Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Гадаа хэдийгээр налгар намрын өдрүүд үргэлжилж байгаа ч ханиад томууны дэгдэлт ихэссэн тухай эмнэлгийн байгууллагууд болон мэргэжлийн эмч нар анхааруулж байгаа юм. Ялангуяа цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ үед бага насны хүүхдүүд амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөх нь элбэг байна. Одоо дэгдээд байгаа ханиад нь ротавирусын халдвараар дамждаг бөгөөд гүйлгэх, өндөр халуурах хам шинжээр илэрч байна.
Ротавирус нь улирал харгалздаггүй
Ротавирусын халдвар буюу гүйлгэдэг ханиад нь клиник шинжээрээ вирусын гаралтай, гэдэсний халдвар давамгайлсан шинжтэй байдаг ажээ. Зовиурын хувьд 39-40 хэм хүртэл, 2-3 хоног үргэлжлэн өндөр халуурч, бөөлжиж, суулгалт өгнө. Мөн гэдэс ихээр базалдаг гэж СХД-ийн XVII хорооны эрүүл мэндийн төвийн эмч Т.Ганзул онцолж байсан юм. Тэрбээр “Халдварт өвчин судлалын төв, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвүүд дээр вирусын шинжилгээ, судалгаа хийгдэж байна. Урьдчилсан байдлаар олон нийтийг хамарсан шинж харагдахгүй байна гэж үзэж байгаа ч өрхийн болоод хоёр дахь шатлалын эмнэлэг дээр ирж байгаа хүүхдийн тоо буурахгүй байна” гэв. Зарим аав ээжийн хувьд тус ханиадыг гэдэсний өвчинтэй андуурч, эмчийн зөвлөгөө авалгүйгээр дур мэдэн эм өгч, улам хүндрүүлж байгаа тухай Т.Ганзул эмч анхааруулж байсан юм. Ротавирусаар өвчилсөн хүүхдийг заавал мэргэжлийн эмчид үзүүүлж, зовиурт нь тохирсон эмийг жорын дагуу ууж хэрэглэх ёстой.
Энэхүү вирусын хоруу чанар нь улирал харгалздаггүй ажээ. Тиймээс аль ч улиралд энэ эрсдэлтэй нүүр тулж болох юм. Ротавирусаас өөрийгөө болон хүүхдээ хамгаалах хамгийн энгийн арга бол хувийн ариун цэврийг сахиж, хүүхдийнхээ гарыг нянгийн эсрэг савангаар сайтар угааж хэвших юм. Энэхүү вирус нь халдвартай хүн эсвэл орчны гадаргуу, эд зүйлсэд хүрэлцсэний дараа гараа угаахгүй байх, бохирлогдсон гараар хоол хүнс идэх замаар дамждаг тухай Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Сайханжаргал хэлж байв. Тэрбээр “Хүүхэд их эмзэг. Ялангуяа 2-7 насны хүүхэд энэ вирусаар их өвдөж байна. Учир нь бага насны хүүхдийн дархлаа сул байдаг. Дархлаагүй биед орсон вирус хүссэнээрээ эд эрхтэнд нөлөөлнө шүү дээ. Тиймээс сэрүүний улиралд эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих витаминууд болон эрүүл хоол хүнс өгч занших хэрэгтэй” гэсэн юм.
Халдварын нууц үе 1-3 өдөр
Ротавирус нь бага насны хүүхдийн өтгөнд долоон сар хүртэл, жимс жимсгэнэд 5-30 хоног, янз бүрийн гадаргууд 10 хоног, органик нэгдэлд 16 хоног хүртэл хадгалагддаг ажээ. Харин халдварын нууц үе нь 1-3 өдөр үргэлжилдэг юм байна. Энэ үед хамраас шингэн урсаж, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илрэхэд эрт, зөв эмчилгээ хийж чадвал хүндрэх магадлал бага байдаг гэнэ. Үүсгэгч нь вирусыг тээгч хүнд хадгалагдаж байдаг бөгөөд өөрөө өвдөхгүй, эсвэл өвчний шинж тэмдэг бүдэг байсан ч бусдад болон эргэн тойрондоо халдвар тарааж явдаг ажээ. Ротавирус нь ходоод гэдэсний замын салст бүрхүүлийн эс дотор өсөж үржин, өтгөнөөр гадаад орчинд ялгардаг юм байна. Өвчтөн өвчний эхний өдрөөс л вирусыг гадаад орчинд тарааж эхлэх ба 7-8 өдрийн туршид ялгаруулдаг. Мөн шинж тэмдэггүй тээгч нь хэдэн сараар ч ялгаруулах нь бий. Насанд хүрэгчид ротавирусын халдвар авч болно. Гэхдээ хүүхдийг бодвол тийм ч нийтлэг бус. Учир нь бага насны хүүхдийг бодвол насанд хүрсэн хүн ариун цэврийн дэглэм харьцангуй сайн сахидагтай холбоотой юм.
Эмч зөвлөж байна
Ханиад томууны үед ялангуяа ротавирусыг хэрхэн эмчлэх тухай мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэж байна.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Баярмагнай: Өвчтэй хүүхдийн хоолыг баяжуулж, уургийг нэм
-Рота вирусаар ихэвчлэн цэцэрлэгийн насны хүүхдүүд өвдөж байна. Цэцэрлэгүүд ханиад томууны дэгдэлтийн үе буюу аравдугаар сараас дөрөвдүгээр сарын хугацаанд өвчтэй хүүхэд хүлээж авахгүй байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ 3-5 хоног хэвтрийн дэглэм сахиулж, цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх нь халдвар тархах эрсдэлийг бууруулна. Өвчтэй хүүхдийн хоолыг баяжуулж, уургийг нь нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Хувцсыг нь тохируулж өмсгөх. Халуурч байгаа хүүхэд гээд хэт нимгэлж, хэт зузаалж болохгүй. Өрөөнийхөө хэмд тааруулан хувцаслах хэрэгтэй. Мөн халуунгүй үед нь өдрийн цагаар усанд оруулахад тохиромжтой. Өдөр усанд оруулах нь тоглож гүйнгээ биеийн дулаан энергиэ алдахгүй байх сайн талтай.
ЭХЭМҮТ-ийн эмч Б.Сарангэрэл:Шингэн зүйл сайн уулга
-Зарим эцэг эхчүүд ротавирусыг ковидтой андуурч байна. Бид ирж буй хүүхдүүдээс шинжилгээ авахад сөрөг хариу гарч байна. Харин томчуудын хувьд өндөр халуурч бөөлжих тохиолдол байвал энэ нь коронавирусын шинж тэмдэгтэй байх магадлалтай. Ротавирусын үед ч хүүхдүүд халуурч, шингэн их алддаг учир уух зүйл их өгөх хэрэгтэй. Буцалсан болон цэвэр ус, хросол энэ ханиадны эдгэрэлтэд сайнаар нөлөөлж байна. Гэхдээ эмийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэхгүй, эхлээд нэгдүгээр шатлалын эмнэлэгт хүүхдээ үзүүлэх шаардлагатай. Үүний дараа эмчийн зөвлөсний дагуу шаардлагатай бол антибиотик уулгаарай. Мөн хувийн ариун цэврийг сахиулах нь чухал. Хэрэв хүүхдээ гэртээ харж байгаа бол хоёр цаг тутам агаар сэлгэж, нойтон цэвэрлэгээ хийх нь үр дүнтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)