Баатарын НЯМСҮРЭН
Намрын шаргал нар ээсэн дулаахан өдөр урлагийн олон авьяастныг төрүүлсэн СУИС хэмээх их айлын хаалгыг татлаа. Хоёр давхрын шатаар өгсөхөд төгөлдөр хуурын хөг аялгуутай, дуурийн хоолой хоршиж сонстох нь содон атлаа догдлом мэдрэмж төрүүлнэ. Цааш алхаж 215 тоот танхимд ороход Ц.Ерөө багш төгөлдөр хуураа тоглож дуулаачийн хичээлээ зааж байлаа. Тэрбээр гавьяат жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор, Дуурийн дуулаачийн багш ба энэ цагийн эгэлгүй дуучдыг бэлтгэж гаргасан гавьяатай. Түүнийг “Амьдралын тойрог” буландаа урилаа. Дуурийн олон бүтээлийг нийтэд хүргэж, дуулим хорвоог дуугаар уяраах дуучдыг төрүүлсэн нандин түүхийг сийрүүлэн бичсэнээ хүргэж байна.
Москвад сурсан ирээдүйн дуурийн дуучин
Ц.Ерөө багш 80 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хүмүүн заяаг олж мэндэлжээ. Ерөө холын хөвөөнд төрсөн түүнд аав нь Ерөө хэмээх алдар хайрласан айлын том охин. Тэрбээр ааваасаа үлгэр дууриалал авч урлагийн замналыг сонгож байжээ. Түүний аав урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Д.Цэрэнпил юм. Ц.Ерөө “Аав минь амьдралынхаа багагүй хугацаанд үлээвэр хөгжим тоглосон. Мөн 100 гаруй марш, үлээвэр хөгжмийн зохиол бичсэн байдаг. Аавынхаа бүтээлийг сонсоход бахархах мэдрэмж төрдөг юм. Туурвисан уран бүтээл мөнх гэдгийг мэдрэх нь бий” хэмээн дурсав. Харин ээж нь төмөр замын V цэцэрлэгийн эрхлэгчийн алба хашиж байжээ.
Ц.Ерөө нь 1952 онд сургуулийн босго алхсан. Сурагч болсон үеэсээ лимбэ тоглодог байсан гэнэ. Түүний сурдаг байсан I арван жилийн сургуулийн үлээвэр хөгжмийн хамтлаг 1959 онд Монголын залуучуудын анхны фестивальд түрүүлж байжээ. “Долдугаар анги хүртлээ I арван жилд сурч төгсөөд Ж.Цэцгээ, Ц.Эрдэнэчимэг, Ч.Жамсранжав нартай Москва руу явж төгөлдөр хуурын ангид суралцахаар явсан. Тэнд 7-8 настайгаас нь төгөлдөр хуурын хичээл заадаг юм билээ. Бид хэд 15 настай байсан болохоор хуруу эвлээгүй. Гэвч биднийг нутаг буцаалгүй найрал дууны удирдаачийн ангид оруулсан. Орос хэл мэдэхгүй очиж байлаа” хэмээн сургуульд сурсан дурсамжаасаа дэлгэв. Ингээд 1963 онд ээж аав, элгэн садан, эх орондоо иржээ. Айлын эрх хүүхэд байсан болохоор таньдаг хүмүүс нь түүнийг сургуулиа төгсөхгүй эргээд ирнэ гэж ярьдаг байж. Харин тэрбээр зорилго мөрөөдлийнхөө төлөө үл шантран эрдэм сураад ирсэн бахархам бүсгүй.
Дуурийн дуучин, багшийн ажлаа зэрэг амжуулжээ
Сургуулиа төгсөж ирсэн залуухан бүсгүй Хөгжим бүжгийн коллежид туслах багшаар ажиллаж эхэлжээ. Энэ үед түүнтэй М.Найдалмаа, Ж.Цэцгээ нар хамт ажилладаг байж. Үүнийхээ хажуугаар М.Найдалмаатай хамт орос дуу дуулж тоглолтод оролцоно. Гэтэл нэг өдөр түүний хамтрагч М.Найдалмаа “Чи дуурийн театрт шалгуул. Театрт тавигдах Лусын дагина дуурийн Вангийн хатны дүрд дуулах дуучин авна” гэжээ. Ингээд дуурийн театрыг зорьж олон мундаг хүмүүсийн өмнө шалгаруулалтад оролцжээ. Ингээд Вангийн хатны дүрд дуулахаар сонгогдож, дуурийн театрын хоёр дахь уран бүтээлд ажилласан байна. Түүнийг театрт анх орж ирэхэд Ц.Пүрэвдорж, А.Загдсүрэн, П.Цэвэлсүрэн, О.Лувсандамдин, Д.Банди, Г.Хайдав нарын туршлагатай хүмүүс угтаж байжээ. Энэ тухайгаа “Тухайн үед театрын сайн уран бүтээлчидтэй хамт нэг тайзан дээр гарч явсандаа талархдаг. Их зөвлөгөө өгч, ажилласан дүрээсээ их туршлага хуримтлуулсан. Дуурийг хүмүүс их сонирхож үздэг байсан” гэв. Тэрбээр Монгол болон гадаад дуурьт олон удаа дуулсан. Тухайн үед яамнаас дуурь тавигдах тушаал гарч бэлтгэлээ хийж дуулдаг байжээ. Жилд нэг дуурь шинээр бүтээдэг тийм л он цагт ажилласан урлагийн "акул"-уудын нэг. Түүний бүтээсэн дүрийг нь сонсоход дүрээ сайн гаргадаг, чадалтай хоолтой гэдгийг үеийнх нь уран бүтээлчид хэлдэг юм билээ. Ц.Ерөө зарим дуурьт 2-3 дүрд дуулдаг байв. 1981 онд ЗХУ-ын найруулагч дуурийн театрт ирж Евгений Ониген дуурийг орос хэлээр тавьж байжээ. Түүнээс хойш манай улсын дуурийн театр гадны дуурийг эх хэлээр толилуулах болсон ажээ. Тэрбээр дуурийн тайзнаа 30 гаруй жил ажилласан. Тухайн үеийн уран бүтээлчид түүнийг “Түргэн тусламж” хэмээх нэрийддэг байж. Учир нь ямар ч үед ажлаасаа хойш суудаггүй, эзэмшсэн мэргэжил эрхэлсэн ажил, урлагтаа хайртай, хичээл зүтгэлтэй байсан учраас ийн нэрлэсэн гэнэ.
Ээжийнхээ авьяасыг өвлөсөн хүү, охин
Ажил амьдралаа зэрэг авч явах нь эмэгтэй хүний үүрэг.Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж. Хоёр хүүхэд нь урлагийн мэргэжилтэй, өөрөөр хэлбэл ээжийнхээ авьяасыг өвлөсөн. Дуурийн театрын Н.Дашбямба түүний хүү юм. Тэрбээр бага байхдаа дуулдаг, урлагт дуртай байсан гэнэ. Бага байхад нь ээж нь түүнийг дуурийн театр руу дагуулж явдаг байсан урлагийн хүн болоход нь нөлөөлжээ. Ц.Ерөө “Хүүтэйгээ утсаар ярихдаа хаана байна гэж асуухаар хариуд нь төрсөн театртаа байна” гэж хариулдаг шүү гэж хүүгийнхээ тухай ярив. Түүний бага охин Е.Отгонсүрэн СУИС-д концесмистрээр ажилладаг байна. Харин хоёр том хүү нь холбооны инженер бол нөгөө Герман улсад шаазан ваар урлаачаар мэргэжил эзэмшжээ.
1964 оны сүүлчээр дуурийн театрын хажууд анхны дуулаачийн студи байгуулагджээ. Энэ үед Ц.Ерөөд Г.Хайдав багш тус студид суралцах санал тавьснаар хоёрдугаар курсээс нь эхэлж суралцжээ. Энэ хичээл нь дуурийн театрын гурван давхарт хичээллэдэг байсан гэнэ. Олон алдартай хүмүүсээр хичээл заалгана. Ингээд 1968 онд 12 оюутан бэлтгэгдэж гарч, бүгд мэргэжлээрээ ажилласан. Тэрбээр театртаа ажиллаж дуурийн уран бүтээлээ хослуулсаар. 1981 онд Больгарт хоёр жил мэргэжил дээшлүүлжээ. Хөгжмийн зохиолч Г.Бирваа түүний аавынх нь найз. Ирээд удаагүй байхад нь Г.Бирваа гуай дуудаж уулзаад Баянбулагийнхан дууг дуулах санал тавьжээ.Ингэж л ард олны дунд хүндлэгдсэн тус бүтээл мэндэлсэн байна. Түүнээс хойш “Баянбулагийн Ерөө” хэмээн нэрлэх болов.
СУИС-д 32 дахь жилдээ багшилж байна
СУИС-д багшилж эхэлсэн нь 1991 оноос эхлэлтэй. Хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуай түүнийг дуудаж туслах багшаараа ажиллах санал тавьжээ. Долоо хоногийн хоёр өдөр ирж хоолойны дасгал уншуулах даалгавар өгсөн аж. Тухайн үед Ц.Пүрэвдорж гуай хичээл заахад нь хажууд нь ажиглаж завсарласны дараа зөвлөгөө өгдөг байсан нь Ц.Ерөөд ихэд туршлага болжээ. Ингээд багшилж явсаар 1992 онд тушаал нь гарч жинхлэгдэж ажилласан байна. Ц.Ерөө багшынхаа хэлснээр хичээлийн арга барилдаа анхаардаг. Одоо ч хичээлээ орсоор байгаа СУИС-ийн хоёр давхрын танхимтай 32 жил тэртээгээс нөхөрлөжээ. Тэрбээр “Би Пүрэвдорж багштай энэ танхимд ээлжилж оюутнууддаа хичээл заадаг байсан үе сайхан байжээ. Энэ эрхэм хүнийг хүндлээд хөрөгийг ангидаа байрлуулсан” гэлээ. Одоо Ц.Ерөө багш СУИС-д багшилж байна. Түүний туслах багшаар Д.Эрдэнэчимэг ажилладаг байна. Мөн Хөгжим бүжгийн коллежид цагийн багш хийж байгаа аж.
Мэддэг бүхнээ өвлүүлдэг ачтан
Түүнд олон шавь бий. Тухайлбал, дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг мандуулсан, гадаад улсын театрт ажиллаж байгаа, монгол түмэндээ уран бүтээлээрээ хүндлэгдсэн дуурийн дуучин Э.Амартүвшин, Ч.Бадрал, Бат-Эрдэнэ гээд олон шавь бий. Түүний шавь Ардын жүжигчин Э.Амартүвшин нь дэлхийн шилдэг баритон дуучин билээ. Багшийн заасан эрдмээр өөрийгөө гоёсон сонгодог урлагийн од гэдэгтэй хэн ч маргахгүй хүлээн зөвшөөрнө. Тэрбээр “Шавь нараа сайн явааг нь харах багш хүний жаргал. Үүнээс илүү жаргал гэж үгүй. Одоогийн шавь нараа ч гэсэн сайн уран бүтээлчид болоосой гэж боддог. Би дуурийн театрт олон жил ажилласан туршлага, сурч мэдсэн мэдлэгээ тэдэндээ өвлүүлэхийг хичээдэг. Тиймээс шавь нараа дуурийн дуучин болгож төгсгөнө. Сайн дуучин болоход авьяасаас гадна хичээл зүтгэл чухал. Багш шавь хоёул хичээж байж амжилт олно. Идэвхтэй байгаа хүүхдэд хичээл заах урамтай. Манайд дуурийн театр нэг байдаг учраас шавь нар ганцаарчилсан уран бүтээл хийхээс гадна нийтийн дуунд орж байгаа” гэлээ. Түүний шавь нар одоогоос арван жилийн өмнө 70 насны ойгоор нь Баянбулагийнхан дууг нь клипжүүлж хүргэсэн байдаг. Харин энэ жил 80 насны ойгоор тоглолт хийе гэхэд нь зөвшөөрөөгүй тухайгаа хэлж байлаа.
Шавь нарынхаа хайртай багш Ц.Ерөө
Дуурийн эрэгтэй дуучин өндөр байх хэрэгтэй аж. Тухайлбал нэг дуурьт гоцлолоо гэхэд хамт дуулж буй эмэгтэйгээсээ өндөр байх нь тохиромжтой хэмээн шавь нартаа тавьдаг шалгуураасаа хуваалцав. Түүний эмэгтэй шавь нараас дууриараа уран бүтээл гаргаж, олон улсын тайзнаа дуулдаг эсэх талаар тухай лавлаж асуухад “Эмэгтэй хүн ээж болох тавилантай. Ээж болсны дараа уран бүтээлээ хослуулна гэдэг амаргүй. Тэгээд л дэлхийн тайзан дээр дуулахгүй, амьдралаа бодож байна" гэв.
Урлагийн бүсгүйчүүд ханиа зөв сонгох хэрэгтэй. Үүнийг би шавь нартаа захидаг” гэсэн юм. Зарим багш нар зөвхөн хичээлээ заадаг бол Ц.Ерөө багш өөр. Тэрбээр хамгийн түрүүнд дуулж сурах хэрэгтэй, зөв төлөвшилтэй байх ёстой гэдгийг шавь нартаа хэлж ойлгуулах ховорхон сэтгэл түүнд бий. Үр хүүхэд шигээ бодож хайрладаг нь ярианаас нь анзаарагдсан юм. Шавь нартаа байгаа бүхнээ зориулдаг, тийм л гэгээн цайлган сэтгэлтэй. Гавьяа шагналыг илүүд үздэггүй, зөвхөн урдах ажлаа сэтгэлээсээ хийдэг ийм л энгийн багш юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 195 (7180)