С.УЯНГА
Эрүүл мэндийн салбарын санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх түүхэн цаг үе тохиож байна. Үүнтэй холбогдуулан ЭМДЕГ-аас шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх үүднээс орон нутгийн эрүүл мэнд, даатгалын байгууллагуудад бүсчилсэн байдлаар газар дээр нь очиж сургалт хийлээ. Зүүн бүсийн бүсчилсэн сургалтын үеэр хэрэгжээд гурван жил болж буй эл шинэчлэл иргэнд “ээл”-ээ өгч буй эсэх мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн харж үнэлэлт дүгнэлт өгч буй талаар шат шатны эрүүл мэндийн байгууллагын төлөөллийн байр суурийг сонирхсоноо хүргэе.
Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр:Орон нутагт чирэгдэл, санхүүгийн дарамт багасч байна
- Иргэн даатгуулагчдад үзүүлэх санхүүгийн хамгаалалтыг нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь хоёр сая байсан хязгаарыг хүчингүй болгосон хамгийн чухал шинэчлэл. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг хянах, үнэлэх тогтолцоог бий болгож санхүүжилттэй уялдуулсан нь бүх талын хариуцлагыг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болсон. Иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалаар 30-70, 100 хувийн хөнгөлөлттэй авах эрх үүсч байна. Орон нутагт чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх юм бол чирэгдэлгүй, санхүүгийн дарамт багасч байна.Шинэчлэл үр өгөөж өгч буй хамгийн наад захын жишээ бол хөнгөлөлттэй эм. Түүнчлэн тухайн хүн өвдлөө гэхэд даатгалын сангаас хоёр сая төгрөгийг нь даадаг, илүү гарсныг иргэн төлдөг байсан бол одоо хязгааргүй болсон. Өөрөөр хэлбэл, эрсдлээс сэргийлж чадаж байна. Мөн up to date платформыг эрүүл мэндийн байгууллагууд ямар нэг төлбөргүйгээр авч ашиглах боломжийг бий болгосон нь маш том дэвшил.
Бор-Өндөр сумын Нэгдсэн эмнэлгийн дарга А.Батбаатар:Анхан шатны тусламж үйлчилгээний чанар сайжирсан
- Сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлдэг хэвтүүлэн эмчлэх яаралтай түргэн тусламж, шүдний тусламж үйлчилгээг лавлагаа шатлалын эмнэлэгтэй ижил тарифаар санхүүжүүлж байгаа. Ингэснээр анхан шатны тусламж үйлчилгээний чанар үнэхээр сайжирсан. Ингэж анхан шатны тусламж үйлчилгээ сайн байхаар зардал чирэгдэл багасч дараагийн шатлал руу очих ачаалал буурч байна. Нэг ёсондоо бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг нэмэгдүүлэх, иргэн даатгуулагч хаана амьдарч байгаагаас үл хамааран эрүүлд мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн ямар ч дарамтгүйгээр авдаг боллоо. Энэ бол эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийн гол үр дүн. Эрүүл мэндийн байгууллагад газар зүйн онцлогоос хамаарч санхүүжилтийн коэфцентийг өөрөөр тогтоож өгч байгаа нь хамгийн зөв.
Дэлгэрхаан сумын нэгдүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Н.Мөнхтуяа: Иргэд хяналт тавих мэдлэг мэдээлэлтэй болсон
- Даатгалын байгууллага өөрөө хянахаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан хүмүүс рүү мессеж үйлчилгээ илгээхдээ таниар эм тариа авахуулсан уу, өөр газарт шинжилгээнд оруулсан уу зэргээр асуудаг юм билээ. Ингэж иргэний мэдээллийн мөрөөр газар дээр нь шалгалт хийгээд холбогдох арга хэмжээ авч байгаад иргэд ам сайтай байгаа. Тухайлбал, өвчтөний ар гэрээс эм тариа авахуулсан бол үнийг нь тухайн эрүүл мэндийн байгууллага зах зээлийн ханшаар нь иргэнд буцаан төлөх ёстой гэдгийг тэр бүр мэддэггүй байсан. Сүүлийн 1-2 жилд иргэд асууж шаардах болсон. Хэрэгжээд гурван жил болж буй эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн амьдралд хамгийн ойр жишээ нь, цэнхэр дэвтэр. Ийш тийш гүйж тамга даруулах биш и-монголиа юм уу, эрүүл мэндийн даатгалын цахим системд хандахад 15 минутын дотор үйлчилгээгээ авах боломж бүрдсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)