж салбарлаад байсан Анагаахын дээдийн  хүүхдийн эмчийн анхны 30 төгсөгчийн нэг болжээ.

Хүүхдийн эмчээр мэргэшиж төгссөн залуусын 13 нь Дорноговь  аймаг руу томилолт өвөртөлсний нэг нь Ж.Ганхавх байж. Ийнхүү 1965 онд сургуулиа төгссөн жилээ Дэлгэрэх суманд анх томилогдон ажлын гараагаа эхэлжээ.

 

Ингэний сүүг үнээний сүүгээр сольсон нь хүүхдийн өвчлөлийг эрс бууруулжээ

Тэр үеийн анагаах ухааны хөгжил одоогийнх шиг байсангүй. Тэр тусмаа очсон газарт нь орон нутгийн онцлогоос шалтгаалж хүүхдийн өвчлөл их байж. Тэр үед Дорноговьд Монгол Улсын хамгийн том нефтийн үйлдвэр ажилладаг байж. Хачирхалтай нь зөвхөн Монголд ч биш, дэлхий нийтээр шатахууны үйлдвэртэй газруудын эмэгтэйчүүд төрсний дараа хөхөнд нь сүү ордоггүй аж.

Дорноговийнхон үнээгээ саахгүй, ингээ л саана. Дөнгөж төрсөн хүүхдэд ингэний сүү л олдоно. Гэтэл ингэний сүү хүүхдийн гэдсэнд тохиромжтой биш. “Хүүхдийг ингэний сүүгээр угжихдаа сайндаа л хөөрүүлсэн сүүн дээрээ ус нэмнэ. Бүр баруун урд талын сумынхан бол ингэний сүүгээ хөөрүүлэхгүй, шууд өгнө” гэж хуучлав.

Цагаан даавуу гурвалжилж оёод тэр дотроо сүүгээ хийгээд үзүүрийг нь том тэвнээр цоолоод хүүхдээ угжаад орхичихно. Үүнийгээ “баз” гэж нэрлэдэг гэнэ. Дан ингэний сүүгээр угжуулсан хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлаас болж турна, рахиттай болно. Ингээд хүүхдийн өвчлөл нэмэгдэнэ. Ийм байдлаар удаан явж болохгүй гэдгийг ойлгосон шинэхэн эмч үнээний сүүгээр хүүхдийг угжих санаачлага гаргаж. Түүнийг нь тухайн үеийн аймгийн дарга байсан н.Гомбожав гуай ч дэмжиж, үнээний ферм байгуулж, хүүхдийн сүүний газар анх нээжээ. Ингэж хүүхдийн өвчлөлийг бууруулахад бодитойгоор ажил хийж, хүүхэд өвдөх нь ч харьцангуй багассаар 1980-аад оноос бүр буурсан үзүүлэлттэй гарах болсон нь Ж.Ганхавх эмчийн гавьяа юм. Мэдээж энэ бол 50 шахуу жилийн өмнө буюу хагас зууны өмнөх үйл явдал. Одоо бол хүүхдийн өвчлөл ч хамаагүй буурчээ.

Эмчийн ажлынхаа зэрэгцээ дунд сургуульд эрүүл мэндийн хичээл зааж, ирээдүйн ээж нарыг бэлтгэхээс эхлээд соён гэгээрүүлэх ажил ч багагүй хийж. Дунд сургуулийн 5-6 дугаар ангиас эхлээд хүүхдүүдэд одоогийнхоор бол эрүүл мэндийн хичээл заана. Эх хүн гэж ямар байдаг, эмэгтэй хүн ямар байх ёстой, хөх ямар үүрэгтэй, хөхний сүү, ангир уураг гэж юу юм гэх зэргээр хичээл орно. "Гал уургаа хөхсөн хүүхэд хэчнээн сайхан торниун өсдөг билээ. Ангир уургаа хөхсөн хүүхдэд насан туршийн дархлаа тогтдог, барагтай өвчин тусдаггүй" гэв.

Хүүхдээ яаж хооллох, яаж хөхүүлэх, ангир уургийг нь хэрхэн зөв амлуулахаас эхлээд эмэгтэй хүн биеэ хэрхэн арчлах, ариун цэвэр  сахих ёстой зэргийг ч заадаг байж. "Манайхан хүүхэд төрөх, эмэгтэй хүн өөрийгөө хэрхэн арчлах талаар ярихаар доошоо харчихдаг ичимхий шүү дээ бас. Хүн хэлэхээс нааш гэж үг бий. Эмнэлэгт биш гэртээ төрөх нь ч элбэг. Хөдөө төрөөд дээлийнхээ хормойд боогоод аваад ирэх тохиолдол зөндөө л байдаг байлаа" хэмээн дурсав.

 

Аягаар гол судас дарж, хүний амь аварсан нь томоохон туршлага болжээ

 

Эмч хүн үхэл амьдрал дэнсэлсэн учрал, хагацал олныг үзэх нь бий. Тэр дундаа амьдрал залгуулж, амь нас аварсан нь алдсанаасаа хавь илүү учраас өвдсөн зовсон хүн бүр эмч нарыг зорьдог билээ.

“Амь дүйсэн айхтар дуудлагуудыг залуу насны эрч, зоригоор л туулж давсан санагддаг. Одоогийнх шиг машин тэрэг, утастай байсан биш. Морь, тэмээгээр дуудлаганд явна шүү дээ” гэж хуучлах тэрбээр 50 гаруй жил ажиллахдаа чухам хэчнээн хүний амь нас аварч, хэдэн айлд баяр жаргал нэмсэнээ тоолж байгаагүй ч мартагддаггүй хэд хэдэн тохиолдлоосоо хуучлах хүсэлтийг минь харин хүлээж авсан юм.

1980-аад оны үед Их хэтийн Хажуу Улааны уулын үйлдвэрийн ойролцоо Аюумхан нэртэй  казах эмэгтэйгийн амийг аварсан нь тухайн үедээ анагаах ухааны салбарт томоохон нээлт, туршлага болж үлджээ. Тухайн үед дөнгөж хүүхдээ төрүүлсэн эмэгтэй цус алдаж эхэлж. Аймгийн төв 200 гаруй километрийн зайтай, хурдан явахад л зургаан цаг явж ирнэ. Гэтэл эмэгтэй цус их алдаж байсан учир ямар нэг байдлаар торгоохгүй л бол амь нас эрсдэх аюултай байж. Ингээд яахаа мэдэхгүй байтал гэнэт толгойд нь цус алдаж байгаа хамгийн гол судсыг боох мэргэн арга орж ирж. Хэвлийн тус газарт байгаа гол судсыг тааруулан цайны дунд шаазангийн ёроолыг тавиад боотол цус нь тогтчихож. Ингээд эмчилгээний натри хлор зэрэг нэмэлт шингэнээ ч хийж, давхар шингэн бүлээн юм уулгаж, 10 минутын завсарлагаатайгаар зургаан цаг гол судсыг дарснаар өвчтөний амь насыг аварч чаджээ.

Аймгаас ирсэн эмч нар ч түүний энэ аргыг ихэд гайхаж, яаж ингэж бодож олов хэмээн тухайн үедээ л ихээхэн шинэ туршлага болж үлдсэн гэдэг. Ийнхүү амь нас аварсан тохиол бүрийг тэр мэдээж тоолоод, тооцоод байхгүй. Гэвч өөр нэг тохиолдол нь бүр нялх байхдаа эндчих эрсдэлтэй байсан хүүг Сулинхээр сумаас авчирч, угжиж, зөв хооллож эмчилснээр амь насыг нь аварч байсан түүх ч бий. Тэр нялх хүү өдгөө 60 гаруй насны өвөө болчихсон, аймгийнхаа эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа гэнэ лээ.

 

Дайны үед төрсөн учир Ганхавх нэр хайрлажээ

 

Ж.Ганхавх эмчийн нэрийг эмээ нь өгсөн гэдэг. Аав, ээж нь жирийн малчин хүмүүс байсан бөгөөд 1937 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Төв аймагт нүүж иржээ. Харин 1939 онд Ганаа эмч мэндэлж. Дайны жилд төрсөн болохоор ч тэр үү эмээ нь түүнд Ганхавх гэж нэр өгчээ. Аав Жамба нь дөнгөж 50 гаруй насалсан, 12-13 настай байхад нь өөд болжээ.  Харин ээж нь 90 гаруй насалсан байна. Аав ээжээс долуулаа байсан ч амьдралын жамаар ахан дүүсээ үдсээр одоо ганцаар үлджээ.

Түүний ханийг Д.Оюунчимэг гэдэг. Насаараа биеийн тамирын багш хийсэн, ануухан хөгшин байх. Ханилаад 50 гаруй жил болж байгаа тэд дөрвөн сайхан хүүхэд төрүүлсэн бөгөөд том хүү нь 60 хэдий нь хүрсэн байна. Түүний хань Д.Оюунчимэг багш насаараа сур харвасан, аймгийн мэргэн, спортын мастер цолтой. Ханаараа дүүрэн спортын амжилтыг нь илтгэх одон медалиудаа эгнүүлэн хадсан хоёр буурай өдөртөө нэг нь үйл мэтгэж, нөгөө нь үеийн хөгшчүүлтэйгээ буу халж суух дуртай.

 

Гурван номтой зохиолч-эмч

Хэл шинжлэлийн ангид орох гэж байсан нийтлэлийн минь баатар гурван ч ном гаргасан гэдгийг өмнө дурдсан. Дорноговь аймгийн сонинд идэвхтэн бичигчээр ажиллахын зэрэгцээ “Бөгтөрхөн хөх дэлхий”, “Хургатай чоно”, “Сүүн уул” гэсэн гурван номоо гаргасан байна. 2006 онд шүлгийн анхны номоо гаргасан бол 2008 онд гаргасан хоёр ном нь шүлэг, богино өгүүллэг хосолсон гэв.

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавтай Налайхад нэг анги төгссөн дотно найзууд байж. Тиймээс ч хоёр найз хэл бичиг уран зохиолын ангид цуг орох гэсэн боловч орон тоо байхгүй гээд хүний их эмчийн ангид оржээ. Гэхдээ Ш.Сүрэнжавтайгаа найз юм хойно яруу найрагч, зохиолчидтой уулзана, хааяа бичсэн юмаа уншиж сонсгоно.

“Ч.Сүрэнжав агуу хүн байлаа шүү дээ. Сүхбаатар, Чойбалсан найраглалыг цээжээрээ уншина. “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Гар” гэсэн гурван бүтээлийг нь төр үнэлж Төрийн шагнал олгосон. “Ерэн баатрын дууль” нь их том шүү дээ. Дэлхийн дайны үеийн тухай гэхээр аргагүй төрийн шагнал авахаар. Нэг удаа надад “Найзад нь "Ерэн баатрын дууль"-аар л Ардын уран зохиолч өгчихлөө шүү дээ” гэж хэлж байсан юм даг. Задгай найрагч байсан даа. Ч.Сүрэнжаваас гадна Д.Цоодол Б.Лхагвасүрэн, П.Бадарч нартай уулзаж шүлэг яруу найргаасаа хуваалцаж явлаа. Ч.Сүрэнжав миний номын өмнөтгөлийг бичихдээ багын явдлуудаас сайхан дурсаж бичсэн байдагсан” хэмээн хуучлав.

Ярилцлагынхаа төгсгөлд тэрбээр өөрийн бичсэн “Илүү гэр”, “Хотын хөгшчүүд хямсгар” шүлгүүдээ уншиж сонсгосон юм. Уншигчдадаа зориулан түүний “Хотын хөгшчүүд хямсгар” шүлгийг нийтэлж байна.

“Та тэгээд хотын хямсгар хөгшин юм уу, хөдөөний хөөрхөн өвөө юм уу” гэж асуухад минь “Хөдөөний өвөө байсан. Одоо хотын хямсгар болох гээд байгаа юм даг уу даа” хэмээн наргиантайхан хэлснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.

 

Хотын хөгшчүүд хямсгар

Хөгцтэй байшингийн ёроол дагаж
Хөгшдийн хажууд суудал царайчилна
Таних танихгүй ч мэнд мэдэлцэж 
Тавтай ярьж суумаар, гэвч хямсгар

Хөшиглөсөн хөх утаан дотор
Хөхүүлж ханиаж сууцгаана
Их хотын хүмүүсийн араншин
Ижилсүүлэх юм алга

Зүс танихгүй ч хямсгар
Зүгээр байгаа нь хямсгар
Будганд нүүр нь түлэгдсэн
Үнсэн саарал өнгөтэй хямсгар

Хойд урьдын салсан суусан
Ховор гэж дурдан ярина
Хорвоогийн элдэв үйл явдлыг 
Хосгүй мэтээр дэмий ярина
Хямсгар

Юм бүгдийг илүүчилж, голж шилэх зуршилтай
Юм бүгдийг мэдэгчийн дүртэй
Хот орон, 
Хөдөө гадаа
Хов жив 

Ирэх очих, 
Элдэв шалдав
Ийм тийм 
Эргэцүүлэх бүхнийг ярина

Хийх ажилгүй хотын хөгшид
Хэмжээ хязгааргүй бүхнийг ярина
Хямсгар...
Ж.Ганхавх

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 200 (7185)