Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг эхлүүлж, цуврал нийтлэлээ хүргэсээр байгаа билээ. Энэ удаагийн дугаартаа эрэгтэй make-up артист Э.Эрхэсийг онцолж байна

 

ХҮНИЙГ ХУВИРГАЖ БУДАХ БҮРТЭЭ ШИНЭЛЭГ МЭДРЭМЖИЙГ АВДАГ

 

Нүүр будалт бол урлаг юм. Түүний ачаар энгийн нэгэн эмэгтэйг үлгэрийн дагина болгож эсрэгээрээ төгс эмэгтэйг аймшигтай нэгэн болгон хувиргаж болно. Тэгвэл нүүр будалтыг зөвхөн эмэгтэйчүүд хийдэг гэдэг хэвшмэл ойлголтыг өөрчилсөн энэ залууг Э.Эрхэс гэдэг. Түүнийг гоо сайхны хагалгааны эмч гэхэд хилсдэхгүй. Гэхдээ түүний ажлын багаж нь багс, нүүрний будаг юм. Тодруулбал, будаг, багс, өөрийн торгон мэдрэмжээрээ эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг тодотгон урладаг билээ. Тэгвэл Э.Эрхэсийн ертөнцөөр аялцгаая.

Түүний хувьд 2019 оноос мэргэжлийн нүүр будалт хийж эхэлжээ. Багынх нь  мөрөөдөл нь насан туршдаа хийх ажлаа сонгох гүүр нь болсон байна. Э.Эрхэс “Миний багын мөрөөдөл бүжигчин болох. Тиймээс бага насны мөрөөдлөө биелүүлж хөгжим бүжгийн консерваторыг бүжигчин мэргэжлээр 2018 онд 17 настай төгсөж байлаа. Аравдугаар ангид нүүр будалтын тайзны хичээл ордог. Энэ үеэс нүүр будалтыг сонирхох болсон. Тиймээс өөрийн чадварыг илүү сайжруулахын тулд 14 хоногийн сургалтад суусан. Ингэхдээ нүүр будалтын техник, ур чадварын талаар үндсэн ойлголт авч байлаа. Харин үүнээс хойш өөрийгөө бие даан хөгжүүлсэн. Тухайлбал, өдөр, шөнөгүй будалтын техникээ сайжруулж бэлддэг байсан. Унтаж байхдаа хүртэл зүүдэлдэг байлаа шүү дээ. Ер нь хүн дуртай зүйлээ олсон бол түүнийхээ төлөө илүү их хичээдэг юм билээ. Шантрах тохиолдол байсан ч будуулсан хүнийхээ талархлыг сонсоод энэ бодол маань алга болдог. Үүний ачаар хүлээн зөвшөөрөгдөж чадсан гэж боддог.  Мөн нүүр будалтаар хүний сул талыг нууж болдог. Харагдах байдал нь өөрчлөгдсөн хүн өөртөө итгэлтэй, аз жаргалтай болдог. Хүнийг хувиргах, будах бүртээ шинэлэг мэдрэмжийг авдаг” гэсэн юм.

Э.Эрхэс нь нүүр будалтыг зөвхөн эмэгтэйчүүд хийдэг гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж олонд танигдаж чадсан анхны эрэгтэй артист юм. Түүнд хүндрэл бэрхшээл, доромжлол их ирдэг байсан ч зорилгодоо үнэнч байж өөрийн үйлчлүүлэгчдээ олж авч чаджээ.

Энэ тухайгаа “Манай нийгэм эрэгтэй хүнийг барилгачин, засварчин, бөх байлгахыг хүсдэг. Харин эмэгтэй хүнийг гоо сайханч, тогооч байх ёстой гэдэг. Анх нэг өрөө түрээслээд 20-30 мянгаар нүүр буддаг байлаа. Энэ үед үйлчлүүлэгч орж ирэхгүй сар болох үе ч байсан. Гэхдээ энэ өдрүүдэд шантраагүй.  Харин ч эсрэгээрээ илүү сайн маркетинг хийх хэрэгтэй гэж бодсон. Тиймээс өөрийн цахим хаягтаа хиймэл үс зүүж, нүүрээ эмэгтэй хүн шиг будаж эхэлсэн. Ингэхдээ эрэгтэй хүн нүүр будаж чаддаг. Будалтаар эмэгтэй хүний  дүрд хувирах боломжтой гэдгийг харуулахыг зорьсон. Гэвч нийгэм тэгж хүлээж аваагүй. Бэлгийн чиг хандлага өөр, эрчүүдийг доромжиллоо гэх зэргээр ёс бус үгээр доромжлох нь их байсан. Гэхдээ нүүр будалт амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлөх болон үнэлэгдэх үнэлэмжийг яаж нэмэгдүүлдэг талаар заасан. Энэ нь хүмүүст таатай санагдаж намайг дагах хүмүүсийг нэмэгдүүлсэн. Мөн эрчүүд ч гэсэн нүүр будалт хийж чаддаг шүү дээ гэдэг итгэлийг төрүүлж өгсөн байх” гэв.

 

СҮҮЛИЙН ҮЕД НҮҮРЭЭ БУДУУЛАХ ЗАЛУУС НЭМЭГДЖЭЭ

 

Нүүр будалт нь дотроо гоёлын, загварын, тайзны, хуримын, өдөр тутмын гээд олон янз байдаг. Э.Эрхэсийн хувьд ихэвчлэн үдшийн, гоёлын будалт хийдэг ажээ. Мөн сүүлийн үед нүүрээ будуулах эрчүүд ч олширсон байна. Энэ тухайгаа “Хүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдэд өнгө оруулахыг хүссэн учраас энэ төрлийн будалт сонгох болсон. Тиймээс хуримын зураг авалт, гэр бүлийн уулзалт, хурим, анхны болзоо, ойн уулзалтын будалт хийдэг. Харин сүүлийн үед эрчүүд тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолын арга хэмжээгээ хүндэтгэн нүүр будалт хийлгэх болсон. Мэдээж эрэгтэй будалт нь эмэгтэй будалт шиг зузаан биш. Маш цэвэрхэн харагдахаар буддаг. Энэ нь тухайн үйл явдлаа хүндэтгэж байгаа үйлдэл юм” гэсэн юм.

 

ЭРЭГТЭЙ ХҮНИЙ НҮДЭЭР ХАРЖ БУДДАГ УЧРААС ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БОЛГОЖ ЧАДДАГ

 

Гадны улсад кино зураг авалт болон дүр хувиргалтыг ихэвчлэн эрэгтэй нүүр хувиргагчид хийдэг байна. Энэ нь эрчүүд эмэгтэйчүүд шиг мэдрэмжтэй гэдгийг харуулж буй юм. Энэ талаар Э.Эрхэсийн үйлчлүүлэгч Б.Дэлгэрмаа “Би олон хүнээр нүүрээ будуулж байсан. Эмэгтэйчүүд өөрт таалагддаг будалтаа хийдэг. Харин эрэгтэй хүн эмэгтэй хүнийг эр хүний нүдээр харж илүү үзэсгэлэнтэй болгож чаддаг. Мөн эсрэг хүйстэй хүнээр нүүрээ будуулах нь шинэ, сонин мэдрэмж төрүүлдэг” гэсэн юм.

Харин Э.Эрхэс энэ тухай “Нүүр будалт хийхдээ тухайн хүнд нь тохируулж буддаг. Ингэхдээ эмэгтэй хүнийг эр хүний нүдээр, дутагдалтай талыг нь харж чаддаг. Тиймээс будалт хийхдээ сул тал, өө сэвийг нь дарж буддаг. Эрэгтэй хүний нүдээр харж гоо зүйд нь хандаж байгаад эмэгтэй хүмүүс дуртай байдаг” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)