Н.Жаргал
Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургууль нь 1973 оны есдүгээр сард Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр 900 сурагч, 29 багш ажилтантайгаар анх үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. 50 жилийн хугацаанд 170 гаруй анги төгсгөж, одоогоор нийт дөрвөн мянга гурван зуун гаруй сурагчид, хоёр зуу гаруй багш, ажилчид, хичээлийн хоёр байртайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Ойн баярын хүрээнд хүүхэд бүрт ээлтэй сургууль болох эрхэм зорилгыг дэвшүүлж, сурагчдын ая тухтай, цэвэр, аюулгүй орчинд суралцах боломжийг хангахын тулд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.Сургууль орчмын авто зам, явган хүний зам, сагсанбөмбөг болон хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажлаас эхлээд сүүлийн үеийн цахим хэрэглэгдэхүүнийг сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байна. Тодруулбал, анги танхимд ухаалаг самбар байршуулж нарийн төвөгтэй функцуудыг заахад амар хялбар болсон. ЭЕШ-ын тестийн машинтай болсноор төгсөх ангийн сурагчидын бэлтгэл сайжирсан хэмээн 53 дугаар сургуулийн математикийн багш Д.Сарантуяа хэллээ. Сургууль, төгсөгчийн эргэх холбоог бэхжүүлж, үе үеийн ахмад багш, төгсөгчдийн залгамж чанарыг сайжруулах үүднээс Ахмадын зөвлөл, Төгсөгчдийн холбоог байгуулан төрөлх сургуулийнхаа үйл ажиллагааг олон талт хэлбэрээр өргөтгөн хөгжүүлж байгааг мөн дурдаж байв.
Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн захирал Л.Амарсанаа “Манай сургуульд одоогоор 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцдаг. Анги танхимыг хүүхэд бүрт хүрэлцээтэй байлгахаар тохижуулж ажилласан. Сургуулийн орчныг сайжруулснаар хүүхдүүд сургуульд явах, хичээл хийх эрмэлзэлтэй болж, багш ажилчид мөн ая тухтай ажиллаж чаддаг болсон. Үүний дүнд сургалтын чанар сайжирч байгаа нь ойн хүрээнд хэрэгжүүлсэн олон төслүүдийн минь үр дүн юм” гэлээ.
Ерөнхий боловсролын сургуулиуд дундаас анх удаа 53 дугаар сургууль дэргэдээ замын хөдөлгөөний дүрмийг практикт суурилан таниулсан сургалтын дромыг байгуулж, зам тээврийн осол, зөрчлөөс сэргийлэх зорилгоор сургалтын кабинетийг тохижуулахаар болжээ. Хүүхэд бүрт ээлтэй, илүү хүртээмжтэй боловсролыг түгээхэд сургуулийн хамт олон багш, эцэг эхчүүд, сурагчдын хамтын оролцоог бэхжүүлж ажиллаж байгаа ажээ.
www.zms.mn