ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Эсгийгээр бяцхан багачуудад зориулсан үлгэрийн ном, хүүхэлдэйн киноны баатрууд болон хуруу тоглоом хийдэг уран ээжийг Ж.Өлзийдүүрэн гэнэ. Тэрбээр эсгийгээр "Чоно ба долоон ишиг" номыг урласан нь үнэхээр сонирхолтой байв. Мөн тэмээ яагаад эвэр, сүүлгүй болсон, "Өнхрүүш", "Илбэт цурхайн тушаалаар" гэсэн үлгэрийн номоо урлаж байна. 

Ямаа нэгэн удаа өвсний шимтэй, усны тунгалагт идээшлэхээр явахдаа ишигнүүдээ дуудаад "Энхрий үрс минь ээж нь явлаа. Хүүхдүүд минь чононоос болгоомжлоорой. Араатан чоно ороод л ирвэл арьстай үстэй чинь залгичихна шүү. Хорлолтой тэр амьтан ямар ч дүрд хувирчихсан байж мэднэ. Хууртав аа! Тэр хахир бүдүүн дуутай, хар саарал хөлтэй гэдгийг та нар мэднэ шүү дээ" гэж хэлжээ. Тэгтэл ишигнүүд нь “Зүгээрээ зүгээр, ээжээ. Санаа зоволтгүй ээ. Зөндөө яргуй авчраарай. Өөдгүй муу чоно ирвэл үүдээ бид нээхгүй” хэмээн зэрэг зэрэг майлалдаж гэнэ. Ээж нь тэднийхээ цовоо дуунд баясаж, энхрийлж нэгэнтээ майлчихаад л замдаа гарчээ. 

Удаа ч үгүй байтал тэдний хаалгыг хэн нэг нь тогшиж "Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа гэжээ.
Харин ишигнүүд хахир бүдүүн дуугаар нь чоно байна гээд төвөггүйхэн таньчихжээ. Тэгээд “Бид хаалгаа нээхгүй. Хайртай ээж маань энхрий зөөлөн дуутай. Харин та бол хахир бүдүүн дуут чоно байна шүү дээ” гэж майлалдаж гэнэ.

Гайхал саарал гурав дахь удаагаа ирж хаалгыг нь тогшоод “Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуйтай ирлээ” гэж энхрий ялдам дуугаар хэлжээ. Ишигнүүд ээжийгээ гэж итгээд үүдээ нээжээ. Гэтэл араа шүд нь ярзайсан, жартгай саарал чоно байлаа. Ишигнүүд сүнсээ зайлтал айж нэг нь ширээн доогуур, хоёр дахь нь орон доогуур, гурав дахь нь пийшин дотор, дөрөв дэх нь тогооны саванд, тав дахь нь шүүгээнд, зургаа дахь нь угаалтуур дотор, долоо дахь нь ханын цагны гэрэн дотор харайн орж нуугдацгаалаа. Чоно тэднийг хүүе хаая гэхийн зуургүй олоод нэг нэгээр нь залгиж орхилоо. Харин хамгийн жижиг ишиг нь цагны гэрэнд нуугдсаныг чоно анзааралгүй орхижээ.

Ховдог саарал чоно гэдсээ дааж ядан алхсаар гэрээс гарч, нэгэн модны ёроолд хэвтээд, хахир муухай дуугаар хурхиран унтаж гэнэ.

 Эх ямаа ишигнүүдээ эрж хайгаад олсонгүй. Нэр зүсээр нь дуудавч нэг ч хариу алга гэнэ. Харин тэгтэл хамгийн бага ишиг нь “Хайрт ижий минь би цагны гэрэн дотор байна” хэмээн дуулдах төдий майлжээ. Ээж нь түүнийг гаргаж автал айсандаа бүр бөмбөлзтөл чичирч, бөмбөртөл уйлаад “Аймшигт чоно, ах эгч нарыг маань цөмийг нь залгичихсан” гэж хэлжээ.

Хүүдээ хийсэн анхны эсгий ном. Ж.Өлзийдүүрэн анх зөвхөн ном хийж байсан бол одоо номноос гадна хүний бие, нарны есөн гараг, хүүхдийн тоглоом, мини хуруу тоглоом гээд төрөл зүйл нь нэмэгдсээр байна.

Аяганы тавиур

Динозаврууд

 

Номны хавчуур болон хуруу хүүхэлдэй, сүлд модны тоглоом

Нарны есөн аймаг

Тэмээ яагаад эвэр, сүүлгүй болсон бэ ном хэрхэн бүтэж байгаа талаар тайлбарлав.

"Өнхрүүш"

Орос ардын үлгэр "Өнхрүүш" эсгий ном удахгүй бяцхан уншигчиддаа хүрнэ. 

Орос ардын үлгэр "Илбэт цурхайн тушаалаар" үлгэрийн ном ч бэлэн болно.

Эмгэн өвгөн хоёр гурван хүүтэй юмсанжээ. Хоёр том нь ухаантай, бага хүү Емеля нь тэнэг гэнэ. Хоёр ах нь гар хумхихгүй ажилладаг байхад Емеля өдөржингөө пийшин дээр хэвтэж юу ч хийдэггүй, юу ч сонирхдоггүй ажээ. Нэг удаа ах нар нь зах явжээ. Бэр эгч нар нь Емеляг дуудан усанд яваад ирээч гэж гуйхад "Залхуу хүрээд байна аа гэж пийшин дээрээсээ хариуллаа. Тэгэхэд нь Емеля, ус аваад ир л дээ, ах нар чинь чамд бэлэг авчрахгүй шүү гэхэд "За за явахаас хэмээгээд пийшин дээрээсээ буугаад хувцсаа өмсөн хувин, сүхээ аван гол руу явжээ. Мөс цавчин харз гаргаад хувингаараа ус утгаж авчихсан мөртлөө харз руугаа хараад зогсоод байв. Юу гэвэл, харзанд цурхай загас байжээ. Емеля ухасхийн гараа дүрэн цурхай загасыг бариад авав.

Цурхай загас "Емеля, Емеля, одоо чи юу хүсэж байна гэж асуухад хувинтай ус минь цалгилгүйгээр хурдан явж хариг гэж хүсэж байна гэхэд "Тэгвэл чи тогтоож ав. Ямар нэг юм хүсэхээрээ Емеля миний хүслээр, илбэт цурхайн тушаалаар гээд хүссэн юмаа хэлж бай" гэж цурхай загас зааж өглөө. Емеля миний хүслээр илбэт цурхайн тушаалаар хувинтай ус минь, өөрөө хурдан явж харигтун гэж Емеляг дөнгөж хэлмэгц хувингууд нь өөрсдөө гэрийнхээ зүг явав. Емеля цурхай загасыг харзанд буцааж тавиад хувингуудынхаа араас явлаа.

Мөн түлхүүрийн оосор хийснээ харууллаа.

Ном болон тоглоомыг хийхийн тулд эхлээд ноосоо авч самнадаг ажээ. Түүнийгээ хавтгайруулж байгаад гараараа нэг бүрчлэн эсгийрүүлдэг гэнэ. Ж.Өлзийдүүрэнгийн бүх бүтээл гар аргаар бүтсэн эко. Сүүлийн үед тэрбээр номныхоо зургуудыг машинаар хэвлээд, ард нь эсгийгээ хайчилж, гар аргаар оёх болжээ. Энэ нь угааж, цэвэрлэхэд тун хялбар. Эсгий тоглоом бол хамгийн эко. Ямар ч будаг гарч, урагдаж, харшил өгдөггүй. Мөн хог гардаггүй учир байгальд ээлтэй, хурдан задардаг давуу талтай гэсэн юм.

Эх сурвалж www.zms.mn