Баатарын Нямсүрэн
Уран бүтээл бүхэн давтагдашгүй утга агуулгыг илтгэж, хүн бүрт харилцан адилгүй мэдрэмж төрүүлэх нь бий. “Зууны мэдээ” сонин “Дүрслэх урлаг” буландаа “Арту” урланг үүсгэн байгуулагч Г.Өлзийхишигийг онцолж байна. Түүний урлангаар зочиллоо.
Зуныг санагдуулам цэцэг навчтай урлан дулаан уур амьсгалтайгаар угтав. Сурагчид цагаан цаасан дээр өнгө өнгийн будгаар бүтээл туурвиад завгүй сууна.
Тархи амраах хөгжмийн намуухан ая эгшиглэх нь тайвшралыг мэдрүүлэх аж. Ийм л амгалан орчинд “Арту” урлангийн сурагчдын бүтээл мэндэлж байна. Сурагчид удахгүй үзэсгэлэнгээ гаргахаар хөдөлмөрлөж буй нь энэ.
Тэд нэг гэр бүл шиг ижилдэн дассан нь хоорондын харилцаа, харцнаас нь мэдрэгдэж байв. Багш нар хүн бүртэй тулж ажиллаж харагдана. Багш Г.Өлзийхишиг зураач мэргэжилтэй ба уран бүтээлээ туурвиад 10 жилийг үджээ. Харин “Арту” урлангаа гурван жилийн өмнө нээсэн байна. Түүний шавь болохоор бүх насныхан зорьж ирдэг гэнэ. Одоогоор 20 гаруй шавьтай.
Г.Өлзийхишиг өнгөрсөн нэг сард бие даасан анхны “Арту” үзэсгэлэнгээ гаргасан. Үүнд 13 бүтээл багтжээ. Тэрбээр үзэсгэлэнгээсээ арвин их туршлага, ихийг бүтээх сэдэл авчээ. Шавь нартаа урам зориг өгч, авьяасыг нь өнгөлж, зорилгыг нь биелүүлэхэд туслахыг хичээдэг гэдгээ хэлж байлаа.
Урлантай танилцаж явахад хананд өлгөсөн зургууд сонирхол татаж байлаа. Энэ талаар Г.Өлзийхишигийн өөрийнх нь бүтээлүүд байсан юм. Бусад уран бүтээлчийн бүтээлтэй харьцуулахад олон өнгийн шийдэлтэй байв. Энэ тухай “Өнгөнд баригдах дургүй, өөрийн дуртай өнгөөрөө л бүтээлээ туурвихыг хичээдэг” гэсэн юм.
Урлаг аялсан нь
Урлаг аялсан нь бүтээл хийсвэр сэтгэлгээгээр бүтжээ. Тод өнгөөр урлах нь түүний бүтээлийн чимэг. Өөрийн төсөөллөөрөө эл бүтээлээ урласан ба түүний хамгийн том хэмжээтэй бүтээл гэдгээрээ онцлог аж. Бүтээл бүхэн уран бүтээлчээс харилцан адилгүй хөдөлмөр шаарддаг. Харин тус бүтээлийг багагүй хугацаанд гаргажээ.
Гэгээ
"Гэгээ" нь Г.Өлзийхишигийн хайртай бүтээлүүдийн нэг. Хүн оршин буй ертөнцтэйгөө холбоотой байж, сайн сайхныг мэдэрдэг болохыг харуулжээ. Хүнээс гэрэл цацардаг гэсэн сэтгэлгээгээр зохиомж гарсан ажээ. Цээжин хэсэгт нь хүүхдийн гарын хээ оруулсан байна. Энэ нь түүний таван настай хүүгийнхээ гарын хээг оруулж хамтарсан бүтээл болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 195 (7180)