ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

М.Горькийн нэрэмжит утга зохиолын шагналт, Монголын орчин цагийн орчуулагч, зохиолч Самбуугийн Бадраагийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүний ойг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэл, Самбуугийн Бадраа сан хамтран “Орчуулагч, зохиолч Самбуугийн Бадраа-100 жил” эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг Хэвлэлийн хүрээлэнд зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд С.Бадраа агсны үр хүүхэд, ач гуч, төрөл төрөгсөд болон хамт ажиллаж байсан найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байв. Эрдэм шинжилгээний хуралд яруу найрагч О.Содномпил "Самбуугийн Бадраагийн орчуулгын ур чадвар", "Самбуугийн Бадраагийн өгүүллэг туурвил зүй"-гээр хэл бичгийн ухааны доктор Т.Мөнхнаран нар илтгэл тавьсан юм.

Хэл бичгийн ухааны доктор Т.Мөнхнаран "Монголын орчин үеийн уран зохиол гэж тодотгоод 100 гаруй жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, төрөл зүйл, хэв маяг, үндэсний үнэт зүйл, үнэлэмж бүхий утга зохиолыг бүрдүүлж чадсан. Нэг үгээр хэлбэл, бид бүрэн судалж болохоор ийм сайхан уран зохиолтой болсон. 100 гаруй жилийн түүхэнд зохиолчдын оруулсан хувь нэмэр, шинэчлэл, уламжлал, хүмүүсийн гол төлөөллийг С.Бадраа гуай гэж үзэж болно. Энэ удаа шинэчлэл, төрөл зүйн онцлогийг өгүүллэгүүдийнх нь жишээн дээр авч үзсэн. Утга зохиол, уран зохиол судлал дээр нэг хэсэг хавтгайрсан. 1990 оноос өмнөх зохиолууд муу гэх хандлага байсан. Сүүлийн жилүүдэд зохиолчын ойг тэмдэглэж, энэ үеэр зохиол бүтээлийг нь өөрөөр дүгнэж, үнэлэх. Гол онцлог шинж, үнэт зүйл нь юундаа байгаа юм бэ. Эдгээрийг тодруулах ажил их чухал болж байна.

С.Бадраа гуайн зохиол бүтээлийг товчхон ерөнхийлөөд авч үзвэл 1960, 1970-аад оны үед бүтээн туурвиж байсан. Уран зохиол гэдэг нийгмийн хараат шинжтэй, нийгэмтэйгээ салшгүй холбоотой учраас сэдвийн хувьд тухайн үеийнхээ социалист бүтээн байгуулалт, Монгол-Зөвлөлтийн найрамдал, нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших гэсэн сэдвээр бичиж байсан хэдий ч бусад зохиолчоос ялгарах гол нэг зүйл нь хүн чанар байсан. Ялангуяа, зохиолд дүрсэлж байгаа гол зүйлээ хүн чанар, энгийнээр хэлбэл хүн судлаач гэж хэлж болно. Хэн нэгнийг заавал сайн, муу болгох биш байгаагаар нь гаргадаг өвөрмөц онцлогтой.

Мөн өөрийнх нь орчуулгын, сэтгүүлчийнх нь нөлөө, чадвар байна уу. Зохиолд нь нөлөөлсөн нь харагддаг. Өгүүллэгүүдийг нь харахад энгийн мөртлөө богино хэл, найруулга, илүү дутуу үг байхгүй. Баримтат уран зохиол гэж хэлж болохоор. Ер нь баримтыг голчилж бичдэг. Өгүүллэгүүдийг нь харахад “Би баатар” буюу өөрийн зүгээс оролцсон, найруулал оруулсан гэж хэлж болохоор. С.Бадраа гуай Оросод нисгэгчийн ангид суралцаж ирсан тухайгаа “Нисгэгч” тууждаа өгүүлсэн байдаг. Зохиол бүтээлийнх нь үндсэн сэдэв нь өөрийнхөө амьдралаас мэддэг, баримттай зүйлийг бичсэн нь хүмүүс уншихад илүү сонирхолтой, цаг үеийн үзэл суртлаас зайлсхийж чадсан авьяаслаг зохиолч. Өнөөгийн бидэнд, дэлхий нийтээрээ хувь хүний бичгийн чадвар бол хүний үндсэн болон оюуны чадварыг харуулдаг гэдэг. Бидэнд 1960, 1970-аад онд бичсэн ч гэсэн энэ эссэ бичих хэл найруулга, баялаг санг С.Бадраа гуайн зохиол бүтээлээс харна. Бид өмнөх үе гэхгүйгээр задлан шинжлээд сургалтад ч ашиглаж болохоор сонирхолтой сэдвүүдээр бичсэн байна лээ" гэв.

 

Мөн энэ үеэр С.Бадраа гуайн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн тавьсан байлаа.

Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Л.Дашням

-С.Бадраа гуайн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Мөн түүнийг мэдэхгүй олон хүн цуглаж байна. Би С.Бадраа гуайтай зохиолчийнх нь хувьд олон жил хамт ажилласан. Орчуулагч, ахмад хүнийх нь хувьд сайн мэднэ. Энэ хүн зохиолч, орчуулагч хүн ямар байх, ер нь монгол хүн гэж хэн бэ гэдгийг өөрөөрөө харуулж амьдарсан хүний нэг. Өнөөдөр эргэж дурсахад үнэхээр сайхан байна. Их хөгжилтэй, хүнийг дандаа инээлгэдэг, шударга шулуун зантай. Дайны үед хойно сурсан учраас тэр үеийнхээ сайхан, сонирхолтой дурсамжуудыг их ярина. Эх орны дайнд биечлэн оролцсон цөөхөн Монголын нэг нь би гэж ярьдаг. Учир нь тэнд суралцаж байсан оюутнууд ар талын ажилд нь их оролцсон юм билээ. Мундаг орос хэлтэйдээ орчуулагч болсон юм биш. Б.Ринчен гуай намайг монгол хэл сайтай гэж орчуулагч болгосон гэж ярьдаг байсан. Орчуулагч хүн бол гадаад хэлээс гадна өөрийнхөө хэлийг сайн мэдэх ёстой. Өнөөдөр ч гэсэн энэ шаардлага хэвээрээ байгаа. С.Бадраа гуайтай нэг үед амьдарч байсандаа, сайхан яриаг нь сонсож, зарим нэг зохиол бүтээлийг нь редакторлож байсандаа баяртай байна.

Том охин Б.Оюунцэцэг

-Өнөөдөр миний аавын 100 жилийн ойг тэмдэглэж байна. Би аавынхаа 30, ээжийнхээ 28 насан дээр гарсан, таван хүүхдийн том нь. Одоо 70 настай. Аав минь их хөдөлмөрч, шаргуу хүн байсан. Бидэнд ч бас өвлөгдөж ирсэн юм бий. Бид энэ олон жилийн дараа бичсэн зүйлийг нь сөхөж харахад өдөр нь ажлаа хийгээд, шөнө нь юм бичнэ. Хэвлэх үйлдвэрт сонин уншина. Тэр үед нэг үсгийн алдаатай байхад л асуудал хүнд тусдаг. Тиймээс тэр үеийн хүмүүс их хариуцлагатай байсан. Сая аавынхаа 10 номыг гаргалаа. Цаана нь “Клим Самгины амьдрал” гэсэн ном таван боть болох юм байна. Мөн “Домогт баатар Чапаев”, Шолховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” гэсэн хоёр дэвтэр болон Толстойн номыг хэвлэлд өгөхөөр бэлтгэж байсан аавын минь дотны найз, дүү, бидний ах Х.Зандраабайды гуай өнгөрсөнд бид их харамсаж байна. Бусад эрдэмтэн, зохиолч, орчуулагч, сэтгүүлч нөхдүүд энэ ажлыг зохион байгуулахад их тусалж, дэмжсэнд талархаж байна. Аавын минь дотны найз Д.Цэнд гуайн хүү сэтгүүлч, утга зохиол судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат бидэнд мэргэжлийн зүгээс их тусалсан. Одоогоор аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн алга. Хүүхдийн хүүхдүүдээс Орос, АНУ, Японд сургаж байна. Энэ дашрамд АНУ-д амьдарч, сурч байгаа зээ хүү Мөнхзориг, Веркли коллежид сурч байгаа зээ охин Энхжин, Японы Акитагийн их сургуульд мастер хамгаалж байгаа ач охин Минжинсор нартаа энэ өдрийн мэндийг хүргэе.

Сэтгүүлч, утга зохиол судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат

-С.Бадраа гуай Монголын орчин цагийн утга зохиолын орчуулагчдын том төлөөлөгчийн нэг. Түүний орчуулсан олон бүтээл нь Монголын бүх уншигчдад хүрсэн. “1001 шөнийн үлгэр”-ийг уншаагүй уншигч байхгүй байх гэж бодож байна. “1001 шөнийн үлгэр”-ийг орчуулсан хоёр зохиолч нь Бямбын Ринчен, Самбуугийн Бадраа гуай хоёр юм. С.Бадраа гуай их бяртай. Бөхөөр бол ам авахдаа их бяртай, хүчтэй бөхчүүдийг амладагтай адилхан. Сайн зохиолчдын сайн зохиолыг өөрөө сонгож орчуулдаг байсан. Оросын өнөөдөр домог болсон, тухайн үеийн үзэгдэл болж байсан Чингиз Айтматов, Шукшин, Распутины туужийг орчуулж Монголын уншигчдад хүргэж байсан. Зохиолын хэл гайхалтай. Эх хэлээр нь туурвисан юм шиг орчуулж чаддаг орчуулагч байсан. С.Бадраа гуайн орчуулгын бүтээлүүд нь Монголын туужуудад их нөлөөлсөн. Тухайлбал, П.Баярсайханы “Тавиул”, С.Жаргалсайханы “Сахиул”, Д.Энхболдын “Соёо” байна.               

Эх сурвалж www.zms.mn