Баатарын НЯМСҮРЭН

 

Булган аймгийн Тэшиг сумын уугуул гутал урлаач Д.Мөнхжаргалыг онцолж байна. Тэрбээр хонины шийрээр гутал оёж эхлээд 19 жил болж байгаа юм.

 

-Аливааг хийж сурсан байхад цааш хөгжүүлээд явах боломжтой.  Та хэзээнээс гутал урлаж эхэлсэн бэ? 

-Авьяас удам дамждаг ч байж мэднэ. Манай ах эгч нар үйлэнд уран хүмүүс бий. Би ч тэдэнтэйгээ адилхан оёж хатгах сонирхолтой байсан. Ингээд 2004 онд  сургалтад хамрагдаад гутал оёж сурсан түүхтэй. Тэр цагаас хойш тасралтгүй урласаар өдийг хүрлээ. Гутлаа малын арьс ашиглаж  хийдэг. Дулааны улиралд   хонь үхрийн шийр хэсгийн арьсыг шат дамжлагаар боловсруулна. Боловсруулсан арьсаараа гутал урладаг.

-Та анх хэнд зориулж гутал урлаж байв? 

-Анх сургалтад сууж байх үедээ  хүүдээ гутал оёж өгсөн. Дараа нь  өөртөө зориулж оёлоо. Тэр гутлаараа 10 гаруй жилийн өвлийг давсан. Тэр үеэс хүмүүс мэддэг болж, захиалга өгч эхэлсэн.  Үстэй гутланд хадгалалт их чухал. Дулааны улиралд чийг авхуулахгүй, хорхой шавжид идүүлэхгүйгээр хадгалах хэрэгтэй. Зөв хадгалж чадвал эдэлгээ уртасч, олон жил өмсөнө.

-Та хонины шилбэний арьс ашиглаж гутал оёдог гэсэн.  Энэ нь ямар давуу талтай вэ?

-Би гутлынхаа бүх хэсгийг гар аргаар оёдог. Шийрний арьсаар гутал оёхын давуу тал нь дулаахнаас гадна эдэлгээ урттай байдаг. Миний хувьд хонины арьсаа өнгөнд оруулдаггүй онцлогтой. Мал бүр өөр зүстэй байдаг учраас өнгийг нь уусгана. Энэ нь үзэмжинд ч нөлөөтэй. Мөн хүйтэнд өмсөхөд дулаахан байхаас гадна чийг татдаггүй. Энэ нь эсгийгээр доторлодогтой холбоотой.

-Арьс нэхий ашиглаж хийсэн гутал олон янз бий. Тэдгээрээс таны оёсон гутал юугаараа ялгаатай вэ?

-Гутал үйлдвэрлэхэд оёдол, хийц чухал. Арьс нэхийгээр урласан  үйлдвэрийн гутлын зарим  хэсгийг нь машинаар оёдог юм билээ. Харин би бүх хэсгийг нь гараар оёж байгаа. Энэ эдэлгээ удаан даадаг. Мөн арьсыг үйлдвэрийн аргаар болон гараар боловсруулах хоёр хоорондоо асар ялгаатай. Гараар элдсэн арьс цаанаасаа л өөр шүү дээ. Эдэлгээгээ бодвол эрэгтэй гутланд адууны шийр хэсгийн арьс тохиромжтой. Учир нь хонины арьснаас илүү чанартай байдаг юм. Нэг адууны дөрвөн годоор гутал хийж хүрнэ. Харин хонины шийрний арьс эрэгтэй хүний нэг гутланд долоо ширхэг ордог. Харин эрэгтэй гутланд 16 хонины год шаардлагатай.

-Ер нь нэг гутлыг хийхэд хэр хугацаа зарцуулдаг бол?

-Нэг гутал хийхэд багагүй ажиллагаатай.  Гутал оёсон хугацаагаа нарийн тооцож үзээгүй. Хөдөөний их ажлын хажуугаар оёдог болохоор тэр л дээ. Яг гутлаа дагнаж оёоод өөр зүйл хийдэггүй бол харьцангуй хурдан хугацаанд дуусгах байх.

-Өөрийн хөдөлмөрөө хэдээр үнэлж байна. Захиалагч хэр олонтой болсон бэ?

-Ер нь өвлийн улиралд хүмүүсээс захилга авч оёх нь бий. Гэхдээ нутгийн хүмүүс захиалах нь ховор. Надаас ихэвчлэн хот, аймгаас хүмүүс холбогдож захиалга өгдөг. Захиалагчид өөрсдөө гутлын түрүүний хэмжээг шийднэ. Харин би хэвийг нь гаргаж оёод хүлээлгэж өгдөг. Өнгөрсөн өвөл гутлаа 350 мянган төгрөгөөр худалдаалсан. Харин энэ жил материал түүхий эдийн үнэ өмнөхөөсөө нэмэгдсэн болохоор үнэ нь өсөх хандалагатай байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 194 (7179)