Базарбямбын НЯМСҮРЭН

Ази тивд эдийн засаг, цэргийн нөөц, дипломат болон соёлын нөлөөгөөр хэн дээгүүрт давхиж байна вэ гэсэн олон асуултад хариулт өгөхүйц нэгэн сонирхолтой тайланг “Lowy institute” судалгааны байгууллагаас гаргажээ.

Таван жилийн өмнөөс жил бүр танилцуулж байгаа энэхүү индекс өнгөрсөн жил Ковидын улмаас өнжсөн бөгөөд энэ жил тав дахь удаагийн дэлгэрэнгүй тайланг олон нийтэд танилцуулаад удаагүй байна.

Энэхүү тайланд манай улсаас гадна хоёр хөрш, Энэтхэг, Япон, Тайвань, Өмнөд Солонгос, Хойд Солонгос зэрэг Ази тивийн улс орнууд болон АНУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг 26 орны үзүүлэлтүүдийг харьцуулан гаргадаг байна. Товчхондоо эдгээр улс орнуудыг Ази тивд хэрхэн нөлөө үзүүлж байгааг тоогоор илэрхийлэн эрэмбэлдэгээрээ онцлогтой юм.

 

Манай улсын нийт үнэлгээ 0.7 оноогоор буурчээ

 

Монгол Улс 2023 онд батлан хамгаалахын сүлжээ хэмжүүрийн хувьд +0.9 оноогоор нэмэгдсэн нь хамгийн өндөр оноо өссөн үзүүлэлт болсон бол дипломат нөлөө хэсэгт хамгийн их буюу 4.5 оноогоор буурчээ. Мөн соёлын нөлөө хэсэгт 0.7 оноо нэмэгдсэн бол эдийн засгийн чадавх мөн ийм хэмжээгээр буурчээ. Цэргийн чадавхийн үзүүлэлт 1.2 оноогоор буурч, эдийн засгийн харилцаа, ирээдүйн нөөц боломж, уян хатан байдал зэрэг үзүүлэлтүүд хэвээр хадгалагджээ. Нэгтгэсэн дүнгээр манай улс таван оноотой буюу өнгөрсөн жилээс 0.7 оноогоор буурч 26 орноос 24 дүгээрт бичигджээ.

Найман шалгуур үзүүлэлтээр манай улсын оноо харьцангуй жигд боловч зарим үзүүлэлт дээр оноо буурсан байна. Тухайлбал, уян хатан байдал болон хамгаалалтын сүлжээ үзүүлэлтийг харахад хоёуланд нь 22 дугаар байрт оржээ. Харин соёлын нөлөөллийн хэмжүүрээр 26 орноос 24 дүгээрт жагсч байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд Азид үзүүлэх соёлын нөлөө харьцангуй бага байгаа нь харагдах бөгөөд батлан хамгаалах салбарт өнгөрсөн жилийн үзүүлэлтээс өссөн нь сайн үнэлгээ болж бичигджээ.

 

Ази дахь хүчний нөлөө хаашаа чиглэж байна вэ

 

Улс орнуудын эрэмбэлсэн мэдээллээс харахад хүчний гол өрсөлдөөн АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж байна.

2023 оны тайланд дурдсанаар “Үнэмлэхүй хүч” хэмээн тодорхойлсон дээрх хоёр улсын онооны харьцаа АНУ: 80.7, БНХАУ: 72.5 гэсэн онооны үзүүлэлттэй гарчээ.

АНУ-ын хувьд энэ жил БНХАУ-д алдаад байсан эдийн засгийн чадавхаар тэргүүлэгчийн байр сууриа эргүүлэн авсан бол БНХАУ дипломат нөлөө гэсэн үзүүлэлт дээр тэргүүлж буй юм.

Тиймээс ерөнхий дүнгээр АНУ зургаан үзүүлэлт дээр тэргүүлснээр эхний байрт бичигдэж байгаа бол БНХАУ хоёр үзүүлэлт дээр бусад улс орнуудыг тэргүүлж байна.

Нэгтгэсэн дүнгээс харахад хамгийн олон оноо алдсан гурван улсын тоонд тэргүүлэгч гурван улс байгаа нь анхаарал татаж байгаа юм. Жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгаа БНХАУ-ын хувьд 2.1 буюу хамгийн их оноо алдсан бол АНУ 1.5 оноо, ОХУ 1.4 оноогоор нэгдсэн үзүүлэлт буурчээ.

 

Улс орнуудын Ази тивд үзүүлж буй нөлөөллийн индексийг гаргахдаа нөөц болон нөлөөлөл гэсэн үндсэн хоёр хэмжүүрийн дагуу тус бүр дөрвөн салбарын үзүүлэлтээр хэмждэгийг доорх мэдээллээс харж болох юм.

 

НӨӨЦ:

Эдийн засгийн чадавх

Эдийн засгийн үндсэн боломж, ул орны худалдан авах чадвар, технологийн  боловсронгуй байдал, ДНБ зэргээр голлон хэмждэг.

 

Цэргийн чадвар

Уламжлалт цэргийн хүчин чадал, батлан хамгаалахын зардал, зэвсэгт хүчин ба зохион байгуулалт, зэвсэг болон платформ, Ази дахь цэргийн байр суурь зэргээр хэмжигддэг.

 

Уян хатан, тогтвортой байдал

Гадны аюул заналхийллийг таслан зогсоох чадвар; дотоод институцийн тогтвортой байдал, нөөц баялгийн аюулгүй байдал, гео-эдийн засгийн аюулгүй байдал зэргээр хэмжигддэг.

 

Ирээдүйн нөөц

2030 он хүртэлх эдийн засгийн таамаг, 2050 он хүртэлх хөдөлмөрийн насны хүн ам, хөдөлмөрийн ногдол ашгийн баримжаа зэргээр хэмжигддэг.

НӨЛӨӨЛӨЛ:

Эдийн засгийн харилцаа

Бүс нутгийн эдийн засгийн нөлөө, худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцаа, эдийн засгийн дипломат байдал зэргийг голлон авч үздэг.

 

Батлан хамгаалах сүлжээ

Бие даасан цэргийн чадавхи, Ази дахь батлан хамгаалахын түншлэл; холбоотнууд, бүс нутгийн батлан хамгаалах дипломат ажиллагаа, зэвсгийн шилжүүлгийн үнэлгээ зэрэг багтана.

 

Дипломат нөлөө

Гадаад харилцааны цар хүрээ, төлөв байдал, дипломат сүлжээ, олон талт институци, клубуудын оролцоо, ерөнхий гадаад бодлого, стратегийн амбиц зэргээр хэмжигддэг.

 

Соёлын нөлөө

Олон улсад үзүүлж буй нөлөө, соёлын төсөөлөл, мэдээллийн урсгал, хүмүүсийн солилцоо зэргийг гол үзүүлэлт болон үздэг. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)