Т.САЙХАН

Дэлхийн допингийн эсрэг агентлаг болох WАDA-гаас манай улсад дөрвөн сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн.  Хэрэв биелүүлж чадахгүй бол Монгол Улсын олимпын наадамд цагаан туган дор жагсаж оролцож эрсдэл үүсээд буй.  Тэгвэл үүнийг гол бурууг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага болох МОНАДА мэтээр ярьж тайлбарлах  болжээ.  Тэгвэл WADA-гаас ирсэн шаардлага нь МОНАДА-д биш Монгол Улсын Засгийн газарт ирсэн гэдгийг тус байгууллагын Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.  Тэрбээр "МОНАДА-д тулгараад байгаа бэрхшээл, асуудалтай танилцахаар WADA-гийн тусгай ажлын хэсэг 2023 оны наймдугаар сарын 15-16-нд хоёр өдөр ирж ажилласан. Эхний өдөр МОНАДА-гийн үйл ажиллагаатай холбоотой бүх зүйлийг шалган үзэж, МОНАДА-г 2007-2023 он хүртэл НҮБ-ын Конвенц, ДДЭКоде, Олон улсын стандарт, WADA-гийн зөвлөмж, үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хэрэгжүүлэн ажилласныг баталгаажуулсан. МОНАДА нь 2023 онд хэрэгжүүлэх ДХХийн шинжилгээтэй холбоотой ажлуудыг төлөвлөгөөний дагуу явуулахад БТСУХ-ноос төлөгдөх ёстой Улсын шигшээ багийн тамирчдын 2021, 2022 оны шинжилгээний төлбөрөөс болж, Итгэмжлэгдсэн лаборатори нь ДХХ-ийн Шинжилгээ хүлээн авахаас татгалзсан учраас гацсан байгааг олж тогтоосон. WADA-гийн Ажлын хэсэг хоёр дахь өдрөө БТСУХ-той уулзалт хийхдээ тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийн асуудлыг хэлэлцсэн. Товчхондоо бол, WADA-гийн ажлыг хэсэг ирж ажилласны дараа БТСУХ-ноос 2023 оны наймдугаар сарын 24-ний өдөр 2021, 2022 оны Допингийн шинжилгээний төлбөр төлөгдсөнөөр МОНАДА төлөвлөгөөт ажлаа хийж эхлэх боломж нээгдсэн. Тиймээс наймдугаар сарын 24-нөөс, дээрх зургаан шаардлагыг шат дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. МОНАДА-гийн хийж байгаа ажил олон улсдаа бүртгэгдэн баталагаажиж, жилийн эцэст үр дүн нь Монгол Улсын НҮБын конвенцийн хэрэгжилтийн нэг хэсэг болдог" гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn