Т.САЙХАН

Солонгосын "Daewoo Bus" компанид үйлдвэрлэсэн ногоон автобустай холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгөв. 

Нийслэлийн худалдан авсан автобуснуудыг нууцад хамруулсан гэх асуудлын хүрээнд НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам дараах тайлбарыг хийлээ. 

Тэрбээр "Өнгөрсөн онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх А/1,600 тоот захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Мэдээллийн зөрүүгээс үүдэн энэ захирамж болон бусад холбогдох үйл ажиллагааг ямар нэгэн нууцад хамааруулсан асуудал байхгүй. Худалдан авах ажиллагаа нь олон автобусны насжилтаар хасагдаж байгаа. Техникийн бүрэн бус байдал үүсэж, зам тээврийн осол гарах, өвлийн улиралд -40 хэмийн хүйтэнд 40 минутаас дээш хугацаанд иргэд автобусны буудал дээр хүлээх зэрэг нь иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчин нөхцөлд амьдрах эрхийг ноцтой зөрчихөд хүргээд байгаа учраас ТЕГ-аас Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 3.4-т хамааруулах боломжтой, ингэх нь зүйтэй гэх зөвлөмжийг ирүүлсэн.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах үйл ажиллагаа хийгдсэн. Харин нууцад хамааруулсан зүйл байхгүй" хэмээн НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам тайлбарлалаа. 

Эх  сурвалж:www.polit.mn